| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0182/э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 183
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Дд холбогдох 1930003810220 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг Баянгийн энгэр гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ЛБ80061718, М.Д.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч М.Д нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газарт өөрийн эхнэр Э.Быг зодож, эрүүл мэндэд нь “ 2 нүдний цус харвалт, зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би адуунд явж байгаад найзындаа буугаад тэндээ архи уусан юм. Найзынх руугаа явах гэтэл эхнэр явуулахгүй байхаар нь эхнэрээ зодчихсон. Урьд ь эхнэрээ зодож байгаагүй. Эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би хүний мал маллаад сарын 300.000 төгрөгийн цалин авдаг. Хувьдаа 50 гаруй тооны малтай. 500.000 төгрөгөөр торгох ялыг төлөхийг зөвшөөрч байгаа, торгуулийг энэ оны 11 дүгээр сараас төлөх боломжтой.Эхнэрээсээ уучлалт гуйж, эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
- Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 31-ны өглөө нөхөр Дтэй хамт адууны эрэлд явсан юм. Тэгээд 10 цагийн үед Бор шувуу гэх газар нутаглах Дгийн найз Бгынд очиход Б нь Дг морь айрагдуулсан гээд 3 литр орчим монгол архи гаргаж тэр хоёр хувааж уусан. Тэндээс хөдлөөд Сэрээтэр гэх айлаас архи ууна гээд намайг болон Б бид хоёрыг сундалаад очиход Сэрээтэр архи байхгүй гэсэн. Тэгээд Мөчин / жинхэнэ нэрийн мэдэхгүй / гэх айлд очсон юм. Уг айлд ороод би “ маргааш хүүхэд сургуульд орно ажил ихтэй архи нэмээд дэмий байх гэр рүүгээ харъя “ гэхэд “ архинд явуулсангүй, эрх чөлөө хаалаа” гээд миний нүүр рүү өшиглөж, үсдээд цохисон. Тэгтэл Мөчин гэх хүн салгасан. Ингээд Бг дундаа сундлаад гэрт нь буулгаж өгчихөөд эмээгийнд очсон. Эмээ цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7хуудас /
- Гэрч Ц.Цы мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 08 дугаар сарны 31-ны өдөр 16 цагийн үед манай зээ охин Э.Б гаднаас уйлсаар орж ирсэн. Араас нь нөхөр нь гуйвчсаар “ эмээ хүүгээ уучил г” эсээр орж ирсэн тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Толгой нь өвдөж байна гэсэн учир өвчин намдаагч өгсөн. Хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас /,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 458 дугаартай дүгнэлтэнд: Э.Бы биед 2 нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна “ /хх-ийн 17 хуудас /,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын их эмч Г.Агийн тодорхойлолт /хх-ийн 16 хуудас /
- Шүүгдэгч М.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 27 хуудас/
- Шүүгдэгч М.Дгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас /
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн засаг даргын 2019.09.26-ны өдрийн 205 тодорхойлолт /хх-ийн 31 хуудас /
- Шүүгдэгч М.Дгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын тэмдэглэл /хх-ийн 32-34 хуудас /
- Хохирогч Э.Бы Цагдаагийн байгууллагад гаргасан “ Баяндэлгэр сумын 2 дугаар багийн иргэн Баярсайхан би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нөхөртөө зодуулж цагдаагийн байгууллагад хандсан. Би Дтэй сайн дураараа эвлэрч маргаангүй болсон тул уг асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлт /хх-ийн 37хуудас /,
- Хохирогч Э.Бд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 35/
- Яллагдагч М.Дд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 36/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай санал /хх- 41/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.Д нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Д гэх газарт өөрийн эхнэр Э.Быг зодож, эрүүл мэндэд нь “ хоёр нүдний цус харвалт, зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Б, гэрч Ц.Ц нарын мэдүүлгүүд, Баяндэлгэр сумын хүний их эмч Г.Агийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч М.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Быг “ архинд явуулсангүй, эрх чөлөө хааж хязгаарлалаа “ гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөж, цохиж, үсдэж зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Ц.Цы “ 2019 оны 08 дугаар сарны 31-ны өдөр 16 цагийн үед манай зээ охин Э.Б гаднаас уйлсаар орж ирсэн. Араас нь нөхөр нь гуйвчсаар эмээ хүүгээ уучил гэсээр орж ирсэн тул цагдаагийн байгууллагад хандсан.Толгой нь өвдөж байна гэсэн учир өвчин намдаагч өгсөн. Хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан” гэх,
хохирогч Э.Бы “...Уг айлд ороод маргааш хүүхэд сургуульд орно ажил ихтэй архи нэмээд дэмий байх гэр рүүгээ харъя гэхэд архинд явуулсангүй, эрх чөлөө хаалаа гээд миний нүүр рүү өшиглөж, үсдээд цохисон. Тэгтэл Мөчин гэх хүн салгасан. Улмаар Бг дундаа сундлаад гэрт нь буулгаж өгчихөөд эмээгийнд очсон эмээ цагдаа дуудсан..” гэх мэдүүлгүүд,
Баяндэлгэр сумын их эмч Г.Агийн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “ 2 нүд хавдаж, хөхөрсөн эмзэглэлтэй” гэх тодорхойлолт,
шинжээчийн 458 дугаартай “ Э.Бы биед 2 нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.
М.Д нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж, цохиж зодсоноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр Э.Бы нүүр рүү нь өшиглөж, үсдэж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Дгийн, хохирогч Э.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
М.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдья.
Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
М.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч М.Дгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “ гомдолгүй, нэхэмжилсэн зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд М.Дд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой 500.000 төгрөгөөр торгох ял тохирсон байгаа. Шүүгдэгч М.Д нь эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хүний мал хөлсөөр хариулж сард авдаг 300.000 төгрөгийн цалингаараа ам бүлээ тэжээдэг. Иймд шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү “ гэх хүсэлтийг хангаж, шүүгдэгчид оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаа тогтоож, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч М.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Дд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан М.Дд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Ялтан М.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
2019 оны 07 сарын 30 2019/ШЦТ/ Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид хост ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.
Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн. Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.
Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх 7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр, гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан. Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр 1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс хөөж гаргадаг байсан. Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан. Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй, Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний хувьд Чинбаярын бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Идэрмаа нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр хөндүүлсэн хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Ялтан О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР