Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 5536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон 16 байр 146 тоотод оршин суух, Лам овогт Пүрэвсамбуугийн Буянхишиг /РД:ОЭ88123062/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн 1-33 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг, “Монроуд” ХХК /РД:2621142/-д  холбогдох,

Гэм хорын хохиролд 2,935,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхтуяа, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Буянхишиг миний бие 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 04-05 цагийн орчим Приус-20 маркийн 97-28 УБК улсын дугаартай өөрийн эзэмшлийн суудлын машинаа жолооч Алтаннямаар жолоодуулж Архангай аймгийн Тариат сумын Сөртийн ам гэх газарт замын хөдөлгөөнд оролцож байхдаа “Монроуд” ХХК-ийн “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон’’ гэх заалтыг зөрчиж ус зайлуулах хоолойны хөвөөний суултыг тэгшлэх зорилгоор зам дээр асгасан шороон дээгүүр авто машинтайгаа харайж зам тээврийн осолд орж уг ослын улмаас зорчигч П.Буяндэлгэр, М.Дамба, Г.Болортуяа нарын биед хөнгөн зэргийн гэмтэл, миний эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан. “Монроуд” ХХК-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Кости-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 2,715,000 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдсон. Зам тээврийн осол болсон өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн менежер Галбаатартай уулзахад буруугаа бүрэн ухамсарлаж бидэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулна гэж бидэнд  болон Архангай аймгийн Тариат сумын цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө мэдэгдсэн байдаг. Иймд хариуцагч “Монроуд” ХХК-иас машинд учруулсан хохирол болох 2,715,000 төгрөг, “Кости-эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэсний төлбөр болох 80,000 төгрөг, “УБ авто сервис” ХХК-иар явах эд ангийн оношлогоо хийлгэсэний төлбөр болох 30,000 төгрөг, осолд орсон машиныг ослын газраас Улаанбаатар хотруу хүргэхтэй холбогдон гарсан 110,000 төгрөг буюу нийтдээ 2,935,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Монроуд” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 316 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 42 дугаартай дүгнэлтээр Б.Алтанням нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 буюу “... Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.3-6 “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй” гэсэн заалтыг, “Монроуд” ХХК нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.11 “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр, бусад зүйлсийг хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн автозам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор, даацтай тээврийн хэрэгслээр замаар зөрчсөн” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа талаар дурдсан байна. Тухайн үед “Монроуд” ХХК нь 2013 оны 9 дүгээр сард Монгол Улсын Зам тээврийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк нартай байгуулсан “Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу сүүлийн ажил болох нөхөн сэргээлт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байсан болно. “Монроуд” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу ус зайлуулах хоолойны хөвөөны суултыг тэгшлэх зорилгоор зам дээр шороо асгасан байсан. Асгасан шорооны дэргэд анхааруулах тэмдэг тавиагүйн улмаас осол гарсан талаар Прокурорын тогтоолд болон 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байна. Осол гарсан замыг одоог хүртэл Улсын комисс хүлээж аваагүй байгаа ба зориулалтын дагуу тээврийн хэрэгсэл зөрчин явах зам гэсэн тодорхойлолтод хамаарахгүй. Үүнээс гадна осол гарсан өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жолоо барьж явсан Б.Алтаннямын талаар Прокурорын тогтоолд дурдсан шинжээчийн 42 дугаартай дүгнэлтэд “... Б.Алтанням нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 буюу “... Жолооч хөдөлгөөний эрчим  тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөн талаар тусгасан байна. Жолооч Б.Алттанням нь хурд хэтрүүлж, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос иргэн П.Буянхишигийн өмчлөлийн 97-28 УБК улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн авто машинд 2,996,910 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байна. Иймд “Мон роуд” ХХК нь иргэн П.Буянхишигийн өмчлөлийн авто машинд хохирол учруулсан хариуцагч биш байх тул зохих журмын дагуу хариуцагчийг сольж өгнө ү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Буянхишиг  нь хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд  2,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Буянхишиг нь 97-28 УБК улсын дугаартай  Тоёота Приус-20 маркын авто машины өмчлөгч мөн болох нь 00972608 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх тул уг автомашинд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна /хх-ийн 6 тал/.

Нэхэмжлэгч нь “...”Монроуд” ХХК нь зам дээр шороо асгачихаад ямар нэгэн анхааруулах тэмдэг тавиагүйгээс уг зам тээврийн осол гарч, миний эзэмшлийн автомашинд 2,715,000 төгрөгний хохирол, автомашинд үнэлгээ хийлгэсний төлбөрт 80,000 төгрөг, явах эд ангийн оношлогоо хийлгэсний төлбөрт 30,000 төгрөг, Улаанбаатар хотруу автомашиныг хүргэхтэй холбоотой гарсан зардалд 110,000 төгрөгний зардал гарч, нийт 2,935,000 төгрөгний хохирол учирсан...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “... уг зам тээврийн осол манай компанийн буруутай үйл ажиллагааны улмаас гараагүй, автомашиныг жолоодож явсан жолооч н.Алтанням нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явснаас уг осол гарсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч П.Буянхишигийн эзэмшлийн 97-28 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркын авто машиныг 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 04:00-05:00 цагийн орчимд Б.Алтанням гэгч нь жолоодон Архангай аймгийн Тариат сум, Цагаан нуур баг Сөртийн ам гэх газарт замын хөдөлгөөнд оролцож байхдаа “Монроуд” ХХК-ийн ус зайлуулах хоолойны хөвөөний суултыг тэгшлэх зорилгоор зам дээр асгасан шороон дээгүүр харайснаар зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 316 дугаартай тогтоол болон хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байна /хх-ийн 7-9, 51-57 тал/.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх, замын хөдөлгөөнийг зохицуулах, техник хэрэгсэл шинээр байрлуулах, солихын өмнө тухайн ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөнд оролцогчид зохих тэмдэг, хэрэгслээр урьдчилан анхааруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэнэ”.

Хариуцагч “Монроуд” ХХК нь зам засварын ажил хийх явцдаа замын зорчих хэсэг дээр шороо овоолж, тухайн зорчих хэсгээр явах тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал руу орж уг овоолсон шороог тойрч гарах нөхцлийг бий болгосныг замын хөдөлгөөний нөхцөл байдлыг өөрчилсөн гэж үзэхээр байх ба уг зам дээр шороо асгасан талаар ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Архангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Жолооч Б.Алтанням нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн 2-3-б-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн” заалтыг зөрчсөн, “Монроуд” ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.11 дэх хэсэгт заасан Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт зам, замын байгууламж барих, засварлах ажилд саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчид осол аюул бүхий үйл ажиллагаа явуулсан, авто замын зорчих хэсэг, хөвөө зурвас газарт хог, бохир ус, чулуу, төмөр бусад зүйл хаях, байрлуулах, овоолсон, авто замын зурвас газарт худалдаа хийх болон авто замын ашиглалттай холбоогүй бусад үйл ажиллагаа явуулсан, тусгай хамгаалалтгүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор даацтай тээврийн хэрэгслээр замаар зорчсон бол ... шийтгэл оногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ.

Энэхүү шинжээчийн дүгнэлт болон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч П.Буянхишигийн эзэмшлийн 97-28 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркын авто машиныг  жолоодож явсан жолооч Б.Алтанням болон хариуцагч “Монроуд” ХХК-ийн хэн алин уг зам тээврийн осолд гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Уг ослын улмаас нэхэмжлэгч П.Буянхишигийн  автомашинд 2,715,000 төгрөгний хохирол учирч, уг автомашинд үнэлгээ хийлгэсний төлбөрт 80,000 төгрөг, явах эд ангийн оношлогоо хийлгэсний төлбөрт 30,000 төгрөг, Улаанбаатар хотруу автомашиныг хүргэхтэй холбоотой гарсан зардалд 110,000 төгрөгний зардал гарч, нийт 2,935,000 төгрөгний хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хх-ийн 10-16 тал/.

Иймд нэхэмжлэгч П.Буянхишигийн автомашинд учирсан хохирлын 50 хувь буюу 1,467,500 төгрөгийг хариуцагч “Монроуд” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч П.Буянхишигт олгож, үлдэх 1,467,500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас гэм хорын хохиролд  1,467,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Буянхишигт олгож, үлдэх  1,467,500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Буянхишигт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Х.ЭНХЗАЯА

                                 ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ     

                                            А.САРАНТУЯА