Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 5450

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2 дугаар байрны 8 тоотод оршин суух Жадик овогт Хаманы Жамилаш /УУ41101405/-ийн  хүсэлттэй,

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Жамилаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Жамилаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нагац ах А.Яахов нь улс төрийн хэрэгт 1938 оны 12 сарын 01-ний өдөр баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1939 оны 3 сарын 04-ний өдөр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Миний бие нагац ахынхаа нөхөн олговрын мөнгийг авах хүсэлтэй байгаа бөгөөд өөр төрөл садангийн хүн байхгүй тул садан төрлийн холбоог тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.Жамилаш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Жамилаш би 1938 оны 12 сарын 01-ний өдөр баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1939 оны 3 сарын 04-ний өдөр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн А.Яаховын төрсөн ганц охин болох Капасаас төрсөн бөгөөд түүний ганц охин юм. Миний аав Нүкей гэж хүн байсан. Аав маань 1939 онд хэлмэгдэж шийтгүүлж байсан. Миний иргэний үнэмлэх нь дээр байгаа Хаман гэдэг нь миний төрсөн эцэг биш юм.  Иймд А.Яаховыг миний нагац өвөө болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ             нь:

            Нэхэмжлэгч Х.Жамилаш нь А.Яахов /А.Яахав/-тай садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А.Яахов нь миний нагац ах мөн болохыг тогтоолгохыг хүссэн бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х.Жамилаш би А.Яаховын төрсөн ганц охин болох Капасаас төрсөн бөгөөд түүний ганц охин юм. Миний аав Нүкей гэж хүн байсан. Аав маань 1939 онд хэлмэгдэж шийтгүүлж байсан. Миний иргэний үнэмлэх нь дээр байгаа Хаман гэдэг нь миний төрсөн эцэг биш юм” гэж тайлбарлаж байна.

            Амавай овогтой Яахов нь 1897 онд Шинжаанд төрсөн, Монгол Улсад 1932 оны 12 дугаар сарын 20-д Монгол Алтайн Сагсай хэмээх газраар зөвшөөрөлгүйгээр орж ирсэн. Ам бүл-3, эхнэр болон хүү Тогт нарын хамт Завхан аймгийн Алдархаан сумын Бороо хэмээх газарт газар тариалангийн ажил хийж байгаад улс төрийн хэрэгт 1938 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Тус хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 191 дугаартай  магадлалаар цагаатгасан  болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын газрын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/711 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хэрэг эрхэлсэн коллегийн 1990 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 191 дугаартай магадлал, 13814 дугаартай цагаатгалын үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

            Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын газраас авсан лавлагаагаар Говь-Алтай аймгийн Дарви, Завхан аймгийн Алдархаан сум, Завхан аймгийн Дарви сумын 1933,1944 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Амавай овогтой Яахав, Яахав овогтой Капас нар нарт холбогдох баримт байхгүй байна.

Хүсэлт гаргагч Х.Жамилаш нь өөрийн төрсөн эцгийг Дөнтэйн Нүкэй гэж тайлбарлаж байх боловч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газраас хүсэлт гаргагч Х.Жамилашийн төрсний бүртгэлийн лавлагааг шүүж үзэхэд эцэг Дөнтай овогтой Хаман, эх Ахаш овогтой Шонхорбай гэжээ.

Д.Нүкей нь Завхан аймгийн Дарви сумын харъяат, ам бүл 12, эцэг Дөнтэй, эх Нургачай, дүү нарын хамтаар амьдарч байгаад 23 настайдаа буюу 1939 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 2 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн.

            Иймд хүсэлт гаргагч Х.Жамилаш нь А.Яаховын охин болох Капасаас төрсөн, А.Яаховтой садан төрлийн холбоотой болох нь тогтоогдохгүй байх тул А.Яаховтай садан төрлийн холбоотой болохоо тогтоолгохыг хүссэн Х.Жамилашийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Жамилаш нь амьжиргааны баталгаажих түвшин доогуур тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар  тогтоогдсон буюу хуульд заасан үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлнө гэжээ.

Х.Жамилаш нь төлбөрийн чадваргүй болох нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт болон нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул тус нэхэмжлэлд төлөх 70,200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийлдэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт зааснаар А.Яаховтай садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай Х.Жамлашийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                            Х.ЭНХЗАЯА