Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 198

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан, Т.Хүдэр
Хохирогч Ж.Б  
Шүүгдэгч А.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн 1930002230166 дугаартай  хэргийг  2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993  оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, А.О.

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.О нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр  Харгилтай гэх газарт нутаглах Ж.Бийн  эзэмшлийн 72 тооны бог мал буюу олон тооны малыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хулгайлж  3 405 000 хохирол учруулсан гэмт  хэрэгт  холбогджээ.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хонь хургатай хонь, сувай хонь гээд хоёр хэсэг байсан. Би тухайн өдөр хургатай хонио айлын хоньтой нийлүүлчихээд ялгахаа явчихсан байсан. Харин сувай хонио Заяа ах өөрөө хараад үлдсэн. Намайг хургатай хонио ялгаад гэртээ ирэхэд тэдгээр хонь сувай хонинд нийлчихсэн байсан. Хэзээ, яаж нийлсэнийг би мэдэхгүй. Орой нь хурга, ишгээ тавих гээд хонио хашихдаа тэдгээр хонийг ялгаад тусад нь хашсан. Хашихад 38 тооны хонь байсан.Тэгээд улаан Мөнхөө гэдэг хүнд “хонь нийлсэн байна. Танай хонь мөн бол ирээд хонио ав” гэж хэлэхэд манай малчин байхгүй байна. Би хонио танихгүй. Маргааш болъя гэж хэлсэн. Гэтэл оройхон нь “ахад нь мөнгөний хэрэг байна. Энэ хониноос наймыг нь энд үлдээгээд, үлдсэнийг нь С.Жынд аваачиж тавъя ” гэж Заяа ах хэлсэн. Би тэнсэнтэй байгаа,тэгж чадахгүй гэж хэлэхэд Заяа ах “ах нь арыг нь даана. Чи С.Жынд хүргээд өг” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ орооод С.Жтай утсаар ярьсан. Харин юу гэж ярьсаныг нь би мэдэхгүй байна. С.Ж удалгүй хүрээд ирсэн. Тэгээд С.Жтай цуг тэдгээр хонийг хөөгөөд оройны 22 цагийн үед очсон. Очиход Заяа ах С.Жынд оччихсон байсан. Заяа ах тухайн хонийг хөөгөөд С.Жынд хүргээд өгвөл надад мөнгө өгнө гэж хэлэхээр нь би Заяа ахад “ надад мөнгөний хэрэг байна. Та надад 300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Гэтэл Заяа ах “ чи С.Жт хэлээд зүүнтээ мал авч байгаа хүнд таван эр ямааг өгөөд мөнгийг нь ав” гэж хэлсэн. Тиймээс би таван эр ямааг нь зараад мөнгийг нь авсан. С.Жынд 30 тооны хонь, ямаа хөөж аваачсан. Тэнд зургаан эр ямаа, нэг эм хонь, бусад нь төлөг, борлон байсан. 4 хургатай хонийг нь манайхаас малчин нь ирж авсан.
С.Ж надтай цуг хонь хөөсөн байж, цуг хөөгөөгүй гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Би энэ талаар өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар болон мөрдөн байцаагчид хэлсэн боловч, тоогоогүй. Цагдаа 72 тооны хонь алдагдсан, 41 мал дутаж байна, чи үүнийг төл, 30 малыг нь чи авсан юм чи авсан байж таараа, төлчих юм бол чамайг гайгүй гаргаад өгье гэж хэлсэн учраас би төлсөн. Жанчивын 11 малын хувьд цагдаа Жанчивыг төл, үлдсэн малыг нь О төлнө гэж хэлсэн байсан. Цагдаа нь ирээд намайг дутуу малыг нь төл, төлөхгүй бол чам дээр дахин юм нэмж чадна шүү гэж хэлсэн.
Би тухайн үед Заяа ахын талаар хэлээгүй. Намайг хэргээс салгана гэж мөрдөн байцаагч хэлсэн учраас би үгэнд нь итгээд аваагүй хонийг нь өөрийнхөө хониноос төлсөн. Жанчив хамт тэр малуудыг хөөлцсөн, суман дээр бид хоёроос байцаалт аваагүй, сар гаран болсон.Энд ирсэн хойно Жанчивыг салгаад явуулчихсан, тэгээд би үлдсэн малыг нь төлье гэсэн чинь чи төлөхгүй гээд яах юм бэ? хэрвээ төлчих юм бол хэргийг чинь шийдээд хойш нь урагшаа явуулахгүй, чи тэнсэнтэй юм байна  гэж хэлсэн. цагдаагаас салгаад өгье гээд Манлайбаяр байцаагч, цагдаагийн дарга хоёр Жанчив бид хоёроос нэг нэг хонь авсан.
Хохирогч үлдсэн хонио им, зүсээр нь авсан гэж худлаа хэлсэн байна лээ. Би өөрийнхөө хониноос үлдсэн хонийг нь төлсөн. 38 хонин дээрээ холбогдуулж Заяа, Жанчив нарыг шалгуулах хүсэлттэй байна...гэв.
 
- Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  72 тооны мал алдсан, 4 сарын 27-нд малчиндаа малаа хүлээлгэж өгчихөөд хот руу эмчилгээнд явсан байсан. Мал алга боллоо гэхээр нь буцаж ирсэн. Хэд хоног малаа хайгаад олоогүй, тэгсэн Сүхтогоо гэдэг хүнээс Зотолын ард, Хустайн голд мал авч байна гэж дуулаад тэнд очиход эр ямаанууд маань байсан. Хэн өгсөн болохыг мэдээгүй. Тэгсэн О өөрөө орой нь ирээд за уучлаарай дүү нь төлж өгье гэж хэлсэн. Зүүнтээнээс эр ямаануудыг авч ирж өгсөн, наана Жанчивынх дээр төлөг борлон байсан, үлдэгдэл 41 мал дутсан байсан чинь дүү нь төлж барагдуулна гээд машинтай, морьтой хөөж ирж өгсөн. Тэгээд алдсан гэх 71 тооны малаа хүлээж авсан. 41 тооны мал цох дутсан байсан. О гүйцээж өгье гээд 41 тооны мал авч ирсэн, хурга, ишиг орсон байсан. Ирсэн малыг нь хүлээж аваад гомдол саналгүй гэж хэлсэн... гэв.

- Хохирогч Ж.Бийн мөрдөн байдалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Харгилтай гэх газар нутгалдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай малнаас 52 хонь, 20 ямаа нийт 72 тооны бог мал дутсан юм. Үүнийг нас хүйсээр нь ангилвал эм хонь 7, хурга 8, төлөг 37, эр ямаа 6, борлог буюу шүдлэн ямаа 11, эм ямаа 3 тус тус дутсан. Ингээд би эрж хайсан чинь Дундхорол гэх хүний хонин дундаас манай 5 тооны эр ямаа зүсээрээ байсан.Ямар учиртай талаар асуухад С.Ж, А.О нар зарж борлуулсан талаар хэлсэн.Манай мал бүгд зүүн чих догол, баруун чих урдаасаа ганзага имтэй.Жанчив, О нар нь миний алдсан 72 тооны бог малыг зүсээр нь авчирч өгч хохиролгүй болгосон.Оынх манай гэрээс зүүн зүгт 3 км орчим газарт саахалт айлууд бөгөөд нэг худаг, голоос ус уудаг.А.О нь манай малын зүс, им зэргийг мэднэ.Хэрэв тасарсан байвал авчирч өгөх боломжтой хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,

- Гэрч Ц.Дын мөрдөн байцаалтад өгсөн: Би Улаанбаатар хотоос ирээд Эрдэнэцагаан сумаас хувьдаа хэдэн мал авах санаатай Хулстайн голд байдаг Сүхтогоо гэдэг айлд мал цуглуулах санаатай хэд хонож  байна. Ар хөөвөр гэдэг газар нутаглаж байгаа С.Ж гэдэг залуутай 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 5 тооны эр ямаа авахаар ярилцаж тохироод бэлэн мөнгийг нь өгөөд ямаагаа авсан. Одоо тэр мал нь Сүхтогоо ахын малд байгаа. 2 хар, 3 улаан зүстэй, зүүн чих догол, баруун чих урдаасаа ганзага имтэй эр ямаа байсан. Анх С.Ж гэдэг залуу өөрийн биеэр ирээд надтай үнэ хөлсөө ярьж тохироод 5 ямаа гэрийн гадаа бэлэн байгаа малаа үзэж хараад авахаар болвол манай эхнэрт мөнгийг нь өгөөрэй гээд явсан. Тэр өдөр би С.Ж гэдэг айлд малаа авахаар очиход гэрт нь эхнэр Х.Отгонтуяа ганцаараа байсан миний авах малыг малын хашаанд тусад нь хийгээд орхисон байсан болохоор малаа үзээд эхнэрт нь 5 ямааны мөнгө 600.000 төгрөг тоолж үлдээгээд ирсэн. Би А.О гэдэг хүнээс мал аваагүй.Харгилтайн голоос  өөр мал өгсөн хүн байхгүй.Хамгийн сүүлд С.Ж гэдэг залуу хэдэн ямаа өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 07/,
 
 - Гэрч Г.Аын  мөрдөн байцаалтад өгсөн: А.О 2017 оны 09 дүгээр сарын сүүлээс эхлэн манайд малчнаар ажиллах болсон юм. 1 сард авах цалин бол 250 000 төгрөг бөгөөд хоол хүнсийг миний зүгээс даахаар тохирсон. Манайд ажиллах хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мал дутааж байгаагүй. Харин 2019 оны 05 дугаар сард би Улаанбаатар хотоор явж байгаад ирсэн чинь энэ асуудал гарсан байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
 
 - Гэрч С.Жын  мөрдөн байцаалтад өгсөн: А.О нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цэнхэр өнгөтэй супер Венни маркын мотоцикл жолоодчихсон хонь ямаа нийлсэн 30 гаран тооны бог мал хөөсөөр ирсэн. Манай гэрт ирээд хуучилж байгаад “ Эрдэнэбаяртай муудсан, би өөрийн хэдэн малаа ялгаад хөөгөөд ирлээ, Онгон сум руу хөөхөөр хол байна, танай руу туугаад ирлээ “ гэсэн.О нь манайд 2-3 хонож байтал манай гэрийн ойролцоо мал авч яваа гээд хүн явж байсан чинь О нь “ хэдэн ямаа зармаар байна, банкны зээл нэхэгдээд байна, би энэ хүнийг танихгүй, намайг зараад өгчих “ гэхээр нь мал авч байсан Дунхорол гэх хүнтэй уулзаад би өөрийнхөө малнаас зарж байгаа юм шиг ярилцаж Оын гэх тууж ирсэн ямаанаас 5 эр ямааг зарсан. Нэг эр ямааг 120.000 төгрөгөнд тооцож нийт 600,000 төгрөгөнд өгч уг мөнгийг От өгсөн чинь “манай хэдэн хонийг харж байгаарай, би банкны зээлийнхээ асуудлыг зохицуулаад ирье” гээд явсан. Ингээд би адуунд явж байгаад гэртээ ирсэн чинь Эрдэнэцагаан сумын цагдаа нар ирчихсэн Оыг хулгай хийсэн, чи хамт хулгай хийсэн гээд байсан. Миний хувьд болсон асуудлын талаар хэлсэн чинь Оыг аваад явсан.Оыг хулгай хийсэн талаар огт мэдэхгүй юм. 20 тооны төлөг, 7 тооны эр ямаа, 5 тооны эм хонь байсан. Яг тоог мэдэхгүй байна.Үүнээс 5 эр ямааг надаар заруулсан.Манай нутаглаж буй гэрээс баруун хойд зүгт 12-13 орчим км-т Харгилтай гэх газар Эрдэнэбаярын гэх айлд байдаг байсан юм. Харин Оын байгаа айлаас Ж.Бийн гэх айл нь баруун зүгт 3 орчим км-т нутгалдаг гэсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Мал, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ.2019.05.09. /хх-ийн 25/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын  2019 оны 06 дугаар сарын20-ны өдрийн “ шүүгдэгч А.Оын ам бүл, оршин суугаа хаягийн “ тодорхойлолт /хх-ийн 27/

-    А.Оын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 26/

- Шүүгдэгч А.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 31/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоол/хх- 32-38/,

-    Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол /хх- 42/

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.08.07. /хх- 58/зэрэг баримт болно.

Прокуророос шүүгдэгч А.Оыг бусдын 72 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж  3 405 000 хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч А.Оыг, хохирогч Ж.Бийн 72 тооны бог малыг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн баримтаар нотлогдоогүй хийгээд энэ нь хэрэгт авагдсан шүүгдэгч А.Оын “ 38 тооны мал манай хонинд нийлсэн. 4 хургатай хонийг нь манайхаас малчин нь ирж авсан. Манай хонин дундаас Баттөрийн өөр хонь гарч ирээгүй.Жанчивынд очсон хониноос 5 эр ямаа байсан, үлдсэн нь 25 хонь байсан. 11 хонь Жанчив нэмж өгсөн. Цагдаа 41 мал дутаж байна, чи үүнийг төл, 30 малыг нь чи авсан юм чинь авсан байж таараа, төлчих юм бол чамайг гайгүй гаргаад өгье гэж хэлсэн учраас би төлсөн. Цагдаа Жанчивыг 11 хонь өг, үлдсэн малыг нь О өг гэсэн. Би тэнсэнтэй байсан учраас айгаад төлсөн “ гэх,
хохирогч Ж.Бийн “ Би 72 тооны мал алдсан. Сүхтогоо гэдэг хүнээс Зотолын ард, Хустайн голд мал авч байна гэж дуулаад тэнд очиход эр ямаанууд маань байсан. Тэгсэн О өөрөө орой нь ирээд за уучлаарай дүү нь төлж өгье гэж хэлсэн. Үлдэгдэл 41 мал цох дутсан байсан. О гүйцээж өгье гээд 41 тооны мал авч ирсэн, хурга, ишиг орсон байсан. Малчны маань морь явахаа больчихоод орой болоод хонио эргэж чадаагүй юм байна лээ. Урд хотноос 4 хургатай хонь авсан, алдсан малын тоонд ороогүй мал. Отнонбаяраас 31 малыг авсан, 6 эр ямаа, үлдсэн нь төлөг, борлон байсан. Жанчив 5 борлон, 6 сувиа хонь өгсөн. Дутсан 41 малыг хувааж төлсөн байх “ гэх,
гэрч  С.Жын “ А.О 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цэнхэр өнгөтэй супер Венни маркын мотоцикл жолоодчихсон хонь ямаа нийлсэн 30 гаран тооны бог мал хөөсөөр ирсэн. Оын гэх тууж ирсэн ямаанаас 5 эр ямааг зарсан. 20 тооны төлөг, 7 тооны эр ямаа, 5 тооны эм хонь байсан ”  гэх зэргээр үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

Тодруулбал, шүүгдэгч  А.Оыг, хохирогч Ж.Бийн 72 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг мөрдөн байцаалтаар бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй ба зөвхөн хохирогчийн “ 72 хонь алдсан “ гэх мэдүүлэг, шүүгдэгч А.О, гэрч С.Ж нарын үлдэгдэл 42 хонийг өөрийн малаар төлсөн үйл баримтаар А.Оыг бусдын 72 тооны бог малыг хулгайлсан үзсэн нь үндэслэлгүй, учир дутагдалтай байх ба А.Оын малд нийлээгүй бусад бог малыг тэрээр хэрхэн хулгайлсныг хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

Мөн хохирогч Ж.Бийн “ Малчны маань морь явахаа больчихоод орой болоод хонио эргэж чадаагүй юм байна лээ. Урд хотноос 4 хургатай хонь авсан, алдсан малын тоонд ороогүй мал “ гэх мэдүүлгийг үндэслэвэл, түүний хонь нь хариулагагүй орхисноос ижил сүргээсээ тасарч, алдагдсан байх боломжтой байх бөгөөд шүүгдэгч А.Оын хохирогчийн 42 хонийг хулгайлсан гэх үйлдэл,  гэм бурууд ч үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөр байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ”, 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгээр шүүгдэгч А.Оын, хохирогч Ж.Бийн 42 хонийг хулгайлсан гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй, уг үйлдэлд шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “  Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ“ гэж заасны дагуу шүүгдэгч А.От холбогдох уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн үйл баримт, хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээ, хязгаарын хүрээнд тогтоох бөгөөд шүүгдэгч А.Оын мал тууж очсоныг гэрчлэх ганц гэрч С.Ж “ хонь ямаа нийлсэн 30 гаран тооны бог мал хөөсөөр ирсэн.20 тооны төлөг, 7 тооны эр ямаа, 5 тооны эм хонь байсан. Яг тоог мэдэхгүй байна “ гэж түүний хулгайлсан бог малын тооны талаар  эргэлзээтэйгээр мэдүүлж байгаа тул хохирогч Ж.Бийн “ Би  72 тооны мал алдсан. Үлдэгдэл 41 мал цох дутсан байсан. Оаас 31 малыг авсан, 6 эр ямаа, үлдсэн нь төлөг, борлон байсан. Жанчив 5 борлон, 6 сувиа хонь өгсөн ” гэх, шүүгдэгч А.Оын “ Жанчивынд очсон хониноос 5 эр ямаа байсан, үлдсэн нь 25 хонь байсан. Жанчив 11 хонь нэмж өгсөн “ гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.Оын, гэрч С.Жынд тууж очсон 20 төлөг, 5 эр ямаа, 5 эм хониор хохирлийг тогтоох нь хэргийн бодит байдалтай нийцэх байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжих бөгөөд энэ үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүй, бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг бөгөөд А.Оын хувьд бусдын хонийг өөртөө авах зорилгоор 30 хонийг ялгаж авснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн, хулгайлах үйлдэл төгссөний дараа улмаар хулгайлсан малыг хэргийн газраас зайлуулахаар өөр газарт буюу С.Жынд мотоциклиор хөөж аваачсаныг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд тээврийн хэрэгслээр малыг ижил сүргээс нь таслах, нутаг бэлчээрээс нь хөөж туух зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулах ба шүүгдэгч А.Оын хувьд гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 
Шүүгдэгч  А.О нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр  “ Харгилтай ” гэх газарт өөрийн хонинд нийлсэн иргэн Ж.Бийн эзэмшлийн 38 бог малаас 5 эм хонь, 20 төлөг,  5 эр ямаа, нийт 30 тооны бог малыг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч А.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Б, гэрч  Ц.Д, Г.А, С.Ж нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч А.О нь 3 км зайтай нутаглах саахалт айл Ж.Бийн хонин сүргээс тасарч өөрийн хонинд нийлсэн 38 бог малаас 5 эм хонь, 20 төлөг,  5 эр ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөр газарт хөөн аваачин, 5 эр ямааг зарж борлуулсан үйл баримт нь хэрэгт хангалттай нотлогджээ.

    А.О нь гэмт хэргийг шунахай сэдэлтаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Тэрээр бусдын эд зүйлийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хонинд нийлсэн малыг хүсэж авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч А.Оын хохирогч Ж.Бийн 30 тооны бог малыг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирогч  Ж.Бд учирсан 30 /5 эм хонь, 20 төлөг, 5 эр ямаа/ бог малын буюу 1.800.000 төгрөгийн хохирлыг биет байдлаар, тоо ёсоор эргүүлэн өгч хохирлыг барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Мал, эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Ж.Бийн эм хонийг 80.000 төгрөг, хургыг 20.000 төгрөг, төлөгийг 40.000 төгрөг, эр ямааг 120.000 төгрөгөөр тус тус үнэлжээ /хх-24/.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханы “ Хэрэг дотор шалгагдаагүй хүн байгаа талаар дурдагдсан. Үйлчлүүлэгч маань энэ хэргийг ганцаараа үйлдээгүй болохоо, тэнсэнтэй байсан тул айсандаа болоод хүний хэлсэн малыг нь төлчихсөн юм аа гэж надад ярьж хэлсэн, өнөөдрийн шүүх хурал дээр энэ талаар өөрөө ярьж байна. Жанчив гэдэг хүн хамт хулгай хийсэн, малаасаа хуваалцаж төлсөн, Жанчивын оролцоо байгаа, цагдаагаас ганцхан намайг шалгасан, 30 хэдэн тооны малыг авсан, үлдсэн 40 хэдэн тооны малыг аваагүй, 72 тооны малыг авсан гэж айсандаа хэлсэн, тэрнээс биш 72 тооны малыг хулгайлаагүй, илүү өгсөн малаа авна гэдэг зүйл ярьдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байгаа учраас прокурорт буцаах саналтай”  гэж,
шүүгдэгч А.Оын “ Заяа гэдэг хүн хонь нийлэхэд мэдээд Жанчивтай утсаар яриад Жанчивыг дуудсан. Жанчив, Заяа хоёр намайг гэрээс дуудаж гаргаж ирээд намайг “ энэ хонийг Жанчивынх руу хөөгөөд явъя, ахын дүү хөөгөөд өгөөч”  гэхээр нь“ та өөрөө хөөгөөд яваа би тэнсэнтэй байгаа, ийм хэрэг төвөгт орооцолдмооргүй байна “ гэсэн чинь Заяа гэдэг хүн “ ах нь арыг нь даана, мөнгө төгрөг өгнө “ гэхээр нь Жанчив бид хоёр мотоциклтой хөөгөөд явсан. Жанчивынд малыг хөөгөөд очиход Заяа аль хэдийнээ оччихсон байсан. Цагдаа ирээд намайг дутуу малыг нь төл, төлөхгүй бол чам дээр дахин юм нэмж чадна шүү гэж хэлсэн. Энд ирсэн хойно Жанчивыг салгаад явуулчихсан, тэгээд би үлдсэн малыг нь төлье гэсэн чинь чи төлөхгүй гээд яах юм бэ? хэрвээ төлчих юм бол хэргийг чинь шийдээд хойш нь урагшаа явуулахгүй, чи тэнсэнтэй юм байна гэж хэлсэн. 38 хонин дээрээ холбогдуулж Заяа, Жанчив нарыг шалгуулах хүсэлттэй байна “ гэж гэм буруугийн талаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь А.Оын мэдүүлж буй дээрх үйл баримтын талаар хэрэгт ямарч нотлох баримт авагдаагүй буюу тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ энэ талаар огт мэдүүлээгүй, уг асуудлаар гомдол гаргаж шалгуулаагүй байх бөгөөд А.О, өмгөөлөгч Г.Амарсайханы нарын зүгээс шүүхийн шатанд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гарган шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй ба өмгөөлөгчийн мэдүүлж буй “ хэргийг прокурорт буцаах тухай “ санал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр л хэргийг прокурорт буцаах асуудлыг тодорхойлсон хийгээд өөр байдлаар буюу гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах нь шүүх хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болох юм.
 Иймд шүүгдэгч А.О нь “ 38 хонинд холбогдуулж Заяа, Жанчив нарыг шалгуулах “ асуудлыг эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болно.
    
    Шүүгдэгч А.Оын гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн үзэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд А.Оын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс гэм хэргийг бусадтай хамтран үйлдсэн гэж гэм буруугийн талаар маргаж байгаа, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал хэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч А.Оыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь хэрэгт авагдсан 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол зэргээр нотлогдоно.

    А.О дээрх тэнссэн хугацаанд буюу 2019 оны 05 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн нь түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна “ гэж заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.
 
    Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Оын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, тухайн хэрэгт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ялтан А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, өмнөх буюу тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэнэ.

        Шүүгдэгч А.Оын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 106 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдья.


    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч А.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Ж.Бийн 42 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Шүүгдэгч А.Оыг олон тооны мал хулгайлах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Оыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн гэмт хэрэгт 1/ нэг / жил 8/ найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ялтан А.От энэ тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, өмнөх буюу тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.От оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Оын цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хээсгт зааснаар ялтан А.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. Ялтан А.От холбогдох энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Бд учирсан 30 бог малын 1.800.000 төгрөгийн хохирол биет байдлаар малаар нөхөн төлөгдсөн, А.О энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлсугай.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН