| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0201/э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 204
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох 1930003590218 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн,1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх дүү нарын хамт Баруун-Урт сумын 4 дүгээр багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Г.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн хорооллын засмал зам дээр иргэн Т.Ныг зодож эрүүл мэндэд нь “ тархины хүнд зэргийн няцралт, дагзны хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, дух хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа тараад явж байсан чинь нэг машин мөргөх гээд эвгүй явахаар нь чулуу аваад шидчихсэн юм. Тэгээд жолооч нь бууж ирээд намайг бариад авахаар нь цохичихсон. Намайг унагаагаад цамцнаас татаад байхаар нь цамцаа тайлаад боосон,боож унагаад байж байсан чинь эхнэр нь бичлэг хийсэн. Найрамдалд хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 800,000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилнэ гэснийг төлж чадахгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Миний буруу гэв.
- Яллагдагч Г.Огийн: Би 2019 оны 08 дугаар сард Баруун-Урт сумын 7 дугаар багт баригдаж байгаа цагдаагийн албан хаагчдын орон сууцны барилга дээр туслах ажилчнаар ажиллаж байсан юм. Хэрэг явдал болдог өдөр барилгын ажил хийж байгаад орой 19 цагийн орчим ажлаа тараад Төмөртэй хороололд байдаг Өлзийтэй тойргийн орчим замаар гэр рүүгээ явж байтал нэг машин мөргөх гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь би газраас чулуу авч шидэж тэр машиныг оносон. Гэтэл тэр машины жолооч нь болох эрэгтэй хүн бууж ирээд намайг машиндаа суулгах гээд чирээд байхаар нь би гараараа толгой орчим хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож байгаад би газар унагаж дээр нь гарч хоолойг нь боосон. Тухайн үед уг машинд нь сууж байсан эгч гар утсаараа миний зургийг аваад байсан. Би Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх- /,
- Хохирогч Т.Нын: 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой М, Б нарыг аваад хөдөө гэр рүүгээ явах гээд Баруун-Урт сумын 4 дүгээр баг Өлзийтэй тойрог өнгөрөөд Төмөртэй хорооллын зүүн талын засмал замаар хойд зүг рүү явж байтал гэнэт миний унаж явсан 61-01 сүэ улсын дугаартай Субару Форестор маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэх шиг болохоор нь зогсоод буух гэтэл буухын амжилгүй миний хаалгыг нэг хүн нээгээд миний толгой руу цохих шиг болсон. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хоёр хоног болсон. Надтай цуг явж байсан Б, М хоёр надад сүүлд хэлэхдээ намайг машинаас татаж буулгаад баахан зодоод байсан гэж хэлсэн. Би өөрөө тэр талаар санахгүй байгаа юм. Одоо миний байдал сайжирч байгаач даралт ихсээд байгаа. Мөн гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Хоёр хоног ухаангүй байж байгаад сэрэхэд дух, шанаа орчим хэсгээр зулгарсан байсан. Мөн тархиндаа хүнд гэмтэл авсан. Намайг хэн гэж хүн зодсон талаар би санахгүй байгаа. Намайг тэр хүн зодож байхад Б эгч гар утсаараа зургийг нь авсан гэж байсан. Одоо байгаа талаар би мэдэхгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Уг төлбөр нь 350.000 төгрөг болсон. Хоёр удаа томографт тархи, толгойгоо харуулахад 180.000 төгрөг болсон. Мөн гадуур эмчилгээ хийлгэхэд эм тарианы мөнгө гарч байгаа. Эдгээр хохирлын баримтуудыг намайг зодсон хүнээс нэхэмжилж байна. ...Хохирлын 800.000 төгрөгийн баримт цуглуулсан байсан, үрэгдүүлчихсэн. Би Г.Огээс хохирлын мөнгө гэж нэхэмжлэхгүй. Г.Од зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой” гэх мэдүүлэг/хх- 10-12/,
- Гэрч Б.Бгийн: 2019 оны 08 дугаар сарын 15-ны орой 20 цаг 50 минутын үед би Т.Н, М нарын хамтаар Баруун-Урт сумын 8-р баг “Чигчийт” гэх хөдөө газар руу явах гээд Өлзийтэй тойрог өнгөрөөд засмал замаар хойшоо Т.Нын Форестор маркийн 61-01 сүэ улсын дугаартай автомашинтай явж байтал гэнэт машин тас гээд дуугарахаар нь юу болов гээд зогсоод жолооч хаалгаа нээгээд буутал нэг залуу шууд толгой руу нь цохихоор нь Т.Н гайхаад чи яаж байгаа юм бэ? Хүн зодоод байдаг нь гэж асуухад үргэлжлүүлээд толгой руу нь цохиод, хөлнөөс өргөж газар унагааж, чирээд машины араар орсон. Найрамдалыг босоод ирэхэд нь дахиж цохиж унагаагаад баруун хашааны тэнд аваачаад хашаа налуулж боогоод дээш нь харуулж унагаасан. Дахин боож доошоо харуулж унагаасан. Дээрээс нь дараад хэвтээд байсан. Би яаж ч хашхираад нэмэргүй байхаар нь гарт утас байсан болохоор нь айлгах гээд зургийг нь дарлаа шүү гэхэд цагдаагаа дуудахгүй юу, энийг чинь би алчихна шүү гээд ойртуулахгүй байсан....Найрамдалыг машинаас буухад нь тэр залуу баруун гараараа толгой руу нь 2 удаа цохисон. Машинаас буугаад араар нь тойроод балбаж зодсоор байгаад хашааны наана очсон. Тэр залуу Найрамдалын толгой руу 4-5 удаа зодсон. Энгэрээс нь заамдаж 2 удаа боож унагасан. Маш их хүчтэй залуу байсан. Найрамдад маш муухай хяхарч дуугараад байсан. Машины араар тойрох үед Найрамдалын толгойноос цус гарч байсан. Найрамдал тэр залууг огт цохиогүй... гэх мэдүүлэг/хх- 13/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх- 03-07/
- Хохирогч Т.Найрамдлаас гаргаж өгсөн Г.Огийн гэрэл зургууд хх- 08/
- Яаралтай тусламжийн хуудас/хх- 26/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 426 дугаартай: Т.Нын биед тархины хүнд зэргийн няцралт, дагзны хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эд дэх цусан хураа, дух хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх- 19-20/,
- Т.Нын өвчний түүх /хх-24-47/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/545 дугаартай тодорхойлолт /хх-56/
-Г.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 57/
-Г.Огийн Цэргийн батлахын хуулбар /хх- 59/
-Г.Огийн БГ 201319694 дугаартай суурь боловсролын гэрчилгээ/хх- 60/
-Г.Огийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 58/
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/440 дугаартай албан бичиг/ хх- 65/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.10.31/хх- 66-67/... зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.О нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны оройн 20.50 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн хорооллын засмал зам дээр иргэн Т.Ныг зодож эрүүл мэндэд нь “ тархины хүнд зэргийн няцралт, дагзны хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, дух хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Огийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Н, гэрч Б.Б нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Огийн гэрэл зургууд, Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 426 дугаартай дүгнэлт, Г.Огийн Өвчний түүх зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.О нь ямарч шалтаг шалтгаангүйгээр зам дээр явж байсан машин руу чулуу шидэж улмаар уг машиныг зогсох үед жолооч болох хохирогч Т.Ныг машинд нь болон машинаас нь чирч гаргаж зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “...Хэрэг явдал болдог өдөр барилгын ажил хийж байгаад орой 19 цагийн орчим ажлаа тараад Төмөртэй хороололд байдаг Өлзийтэй тойргийн орчим замаар гэр рүүгээ явж байтал нэг машин мөргөх гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь би газраас чулуу авч шидэж тэр машиныг оносон. Гэтэл тэр машины жолооч нь болох эрэгтэй хүн бууж ирээд намайг машиндаа суулгах гээд чирээд байхаар нь би гараараа толгой орчим хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож байгаад би газар унагаж дээр нь гарч хоолойг нь боосон. Тухайн үед уг машинд нь сууж байсан эгч гар утсаараа миний зургийг аваад байсан” гэх,
хохирогч Т.Нын “миний унаж явсан тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэх шиг болохоор нь зогсоод буух гэтэл буухын амжилгүй миний хаалгыг нэг хүн нээгээд миний толгой руу цохих шиг болсон. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хоёр хоног болсон. Надтай цуг явж байсан Б, М хоёр надад сүүлд хэлэхдээ намайг машинаас татаж буулгаад баахан зодоод байсан гэж хэлсэн. Хоёр хоног ухаангүй байж байгаад сэрэхэд дух, шанаа орчим хэсгээр зулгарсан байсан. Мөн тархиндаа хүнд гэмтэл авсан” гэх,
гэрч Б.Бгийн” Т.Нын машинтай явж байтал гэнэт машин тас гээд дуугарахаар нь юу болов гээд зогсоод жолооч хаалгаа нээгээд буутал нэг залуу шууд толгой руу нь үргэлжлүүлээд цохиод, хөлнөөс өргөж газар унагааж, чирээд машины араар орсон. Найрамдалыг босоод ирэхэд нь дахиж цохиж унагаагаад баруун хашааны тэнд аваачаад хашаа налуулж боогоод дээш нь харуулж унагаасан. Дахин боож доошоо харуулж унагаасан. Дээрээс нь дараад хэвтээд байсан. Би яаж ч хашхираад нэмэргүй байхаар нь гарт утас байсан болохоор нь айлгах гээд зургийг нь дарлаа шүү гэхэд цагдаагаа дуудахгүй юу, энийг чинь би алчихна шүү гээд ойртуулахгүй байсан. Маш их хүчтэй залуу байсан. Найрамдал тэр залууг огт цохиогүй “ гэх мэдүүлэг /хх- 13/,
шинжээчийн 426 дугаартай “ Т.Нын биед тархины хүнд зэргийн няцралт, дагзны хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эд дэх цусан хураа, дух хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөж, цохисноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Т.Ныг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Г.Огийн, хохирогч Т.Ныг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний болон бусад зардал 800.000 төгрөг болсон гэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Г.Ог энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эмчилгээний зардал гарсан, мөн бүрэн эдгэрээгүй байгаа зэргийг үндэслэн өөрт учирсан тухайн гэмтлийн улмаас хойшид гарах эмчилгээний буюу хохирол, хор уршгийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Г.Огийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шалтаг шалтгаангүйгээр гэмт хэргийг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн эмчилгээний болон бусад зардал гарсан байхад уг хохирлыг нөхөн төлөх талаар ямарч арга хэмжээ аваагүй зэрэг түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Хохирогч Найрамдал 800,000 төгрөгний хохирол нэхэмжлэх тухайгаа шүүх хуралдааны зар мэдэгдэхэд хэлсэн байдаг. Гэвч 800,000 төгрөгийн нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү “ гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.3-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш,дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна ” гэж тус тус зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Огийн үйлдсэн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч өөрт учирсан хохирлын талаар “ энэ гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсний төлбөр 350.000 төгрөг, Хоёр удаа томографикт тархи, толгойгоо харуулахад 180.000 төгрөг, гадуур эмчилгээ хийлгэхэд эм тарианы мөнгө гарсан “ гэж хэрэгт мэдүүлсэн байхад шүүгдэгч нь баримт гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар тодорхой зардал болох буюу эмнэлгийн болон томографикийн төлбөр зэргийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө огт илэрхийлээгүй хийгээд “ Үүнийг төлж чадахгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй ” гэж маргаж байна.
Хуулийн дээрх зохицуулалтын үндэслэл нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бүрэн барагдуулсан, хохирлын талаар маргаангүй болсон тохиолдолд хамааралтай ба баримт гаргаагүй гэх шалтгаанаар хохирол төлөөгүй нь хохирол нөхөн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зүүн хээр овгийн Гэрэлийн Одхүүг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ог 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Од оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Г.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Н нь өөрт учирсан хүнд хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН