Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1895

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05346 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

            Газар эзэмших гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                    ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч             ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хүү ХХХХ нь 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ба "хүүхдийн тархины саа" оноштой, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хугацаагүй 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүүхэд юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8168 дугаартай шийдвэрт ХХХХХ нь газрын гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулахыг зөвшөөрсөн гэснийг дурдсан боловч одоо хүртэл нэрийг нь оруулаагүй улмаар зарах гээд зар тавьсан байна. Тухайн үед ХХХХХ газраа зараад хүүдээ мөнгө өгнө гэж байсан. Харин дараа нь “...тийм юм байхгүй, би газраа зараад танай хүүхдэд би таван мянган төгрөг өгнө, дургүй хүрвэл гурван мянган төгрөг өгнө...” гэж хэлсэн байсан. Иймд хүүгийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул газрын гэрчилгээнд нэрийг нь оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХХХ нь ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хэсэг, ХХХХ тоот хашааны газар эзэмших гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулахыг хүсэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8168 дугаартай шийдвэрийг үндэслэн, хүү ХХХХ-ийн нэрийг оруулахыг зөвшөөрсөн гэж бичсэн нь огт үндэслэлгүй бөгөөд энэ тухай шүүхээс гаргасан тогтоолд огт дурдаагүй. Хуралдааны явцад миний бие, хүүгээ өөрийн асрамжид авсан тохиолдолд газар эзэмшлийн гэрчилгээнд хүүгийнхээ нэрийг оруулахыг зөвшөөрсөн байсныг л дурдсан байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ХХХХ-д холбогдох, ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хэсэг, ХХХХ гудамж, ХХ тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулах тухай нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие ХХХХ нь өөрийн хүүгийн эцэг болох ХХХХ-д холбогдуулан газрын гэрчилгээнд өөрийн охин ХХХХ, хүү ХХХХ болон ХХХХ нарын нэрийг оруулуулах, тухайн газрыг гэр бүлийн дундын өмчөөр бүртгүүлүүлэх нэхэмжлэл гаргаж анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Уг хэргийг анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэж тус шүүхийн 8168 дугаар шийдвэрийг гаргасан. Миний нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч XХХХХ бид хоёр 1997 оноос хойш 18 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас хүү ХХХХ 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Бид уг маргааны зүйл болж байгаа ХХХХ дүүргийн ХХ-р хорооны ХХХХХ байрлаж байсан газрыг 2004 онд хог шороог нь цэвэрлэж авч, хашаа хатган эзэмших болсон. Үүнээс хойш арван хэдэн жил уг хашаанд амьдарсны дараа хүчин төгөлдөр газрын гэрчилгээг нь 2015 оны сүүлээр хариуцагч XХХХХ нь өөрийн нэр дээр авсан. XХХХХ бид 2 хамтдаа амьдрахаа болж, тус тусдаа амьдардаг болсон, хүү маань миний асрамжид байдаг. Хүү минь тархины саа өвчний оноштой бөгөөд өөрөө босож явж чадахгүй, 4 мөч нь мэдээгүй, ярьж хэлж чадахгүй хүнд өвчтэй билээ. Арга барагдсан эх миний бие хамт амьдарч байхдаа, манай ах дүү нар газрын хог шоpooг нь цэвэрлэж, хашаа хатгаж авсан, 10 хэдэн жил амьдарсан газар дээрээ өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх, өөрийн болон хүү ХХХХ-ийн нэрийг газрын гэрчилгээнд тусгуулах гэж шүүхэд хандсан боловч шүүхээс өөр хариу сонсож үүнд маш их гомдолтой байна. XХХХХ бид 2 хамт амьдрах явцдаа, манай ах дүү нар газрын хог шороог нь цэвэрлэж, хашаа хатгаж авсан, 10 хэдэн жил амьдарсан газраа тухайн үед өрхийн тэргүүн нь гэдэг утгаар XХХХХ ын нэр дээр гэрчилгээ гаргуулснаас болж алдахад хүрч байгаа бөгөөд хүнд өвчтэй хүүхдээ асран хамгаалахад цаашид хэрэг болох юм гэдэг үүднээс шүүхэд хандаад шударга бус хариу сонсож байгаадаа асар их харамсаж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05346 тоот шийдвэрийг хүчингүй болгож, уг газрын өмчлөгчөөр ХХХХ, хүү ХХХХ нарыг бүртгэхийг зохих байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

 

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ХХХХХ нь газар эзэмших гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8168 дугаар шийдвэрт хариуцагч ХХХХХ газар эзэмших гэрчилгээндээ хүүгийнхээ нэрийг оруулахыг зөвшөөрсөн” гэж тайлбарласан байна.

 

            Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8168 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хэсэг, ХХХХХ гудамж ХХ тоот эзэмшлийн газрыг гэр бүлийн дундын өмчөөр бүртгүүлэх, эсхүл охин ХХХХХ, хүү ХХХХ болон өөрт ногдох 75.000.000 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү ХХХХ-ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ХХХХХ оос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

            Хэргийн 46 дугаар талд авагдсан газар өмчлөх эрхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 000381770 дугаар гэрчилгээгээр иргэн ХХХХХ , ХХХХХ нар нь ХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хэсэг, ХХХХХ гудамж ХХ тоот хаягт байрлалтай 187 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

                                                                         /хэргийн 46 дугаар /

 

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд хариуцагч ХХХХХ ын өмчлөлийн дээрх газрыг зохигчдын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд ХХХХ, ХХХХХ нар хамтын амьдралтай байсан байх бөгөөд тус тусдаа амьдрах болсноор хариуцагч ХХХХХ ын газар өмчлөх эрхийн гэрчилгээнд хүү ХХХХ-ийн нэрийг оруулах хууль зүйн үндэслэл Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж зааснаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хүү ХХХХ-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай талаар дурдсан байх боловч эцгээрээ тэжээн тэтгүүлэх шаардлагатай, хөдөлмөрийн чадваргүй насан хүрсэн хүүхдэд нэмэлт зардалтай холбоотой шаардлага гаргаагүй тул уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлд хамаарахгүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

           

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ 

 

                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО