Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 4-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Оймон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 70-28 тоотод оршин суух, Алаг адуу овогт Цэнд-Аюушийн Азжаргал /РД:ИТ81040501/-д холбогдох             

87,910,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Оймон” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Нийслэлийн Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 70-р байр 28 тоотод оршин суух иргэн Ц.Азжаргалаас барилгын материал худалдаж авсан бөгөөд төлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Санрайс орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгаас тодорхой хэмжээ, тоо бүхий орон сууцаар хийхээр тохирсон. Ингээд хариуцагчаас 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 сар хүртэл хугацаанд 314,218,770 төгрөгийн барилгын материал авсан бөгөөд 2014 оны 11 сарын 29-ний өдөр Санрайс орон сууцны барилгын 6 дугаар блокын 37 тоотод байрлах 95,86 мкв 4 өрөө орон сууц, мөн 6 дугаар блокын 13 тоотод байрлах 95,86 мкв 4 өрөө орон сууцыг мкв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 383,440,000 төгрөгийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 52, 53 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт 2015 оны 2 дугаар улиралд багтаан бидний зүгээс Ц.Азжаргалд орон сууцыг ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ хугацаанд нь биелүүлж 2015 оны 05 сарын 18, 2015 оны 06 сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гаргуулан өгсөн. Улмаар 2015 оны 6 сарын 24-ний өдөр хариуцагчтай тооцооны үлдэгдлээ нийлсэн бөгөөд нийт 69,221,230 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг манай компанид төлөхөөр болсон. Хариуцагч Ц.Азжаргал тухайн өдөр бидэнд төлбөрөө төлөх хугацаа тогтоосон баталгаа гаргаж өгсөн бөгөөд энэхүү баталгаанд 2015 оны 9 сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 69,221,230 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, хэрэв үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувийн алданги төлөх талаар гарын үсгээ зурж өөрийн биеэр бидэнд гаргаж өгсөн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.23 дахь хэсэгт “захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 14 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөх үүргийг” хүлээсэн. Гэрээний дээрх заалтаар төлбөр төлөх хугацааг захиалагч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэж өөрөө баталгаа гарган тогтоож, бид хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх хугацаанд Ц.Азжаргал манай компанид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байна. Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 270 хоногоор хэтрүүлээд байгаад бөгөөд хоног тутам ногдуулах алданги 69,221 төгрөг, нийт 18,689,670 төгрөгийн алданги тооцогдоод байна. Иймд хариуцагч Ц.Азжаргалаас өнгөрсөн хугацаанд манай компанид нийлүүлсэн барилгын материалд төлбөрт тооцож өгсөн байрны үнийн зөрүү 69,221,230 төгрөг, үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаанд тооцсон алданги 18,689,670 төгрөг, нийт 87,910,900 төгрөг гаргуулж өгнө үү.     

            Хариуцагч Ц.Азжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Азжаргал миний бие тус компанид 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 414,008,700 төгрөгийг барилгын материал худалдсан. Бид нийлүүлэгдсэн барааны тооцоо нийлэх талаарх шаардлагыг цаг тухайн үед нь “Оймон” ХХК-ийн захиарл Х.Батсайханд удаа дараа тавьж байсан боловч ямар нэгэн шалтаг хэлэн тооцоо нийлдэггүй байсан. Бид нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс орон сууцны барилгын 06 дугаар блокын 37 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууц, мөн 6  дугаар блокын 13 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууцыг м.кв-ын үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 383,440,000 төгрөгийн орон сууцны үнийг “Оймон” ХХК-д худалдсан 414,008,700 төгрөгийн барилгын материал үнийн дүнгээс тооцож үлдэгдлийг тус компаниас нэхэмжлэх эрхтэй байх юм гэж ойлгоод баталгаанд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч “Оймон” ХХК-ийн нэхэмжилсэн байрны үнийн зөрүү 69,221,230 төгрөг, үлдэгдэл төлбөр болох үүргээ биелүүлээгүй хугацаанд тооцсон алданги 18,689,670 төгрөг, нийт 87,910,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Оймон” ХХК нь хариуцагч Ц.Азжаргалд холбогдуулан  орон сууцны үлдэгдэл төлбөрт 69,221,230 төгрөг, алдангид 18,689,670 төгрөг, нийт 87,910,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хариуцагч Ц.Азжаргалд шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “... хариуцагч Ц.Азжаргалтай 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 52 болон 53 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу орон сууцны үнэ болох 383,440,000 төгрөгийг хариуцагч Ц.Азжаргал нь барилгын материалыг манай компанид өгөх байдлаар төлж дуусгахаар харилцан тохиролцсоны дагуу Ц.Азжаргалаас манай компани нийт 314,218,770 төгрөгийн барилгын материал авсан. Иймд Ц.Азжаргал орон сууцны үлдэгдэл төлбөр болох 69,221,230 төгрөгийг алданги 18,689,670 төгрөгийн хамт, нийт 89,910,900 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж...” гэж нэхэмжлэлээ үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...тус компанид нийт 414,008,700 төгрөгийн барилгын материал нийлүүлсэн тул  байрны үнийг бүрэн төлсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцны үнэ болох 383,440,000 төгрөгийн 100 хувь бартераар буюу барилгын материал нийлүүлэх байдлаар төлөх, нэхэмжлэгч нь  уг орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулсан зураг төвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний шинж, гэрээний талуудын эрх, үүрэг  зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Талууд  гэрээний зүйл болох орон сууцны үнэ, хэмжээ, гэрээний хугацаан дээр маргахгүй байх ба Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Санрайс үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 6 дугаар блокын 4 давхарт 13 тоот 95,86 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг  2,000,000 төгрөгөөр тооцон нийт  191,720,000 төгрөгөөр, 37 тоот 95,86 талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг  2,000,000 төгрөгөөр тооцон 191,720,000 төгрөгөөр нийт 383,440,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцож, нэхэмжлэгч “Оймон” ХХК нь орон сууцыг “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Орон сууцны барилгыг боловсруулсан зураг төсвийн дагуу барьж, 2015 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгнө” гэсэн үүргийнхээ дагуу  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болон 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өдрүүдэд хариуцагч Ц.Азжаргалын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хариуцагч Ц.Азжаргал нь нэхэмжлэгч “Оймон” ХХК-д нийт 414,008,700 төгрөгний үнэ бүхий барилгын материалыг нийлүүлсэн, 52,53 тоот гэрээний дагуу төлөх орон сууцны үнэ болох 383,440,000 төгрөгийг барилгын материалын үнэ болох 414,008,700  төгрөгнөөс хасч тооцож, үлдэгдлийг тус компаниас нэхэмжлэх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч хэргийн 14 дэх талд авагдсан  “баталгаа гаргах нь” гэх баримтад “...орон сууцны нийт төлбөрөөс ...үлдэгдэл 69,221,230 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна, энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд гэрээний нөхцлийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөө баталж байна” гэж  хариуцагч Ц.Азжаргал гарын үсэг зурсан байх ба уг баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Азжаргал нь нэхэмжлэгч “Оймон” ХХК-д орон сууцны төлбөрт 383,440,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 69,221,230 төгрөгийг дутуу төлсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт болон хариуцагч Ц.Азжаргалаас “Оймон” ХХК-д хийж өгсөн “баталгаа гаргах нь” гэх баримтаар тогтоогдож байна /хх-ийн 12-14 тал/.

Нэхэмжлэгч “Оймон” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 52,53 дугаартай гэрээний 3.23-д захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 14 хоногоос дээш хугацаагаар  төлөөгүй тохиодолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө гэж, Ц.Азжаргалаас манай компанид гаргаж өгсөн “баталгаа гаргах нь” гэх баримтдаа орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна, энэ хугацаанд барагдуулаагүй тохиолдолд гэрээний нөхцлийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөө баталж байна” гэснийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний хойшхи хугацааны алдангид 18,689,670 төгрөгийг  нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль буюу гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний  3.23 дахь хэсэгт захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 14 хоногоос дээш хугацаагаар  төлөөгүй тохиодолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алданга төлнө гэж тохиролцсон байх боловч захиалагч тал болох Ц.Азжаргал нь гэрээний үүргээ хэзээ биелүүлж дуусах үүрэгтэй болон нэхэмжлэгчийн алданги нэхэмжлэх эрх хэдийнээс үүсээд байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй байх тул хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь “батлагаа гаргах нь” гэх баримтад дурдсан хугацааг үндэслэн алдангийг шаардаж  байх боловч уг баримтад дурдсан хугацааг гэрээгээр тохирсон хугацаа гэж үзэхгүй.

Иймд хариуцагч Ц.Азжаргалаас орон сууцны үлдэгдэлд төлбөрт 69,221,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгож, алдангид нэхэмжилсэн 18,689,670 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Азжаргалаас 69,221,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгож, үлдэх 18,689,670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Оймон ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Азжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 504,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА