Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 200

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх                                                                                                                      
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жид холбогдох эрүүгийн 1930000000235 дугаартай хэргийг 2019 оны  11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг С гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа, шагнал,  ял шийтгэлгүй,  Г.Ж.
        
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  Г.Ж нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Р гэх газраас 2019 оны 03 дугаар сард иргэн Д.Чын  1 тооны адууг хулгайлж  бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Г.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сард байх манай гэрээс баруун хойд зүгт  хар гүү хэвтэж байсан. Тэгэхээр нь би том ах Чгийн 58-27 УНП улсын дугаартай цагаан өнгийн Портер машиныг унаж очоод хийгээд Түмэнцогт суманд аваачиж өгсөн. Уг адуу ядраад хэвтсэн байсан. Уг машиннь манай том ах Чгийн машин.  Энхбаатар нь манай ээжийн эгчийн хүүхэд юм. Ч ах түүнээс худалдаж аваад нэр дээрээ шилжүүлээгүй байгаа.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг адуугаар нь төлсөн. Одоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй... гэв.

- Хохирогч Д.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 12 дугаар сард миний хар зүсмийн зөв гуяндаа дөш саран тамгатай хар соёолон насны гүү манай саахалт байсан  Есөнтөмөр гэх хүүхдийн хээр азаргатай адуунд ороод байсан юм. Есөнтөмөр 2019 оны 02 сард адуугаа аваад оторт явлаа, гүүгээ аваарай гэж хэлсэн. Би амжихгүй байж байгаад явуулсан. Дараа нь 2019 оны 03 сард би өөрийн дүү Болдоог Портертэй араас явуулаад гүүгээ авах гэхэд алга болсон гэж хэлсэн. Тэрнээс хойш гүүгээ сураад олохгүй байсан чинь Есөнтөмар надад “ таны хар гүүг Жамъян гэж хүн махлаад Түмэнцогтод хүнд өгсөн байна” гэж хэлсэн. Би  гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би хохирлоо нөхөн төлүүлсэн надад гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 14 хуудас/,

- Гэрч Б.Еийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр хар гүү манай адуунд байсан. Би Чинбат ахад 2019 оны 02 дугаар сард Зүрхийн хоолой руу адуугаа авч явахаас өмнө гүүгээ аваарай гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын дундуур адууны эрэлд явж ирээд байхад Чинбат ахын дүү Болдоо  гэдэг хүн хар гүүгээ авна гэж  ирсэн. Би гүүг нь барьж өгөх гэхэд байхгүй байсан. Би хар гүүг хайж өдөржин  давхиад олоогүй юм. Тэрнээс хойш намайг хар гүүг сураглаад яваад байхад Жамъянсүрэн надад 2019 оны 06 сард дөш тамгатай хээр азарганд чинь байсан хар гүүг би  маханд өгчихсөн шүү, хүнд битгий хэлээрэй гэж байсан...гэх мэдүүлэг / хх-15-16 хуудас/,

-    Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн
03/
- 5/42 дугаартай “ Эд хөрөнгө бүтүүмжилсэн тухай “ прокурорын тогтоол  /хх-ийн 05-06/

-    Эд хөрөнгө бүтүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/

- Хас үнэлгэээ ХХК-ны үнэлгээний тайлан: Хьюндай Портер загварын 58- 27 УНП улсын дугаартай, цагаан өнгийн, механик машин. Үйлдвэрлэсэн он 2012 он, Монгол Улсад орж ирсэн 2012 он.Эзэмшигч Г.Энхбаатар.Үнэ 2.000.000 төгрөг /хх-ийн 11-12/

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ: Бүдүүн хар гүү 1.000.000 төгрөг. /хх-ийн 32/

         - Сүхбаатар  аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8/973 дугаартай тодорхойлолт /хх-ийн 29/  

-Г.Жийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 30/

         - Г.Жийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/ зэрэг баримтууд болно.

    Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Р гэх газраас Портер загварын 58- 27 УНП улсын дугаартай машиныг ашиглан иргэн Д.Чын хар зүсмийн зөв гуяндаа дөш саран тамгатай хар соёолон насны гүүг хулгайлж  1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Жийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Ч, гэрч Б.Е нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын 2019.10.15-ны өдрийн үнэлгээ, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын 5/42 дугаартай тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 01834579 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, Хас үнэлгээ ХХК-ны Үнэлгээний тайлан
    
     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Жийг  мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
     
     3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Жид мэдэгдсүгэй.
    
    4. Шүүгдэгч Г.Жид шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.    

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.Жийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 58-27 УНП улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийн үнэд түүнээс 2.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

    6. Хэрэгт 58-27 УНП улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/42 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

    7. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН