Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0502

 

    

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэртэй, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ХV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож, сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны ергийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0431 дүгээр шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ", мөн зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй" гэж хууль хэрэглэх зарчмыг хуульчилж өгсөн нь шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар болон бусад эрх зүйн актыг хэрэг хянан шийдвэрлэхдээ заавал хэрэглэхээр зохицуулсан байна.

Тодруулбал, тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр шүүх хууль, хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.6 дахь заалтаар зохицуулж, хориглож өгcөн байна. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.6 дахь заалтуудыг зөрчиж “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй, тийм зохицуулалт байхгүй тул түдгэлзсэн хугацаагаар нь нөхөн сэргээх гэсэн үр дагавар үүсэхгүй байна" гэсэн хууль бус дүгнэлт өгч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хууль бус шүүхийн шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ материаллаг эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж алдаатай шийдвэр гаргасан байна.

Хуулийн зохицуулалт болон практик дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх ойлголт байдаг, түүнийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг болох нь цацрагт идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохицуулсан Цөмийн энергийн тухай хуулийн 23 дугаар зүйлээс тодорхой байхаас гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад тухайн тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлж, хожим маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа сэргээдэг практик тогтсон байна. Нэгэнт анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулиар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар уг тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээн тооцох нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ байхгүй" гэж дүгнэсэн бол уг харилцааг ерөнхийлөн зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэглэх байсан.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглээний зарчмыг баримтлан Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д "Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ” гэсэн заалтыг үндэслэн, “З" ХХК-ийн ХV013670 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоож, түүний шийдвэрээр сэргээсэн тул 2012 оноос 2018 оны хооронд түр зогссон хугацаагаар уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн сэргээн тооцох хуулийн үндэслэлтэй байна.

2. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрт “...хэсэгчилсэн давхцалтай байгаа тул 2014 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төвөлгөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулах боломжгүй байна" гэж мэдэгдсэн тухай байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч компанийн ХV01 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан гэж үзэхээргүй байна гэж хэрэг авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч хариуцагч талаас “нэхэмжлэгч талын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан эсэх", шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа "нэхэмжлэгч талын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй" байна гэж шүүхийн шийдвэр гаргах болсон үндэслэлээ тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл "хариуцагчийг түдгэлзэх шийдвэр гаргалгүй үйл ажиллагааг нь зогсоосон байна” гэсэн агуулгатайгаар тайлбарласан.

Монгол хэл шинжлэлийн ухаанд түдгэлзүүлэх гэдэг үгийн утгыг түдгэлзэхийн үйлдүүлэх хэв бөгөөд зөвшөөрсөн буюу татгалзсан шийдгүй эргэлзэх, ажил үйлээ хийхийг нь түр азнуулах, хойш тавиулах, зогсоох, байзнуулах гэж тайлбарласан байна. Энэ бүгдээс үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөвхөн "түдгэлзүүлсэн гэдэг үг байхгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөгөө төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт танилцуулан, батлуулснаар хайгуулын ажлаа эхлэх эрх нь нээгддэг. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр “... Булган аймгийн Бугат, Сэлэнгэ сумдын нутагт орших Холбоо нэртэй ХV-13 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сав, ус, усны эх бүхий газрын хилийн цэстэй 90 хувь орчим хэсэгчилсэн давхцалтай байгаа тул 2014 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулах боломжгүй байна” гэсэн хариуг өгснөөр бидний ажлыг зогсоож, тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн.

Мөн нэхэмжлэгч тал хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/09 тоот албан бичгээр манай эзэмшиж байгаа ХV-13 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай урт нэртэй хуулийн хил заагтай давхцал байгаа эсэх, давхцалтай бол хайгуулын ажил эхэлж болох эсэх талаар тодруулга хүсэхэд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1/8131 тоот албан бичгээр хариу өгөхдөө “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс, молибденийн ордын талбайн хил заагийг 246504.22 га солбицлоор баталсан байна. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д "тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийн хүрээнд кадастрын мэдээллийн санд зураг зүйн шүүлт хийж үзэхэд дээр дурдсан стратегийн ордын солбицол бүхий газар нь танай компанийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй болох нь тогтоогдож байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн.

Гэтэл тус газраас 2020 онд "... "З” ХХК-ийн эзэмшдэг ХV-01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай" 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Эрдэнэтийн зэс, молибденийн ордын талбайн хил заагтай бүхэлдээ давхцалтай байгаа тул танай компани хайгуулын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой" гэсэн хариу өгсөн. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 12 сарын 5-ны өдрийн 1/8131 тоот албан бичгээр бидэнд “танай хайгуулын талбай стратегийн орд газрын хил заагтай давхцалгүй байна” гэсэн алдаатай, буруу ташаа, худал мэдээлэл өгсний улмаас бид хайгуулын ажлыг гүйцэтгэх хуулийн боломжит хугацаагаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж буруу, алдаатай мэдээлэл өгсөн төрийн албан тушаалтны хууль бус үйлдлээс болж алдаж хохирсон. Энэ бүх байдлыг анхан шатны шүүхэд тайлбарлан мэдүүлсэн боловч анхан шатны шүүх үл харгалзан, хэт нэг талыг барьж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0431 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчээс “З” ХХК-ийн XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          Анх хариуцагч байгууллагаас 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр “С” ХХК-д Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумын Холбоо нэртэй газарт XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс компанийн нэрийг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу[1] 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэр дээр Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумын Холбоо нэртэй газарт 48,961,57 га талбайг хамарсан хайгуулын талбайд XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож[2], нэхэмжлэгч компаниас 2013 онд 25,425.72 га талбайг буцаан өгч, үлдэх 23,534.85 га талбайд XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших болжээ[3].

          XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар тус тус 3 жилээр 3 удаа сунгажээ[4].

          Нэхэмжлэгч компаниас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16/20, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17/20 албан бичгээр[5] хариуцагч байгууллагад хандан “XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг үйл ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаагаар буюу 6 жилийн хугацаагаар сэргээж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг хариуцагч байгууллагаас хянан үзээд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 албан бичгээр[6] “Ашигт малтмалын тухай хуулийн 11.2, 11.1.11-11.1.7, 11.1.8-11.1.12, 11.1.13-11.1.23-т зааснаар...түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээхтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг хүргүүлснийг хууль бус гэж нэхэмжлэгч маргадаг.

          Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг; 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.15-д ”хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг; 4.1.17-д ”хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг; 4.1.21-д ”тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ...эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;” хэлэхээр зааж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх эдлэхээр заажээ.

          Нэхэмжлэгч компани XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай, Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолд заасан солбицолтой хэсэгчлэн  давхцалтай үндэслэлээр[7] тус компанийг үйл ажиллагааг явуулж болохгүй мэдэгдлийг хариуцагчаас хүргүүлснээр үйл ажиллагаагаа зогсоосон. Харин хариуцагч байгууллагаас Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолын 1 дэх заалтаар стратегийн нэр бүхий 8 ордын талбайн хил заагийг тогтоосон нь түүнтэй давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр хязгаарлаагүй байна... геологи хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13/927 албан бичгийг[8] нэхэмжлэгч авснаар дахин үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгүүд[9] зэргээс тогтоогдож байна.

          Тодруулбал, нэхэмжлэгч компани 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 жил орчим хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дээр дурдсан хуульд заасан эрхээ өөрөөс нь үл шалтгаалах үндэслэлээр хэрэгжүүлж чадаагүй, үүнээс улбаалж тус компанийн хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа нь дуусгавар болж, нэхэмжлэгч дахин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон үр дагавар бий болсон.

          Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын ... тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.”,  13 дугаар зүйлийн 13.1-д “Хайгуулын ... тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно: 13.1.1.тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх; 13.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх;13.1.3.улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх.”, 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.”, 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.”, 4 дүгээр зүйлийн  4.1.13-д “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” хэлэхээр тус тус зохицуулсан.

          Эдгээр хуулийн заалтуудын агуулгаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах нөхцөл байдал болох хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан, нөөцөд байлгасан тохиолдолд урьд нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцохоор зохицуулжээ.

          Маргааны тохиолдлын хувьд XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч “Занадукоппер монголиа” ХХК-нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 орчим жилийн хугацаанд өөрийн эзэмшлийн хайгуулын талбайн хилийн дотор Ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгогдоогүй, тус компаниас үл шалтгаалан ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон.

          Тухайлан хэлбэл, нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай, Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолд заасан солбицолтой хэсэгчлэн  давхцалтай үндэслэлээр[10] тус компани ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхээ 6 жил орчим хугацаанд хэрэгжүүлж чадаагүй боловч эрх бүхий этгээдээс шинээр гарсан Засгийн газрын тогтоолын дагуу түүний эзэмшиж байсан талбай нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын хил заагт багтсан нь өмнө нь хуулиар хориглосон талбайд хамааралгүй болсон талаар мэдэгдэж, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон.

          Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын ... тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.” гэсэн хуулийн зохицуулалтын агуулгатай ижил төстэй харилцаа маргааны тохиолдолд бий болсон байна гэж үзэж уг хуулийг энэхүү маргааны тохиолдолд төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглолтод байсан хугацаагаар буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж хариуцагч байгууллагаас мэдэгдсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 жил орчим хугацаагаар сунгаж тооцох нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч компаниас хуульд заасан ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх боломж олгогдоно гэж шүүх дүгнэв.

          Учир нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хугацаатай олгогддог эрх бөгөөд уг эрхээ хуулиар олгогдсон хугацаанд хэрэгжүүлэх боломж өөрийн гэм буруугүйгээр олгогдоогүй, өөрөөс үл хамаарах шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй байхад түүний эрхийг эдлүүлэхгүй, хуулийн хориглолтод байсан хугацаагаар нөхөн тооцохоос татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн, түүний эрхийг дордуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим, мөн шударга ёсонд нийцэхгүй байна.

          Энэхүү хариуцагчийн хуульд нийцээгүй татгалзлыг “...тус компанид олгогдсоноос хойш 3 жилээр 3 удаа буюу нийт 12 жилийн хугацаатай сунгагдсан байх тул цаашид дахин сунгах болон нөхөн тооцож сэргээх хууль зүйн үндэслэл, боломжгүй..., Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай тухай ойлголт байхгүй, ...түдгэлзүүлсэн ямарваа нэг шийдвэр гараагүй байх тул түдгэлзүүлсэн хугацаагаар нь нөхөн сэргээх гэсэн үр дагавар үүсэхгүй, ...нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж, сүүлийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт зарцуулж, хуульд  заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч “З” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “З” ХХК-ийн XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1704 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, XV01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 1-р хавтас 176, 218 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 16, 178 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 176, 218 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 16-18, 176 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 22-27 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 181-182 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 56 дахь тал

[9] Хэргийн 180-183 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 181-182 дахь тал