| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0334/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/358 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1938006230383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Т.
Шүүгдэгч Д.Т- нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газар Лэксус 250 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.М-, Д.Л- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг “Сүхийн ам” гэх газар “Лэксус-250” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлсний улмаас тойрог замд эргэлт хийж амжилгүй зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.М-, Д.Л- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Т-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Хохирогч Э.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад одоо гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйлийн талаар бол бүрэн эмчилгээ хийлгэж эдгэрсний дараа гарсан нийт зардлаа тооцож байж иргэний журмаар нэхэмжилнэ. ...Д.Т- намайг Мөрөн суманд эмчилгээ хийлгээд онгоцоор Улаанбаатар хот руу явахад нийт 500.000 төгрөг, Улаанбаатар хотод очоод нарийвчилсан зураг авахуулахад 200.000 төгрөг, нийт 700.000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Мөрөн сумын чиглэлд Д.Т-ын машинтай зорчиж яваад Хужиртын даваанаас Мөрөн сум руу орох замд машин осолдон зам тээврийн осол гарсан. Тэгээд түргэн тусламж дуудаад цагдаа нар ирээд би эмнэлэгт хүргэгдсэн. Миний нурууны 3-р нугалам хугарч бяцарсан. Сэртэн хугарсан, нилээд бяцралттай байсан. ...Надад Д.Т-ын зүгээс нийт 8 сая төгрөг шилжүүлж өгсөн. Би тэр мөнгийг 2 удаагийн эмчилгээндээ зарцуулсан. Би цаашид бүрэн эдгэрэх хүртлээ эмчилгээ хийлгэж гарах зардлаа нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаартай: “1.Д.Л-гийн биед бүсэлхийн 3-р нугаламын шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3.Д.Л-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 502 дугаартай: “1. Д.Л-гийн биед бүсэлхийн 3-р нугаламын их биеийн бяцарсан шахагдсан, зүүн талын хөндлөн сэртэн, зүүн талын ламин, болон зүүн талын үений сэртэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Д.Л-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай: “1. Э.М-ы биед баруун 2, 5-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун дээд зовхи, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Э.М-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 461 дугаартай: “1. Шинжээчид үзүүлсний дараа буюу 2019.08.30-ны өдөр авахуулсан /шинжилгээ: шаардлага хангахуйц/ рентген зурагт 1 болон 5-р хавирганууд хугарсан байна 2. Нэмэлт шинжилгээгээр өмнө нь шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан 2019.08.30-ны өдрийн №451 тоот дүгнэлтэнд 2 ба 5-р хавирга гэж бичигдсэн нь 1 ба 5-р хавирга байсан нь нотлогдож байна. Гэмтлийн зэрэг болон бусад зүйлд нэмэлтээр өөрчлөлт гарахгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батын: “1.2019 оны 08 дугаар сарын 28-ны 23 цагийн орчим Lехus НS250 маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн. Д.Т- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-д "Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа зчааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2019 оны 08 сарын 28-ны өдөр 23:00 цаг өнгөрч байхад Хатгал тосгоноос Мөрөн сум орохоор өөрийн эзэмшлийн, мөнгөлөг саарал өнгийн, Lехиз НS250 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хужиртын даваа уруудаад бууж ирж яваад замын тойрог дээр багтаж эргэж чадалгүй замаасаа шууд чигээрээ гараад тээврийн хэрэгсэл маань зогсож осолдсон. Осол гарах үед би жолоо барьж явсан. Манай найз Д.Л- миний хажуу талын суудал дээр сууж явсан, найз Мөнхсайхан /эмэгтэй/ арын суудал дээр сууж явсан. Осол гарах үед би хоёр найзтайгаа гурвуулаа л явсан. ...Би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Хатгалаас гарахынхаа өмнө гурван лааз пиво уусан. Замдаа нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Осол гарах үед ойролцоогоор 100 км/цагийн хурдтай явсан байх, би миллээ хараагүй болохоор яг хэдэн км/цагийн хурдтай явснаа мэдэхгүй байна. ...Осол гарах үед үзэгдэх орчин харанхуй байсан, гэхдээ миний машины гэрэл бүрэн ажиллагаатай асаж байсан. Цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан. Эсрэг урсгалаас осол гарах үед нэг автомашин зөрсөн гэхдээ тэр машин осол гарахад нөлөөгүй. Би хурдтай явсан болохоор замын тойрог дээр багтаж эргэж чадалгүй замаас гарч осол болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 72 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг “Сүхийн ам” гэх газар “Лэксус-250” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлсний улмаас тойрог замд эргэлт хийж амжилгүй зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.М-, Д.Л- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Т-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Э.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батын дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар “...Би 2019 оны 08 сарын 28-ны өдөр 23:00 цаг өнгөрч байхад Хатгал тосгоноос Мөрөн сум орохоор өөрийн эзэмшлийн, мөнгөлөг саарал өнгийн, Lехиз НS250 маркын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хужиртын даваа уруудаад бууж ирж яваад замын тойрог дээр багтаж эргэж чадалгүй замаасаа шууд чигээрээ гараад тээврийн хэрэгсэл маань зогсож осолдсон. ...Би жолоо барьж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Хатгалаас гарахынхаа өмнө гурван лааз пиво уусан. Замдаа нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Осол гарах үед ойролцоогоор 100 км/цагийн хурдтай явсан байх, би миллээ хараагүй болохоор яг хэдэн км/цагийн хурдтай явснаа мэдэхгүй байна. ...Би хурдтай явсан болохоор замын тойрог дээр багтаж эргэж чадалгүй замаас гарч осол болсон” /хх-ийн 63-64/ гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, “...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.М-д 700.000 төгрөгийг, Д.Л-д 8.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Э.М-, Д.Л- нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, учруулсан хохирлоо хойшид нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Д.Т-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Т-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Т-д тэнссэн хугацаанд “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Д.Т-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Т-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Т- нь хохирогч Э.М-д 700.000 төгрөгийг, хохирогч Д.Л-д 8.000.000 төгрөгийг тус тус өгсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ