Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 713

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Э нарыг оролцуулан иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: М овогт Б-ийн

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж ..

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх техникийн газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/255 тоот тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан ба Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Б/121 тоот тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөн албан тушаал буруулж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргаар томилогдсон. Ингэхдээ намайг захиргааны санаачилгаар ажлын байр өөрчлөх гэж байгаа болон өөр албан тушаал санал болголгүй шууд тушаал бууруулж томилсон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн хариу өгсөн.

Намайг Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэл болгосон ба энэ заалтад “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. Үүнээс үзвэл тушаалд заасан үндэслэл чөлөөлөх үндэслэл бус төрийн албан хаагчийн баталгааны заалтаас үндэслэжээ. Энэ үндэслэлээр намайг албан тушаал бууруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн цагдаагийн газар хэдийгээр Эрүүгийн цагдаагийн алба болж өргөжсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн ба даргын албан тушаалд нь ямар ч шалгаруулалт хийгдээгүй. Салбар зөвлөлийн гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн хурандаа Б.Б ийг албан ажлын шаардлагаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон байна” гэжээ. Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах бол төрийн албаны холбогдох заалтуудыг үндэслэх ёстой. Түүнээс бус зөвхөн Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэл болгохгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гээд албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон тохиолдолд л албан тушаал буруулахаар заасан.

Миний ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга, туслах комиссар Д.Б 2016 оны Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх хуудсаар “А” буюу 95.1 хувиар үнэлснийг нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар П.Б баталгаажуулсан нь албан тушаал, зэрэглэл буурах үндэслэл болохгүй шударга бус гэж үзэж байна.

Хуульд заасан дээрх үндэслэлүүдийн нэг нь ч тогтоогдоогүй байхад албан тушаалаас чөлөөлж бууруулан томилсон нь үндэслэлгүй байна. Миний бие төрийн тусгай албанд 27 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын даргын цалингийн сүлжээгээр урьд ТТ16-5 гэсэн ангилалд багтаж байсан бөгөөд одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын цалингийн сүлжээгээр бууруулж ТТ15-5 болгосон нь эдийн засгийн хувьд болоод эрх зүйн хувьд доройтуулж хохироосон байна.

Иймд төрийн тусгай албан хаагч Б.Б  миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг сэргээн нэхэмжлэлийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 тоот тушаалын Цагдаагийн хурандаа Балсанлхүндэвийн Буянтөрд хамаарах хэсгийг хүчингүйд тооцон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн бичилт хийлгэн, цалингийн зөрүүг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газар даалгуулан өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын их хурлаар батлагдаж улмаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилснээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цагдаагийн байгууллагад бүтэц, зохион байгуулалт хийгдэх шаардлага бий болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, “Эрүүгийн цагдаагийн газар”-ыг “Эрүүгийн алба” болгон өөрчлөн тогтоосон.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/55 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 144, 2016 оны 4, 2017 оны 76 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг хоёрдугаар, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг гуравдугаар хавсралтаар баталсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/251 тоот тушаалын хавсралтаар Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг тогтоосныг хүчингүй болгож энэхүү тушаалын хавсралтаар Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/134 тоот ажлаас чөлөөлж томилох тухай тушаалд цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын албан тушаал /ажлын байр/-аас чөлөөлсөн алба хаагчдын нэрсийг нэгдүгээр, шинэчлэн баталсан бүтэц, орон тооны дагуу Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал /ажлын байр/-д томилсон алба хаагчдын нэрсийг гуравдугаар хавсралтаар баталсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 тоот тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн тушаалын 2 дахь хэсэгт “Цагдаагийн хурандаа Балсанлхүндэвийн Буянтөрийг Эрүүгийн цагдаагийн газрын газрын даргын ажлаас энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 16-ны өдрөөс Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсугай” гэж заасан байна. 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх эрхийг эдлэхээр заасан байна.

Цагдаагийн хурандаа Б.Б  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/121 тоот тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг харьяаллын дагуу шилжүүлснийг Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэхүү салбар зөвлөлийн хуралдаанаар “Цагдаагийн хурандаа Буянтөрийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн цагдаагийн хурандаа Балсанлхүндэвийн Буянтөрийг Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажлаас энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 16-ны өдрөөс Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/121 тоот тушаалын түүнд холбогдох хэсгийн “Хуулийн үндэслэл”-д Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даалгаж тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Б.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/255 дугаар тушаалаар  Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар  Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар томилогджээ.

Ийнхүү Б.Б ийг Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэл нь байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэж хариуцагч тайлбартаа дурджээ. Байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тухайд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, “Эрүүгийн цагдаагийн газар”-ыг “Эрүүгийн цагдаагийн алба” болгон өөрчлөн байгуулсан байна. Улмаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоосон байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах баталгааг хуульчилж өгсөн бөгөөд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай заажээ. “...Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг ойлгоно. Үүнээс дүгнэхэд “Эрүүгийн цагдаагийн газрын дарга”-ын албан тушаалын нэр “Эрүүгийн цагдаагийн албаны дарга” болж өөрчлөгдсөн нь агуулгын хувьд нэг албан тушаал гэж ойлгогдохоос гадна тухайн албан тушаалд ажиллаж буй төрийн албан хаагчийг чөлөөлөх, албан тушаал бууруулах үндэслэл болохооргүй байна. 

Гэтэл нэхэмжлэгч Б.Б ийг Баянгол дүүрэг дэх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын албан тушаалд зэрэглэл, шатлал /ТТ-15-5/ бууруулан томилсон нь түүний эрхийг зөрчсөн захиргааны үйл ажиллагаа болжээ. 

Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг баримталсан нь ойлгомжгүй бөгөөд энэхүү хуулийн заалт нь зохицуулж буй харилцаатайгаа уялдахгүй, харин ч үгүйсгэж байна. 

Шүүх захиргааны хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын дагуу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/362 дугаар тушаалаараа  маргаан бүхий Б/121 дүгээр тушаалд нэмэлт оруулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” заалтыг нэмсэн байна. Ингэснээр маргаан бүхий захиргааны актыг зөвтгөсөн гэж хариуцагч үзэж байгаа нь өрөөсгөл байна. Дээрх 78.1 дэх заалтад дурдсан шилжүүлэн томилох үндэслэлүүдийг тухайлан шинжлэн судалбал. 

Нэхэмжлэгч Б.Б д ашиг сонирхлын зөрчил үүсч болох үндэслэл тогтоогдоогүй, тэрээр шилжүүлэн ажиллуулах тухай хүсэлт гаргаагүй, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байгаа нь илэрхий байна. 

Харин “Ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон” гэх үндэслэлийн тухайд, “цомхтгогдсон” гэж тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Нэхэмжлэгч Б.Б ийн эрхэлж байсан Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул ажлын байр, албан тушаал цомхтгогдсон гэж үзэхгүй юм. “Албан ажлын шаардлагаар” гэх үндэслэл нь тухайн тушаалаар зохицуулж буй харилцаанд хамааралгүй бөгөөд хариуцагч чухам ямар шаардлага байсныг маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон зүйл байдаггүй. Зайлшгүй шилжүүлэн ажиллуулах албан ажлын шаардлага байсан гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, мөн энэ талаархи баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.  

Маргаан бүхий захиргааны акт нь ажлаас чөлөөлж, томилох тухай харилцааг зохицуулсан болохоос биш шилжүүлэн томилох тухай харилцааг зохицуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 08 дугаар сарын 24-нийн өдрийн 5/238 дугаар албан бичигтээ  болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Эрүүгийн цагдаагийн албаны дарга нь Мөрдөн шалгах албаны даргын эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Эрүүгийн мөрдөн шалгах чиг үүрэгт өөрчлөлт орсон” хэмээн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай холбон тайлбарлажээ. Шүүхээр шийдвэрлэгдэж буй энэхүү маргаан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн захиргааны акттай холбоотой учир албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдсөн талаарх дээрх тайлбарыг дүгнэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.  

Гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд эдгээр үндэслэлүүд нэхэмжлэгчийн хувьд тогтоогдохгүй байна. Мөн төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12-т “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Б  нь Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь үр дүнгийн гэрээ дүгнэсэн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна. 

Дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор нөхөн төлөх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/121 дүгээр тушаалын Б.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эрүүгийн цагдаагийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн албан тушаал бууруулан ажиллуулсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН