Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00643

 

Б.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Р

          Хариуцагч: НШГАнд холбогдох

         Санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний дундын өмчлөлийн орон сууцыг миний зээ хүү Э.Батбаяр зээлийн барьцаанд тавьж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012-12-04-ний өдрийн 2001 дүгээр захирамжаар “Монкорд” ХЗХ-д 63,034,004 төгрөг төлөхөөр болсон. Зээлийн барьцаанд тавиад асуудал дууссан гэж бодож байсан боловч орон сууц худалдах гэж байгааг өөрийн охин С.Э мэдсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба намайг төлбөр төлөгч гэж үзэн миний гэр бүлийн дундаа өмчлөх хэсгээс төлбөр барагдуулах гэж байгаа хэрнээ өнөөдрийг хүртэл надад мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсээр байгаад гомдолтой байна. Уг асуудлаар 2017-05- 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч 2017-06-06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор татгалзсан хариу өгснийг 08-ны өдөр хүлээн авсан. Иймд  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны  2001 тоот захирамжаар Э.Б 63 270 546 төгрөгийг гаргуулж “Монкорд” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н. барьцаалсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 14Б байрны 2 өрөө орон сууцыг  битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Э.Батбаяр, өмчлөгч С.Энхтуул, Б.Р нараас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал авахад 210сая  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2013-10- 28-нд  “Монкорд” ХЗХ 120сая төгрөгөөр үнэлсэн. Үнийг  санал зөрүүтэй харилцан тохиролцоогүй тул  “М” ХХК-с  2013-11-15-ны өдөр үнэлгээ тогтооход 81,5сая төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч гомдол гаргаж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2648 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон. Дахин шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээ” ХХК нь 2014-06-03-ны өдөр  121,900,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад төлбөр төлөгч гомдол гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны  455 дугаар шийдвэр хэрэгсэхгүй болгосон. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2015-08-07-ны өдөр оруулахад барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Э.Баярсайхан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар хандсаныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  8729 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг 2016-09- 02-нд оруулахад худалдан борлогдоогүй  өмчлөгч С.Энхтуул гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1317 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э.Батбаяр шүүхээс ногдуулсан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураар төлөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна.  Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэрээр 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар  Б.Ргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ргийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 2001 тоот шүүгчийн захирамжаар  63.034.004,36 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлийн барьцаанд тавиад асуудал дууссан гэж бодож байсан боловч орон сууц худалдах гэж байгааг өөрийн охин С.Энхтуулаас мэдсэн юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 126.2.2-т “... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд хамаарна. мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.3-т “...Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу ...өнөөдрийг хүртэл надад мэдэгдэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсээр байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны магадлалд дурдсанаар “...НШГАнаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг 2016-10- 05-ны өдөр зохион байгуулах тухай мэдэгдлийг өмчлөгч нарт мэдэгдсэн байх боловч уг хурал хийгдээгүй, комиссын шийдвэр гараагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2017-05- 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсаны үндсэн дээр 2017-06-06 -ны өдрийн 06 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан гомдлыг шийдвэрлэсэн тухай тогтоол”-д дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасан ажиллагаа явагдаж байгаа талаар хариу ирүүлсэн юм. Иймд  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.Р 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан байна. /хх 1/ хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 17/ 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Э.Б нь нийт 63.034.004 төгрөгийг “М" Хадгаламж зээлийн хоршоонд төлөхийг зөвшөөрсөн тул Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2001 дүгээр захирамж гаргаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон /хх 6, 29/, уг захирамжийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 527 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж /хх 28/ 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн /хх 30/ нь тогтоогджээ.  

       Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээ болон дуудлага худалдаа хүчингүй болгох зэрэг Э.Б, С.Э нарын нэхэмжлэлийг шүүх хэлэлцэж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2648., Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 455 дугаар., Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 8729., Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр 181/ШШ/2016/01317 дугаар шийдвэр гаргасан бөгөөд эдгээр нь хүчин төгөлдөр байна. /хх 179-180/ 

      Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй нь тогтоогдож байх бөгөөд НШГАнаас төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөр авагчид санал болгох  хурлыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах мэдэгдлийг төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарт мэдэгдсэн боловч хуралдаан хийгдээгүй,  комиссын шийдвэр гараагүй тухай тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

      Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02711 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Наранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ