Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 5557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Загын 25 байр 8 тоотод оршин суух, Очир бөө овогт Бадамдоржийн Ширнэнжав /РД:ТЯ87071801/-ын нэхэмжлэлтэй

              Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 11/А-66 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Гарьдхүү /РД:МР89111951/-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрт 4,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ширнэнжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ширнэнжав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Гарьдхүүтэй 2008 онд танилцан 2009 оны 3-р сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2009 оны 01-р сарын 27-ны өдөр охин Г.Тунгалаг-Эрдэнэ төрсөн. Бид 2011 он хүртэл хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа 1 жил амьдарсан. Ингээд 2012 оны 8-р сараас буцаж нийлэн хамт амьдарч байгаад надад гар хүрэх болсноос хойш 2013 оны 8 дугаар сараас дахин тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах болсноос хойш Г.Гарьдхүү нь 2013 оны 10-р сард Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч миний бие тухайн үед 5 сартай жирэмсэн байсан тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 3-р сарын 30-ны өдөр хүү Г.Гал-Эрдэнэ төрсөн. Бид 2013 оны 8-р сараас хойш тусдаа амьдарч байгаа. Г.Гарьдхүү нь өөрийн төрсөн хүү болох Г.Гал-Эрдэнийг миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөггүй, мөн хүүхдээ харж хандан тусалж байгаагүй. Хүүгээ эхийн хэвлийд байхаас нь эхлэн миний хүүхэд биш гэж хүлээн зөвшөөрдөггүй. Үүнд нь их гомдолтой байдаг. Одоо Г.Гарьдхүү нь өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болсон бөгөөд бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Нэгэнт бага хүүгээ хүлээн зөвшөөрөхгүй, өөр эмэгтэйтэй хамтын амьдралтай болсон тул эвлэрч хамт амьдрах боломжгүй юм. Би том охин Г.Тунгалаг-Эрдэний боловсрол хүмүүжилд анхаарч Орос хэлний сургалттай “Хөгжил” цэцэрлэгт 2012 оны 4 сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл сургасан. Цэцэрлэгийн сургалтын төлбөр сард 250,000 төгрөгөөс 400,000 төгрөг болтлоо өссөн. Энэ төлбөрийг би төлж байсан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт нийт 9,050,000 төгрөг зарцуулсан. Г.Гарьдхүү нь эцэг хүний хувьд хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж анхаарах ёстой байх. Энэ хугацаанд Г.Гарьдхүү нь нэг чудаа сургалтын төлбөрийг төлж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг маань миний асрамжинд үлдээн, хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн сургалтын төлбөрийн 50 хувь болох 4,525,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй  гэв.

Хариуцагч Г.Гарьдхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Гарьдхүү би нэхэмжлэгч Б.Ширнэнжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, охин Тунгалаг-Эрдэнийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү Г.Гал-Эрдэнийг миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч би нэхэмжлэгч Б.Ширнэнжавтай 2008 онд анх танилцаж улмаар 2009 онд хууль ёсоор гэрлэлтээ батлуулан амьдрах явцад охин Тунгалаг-Эрдэнэ төрсөн. Бид хоёрыг хамтран амьдарч эхэлсэн үеэс хадам аав, ээжийн зүй бус харьцаанаас болоод бидний хооронд таагүй харилцаа үүсэж эхэлсэн. Мөн би хөдөө ажлаар 30 хоног явж 5 хоног амардаг ажилтай байсан учраас эхнэр Б.Ширнэнжав намайг шалтгаангүй хардаж хэрүүл хийж уурлаж уцаарладаг болсон. Би хадам болон эхнэртэйгээ эвтэй найртай амьдрахыг хичээж хүлээцтэй хандаж ажлаасаа хүртэл гарсан. Гэтэл удалгүй хадмууд болон эхнэр маань ажил төрөлгүй чиний нэмэр алга гэж хэл амаар доромжилж хөөдөг болсон. Хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын эхээр хоорондоо хэрэлдэж муудахад хадам аав, ээж ирж эхнэр охиныг минь гэрээс минь аваад явсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарч байх хугацаанд эхнэр Б.Ширнэнжав нь 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүү Гал-Эрдэнийг төрүүлсөн учраас би миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

            Нэхэмжлэгч Б.Ширнэнжав, хариуцагч Г.Гарьдхүү нар 2008 оноос гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа охин Г.Тунгалаг-Эрдэнэ төрсөн. Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн таагүй харилцаа, хардалт зэргээс шалтгаалан 2013 оноос тусдаа амьдрах болсон. Г.Гарьдхүү нь хүү Г.Гал-Эрдэнийг өөрийн хүүхэд биш гэж эргэлздэг учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. Хүүхдийн сургалтын төлбөрийн хувьд Б.Ширнэнжав, Г.Гарьдхүү нарын хамт амьдарч байсан хугацааны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримт нь 6,172,727 төгрөгийн сургалтын төлбөрийн баримт байгаа учир энэ мөнгөний 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг ээжийнх нь асрамжинд үлдээж, охин Г.Тунгалаг-Эрдэнийн  тэтгэлэг төлнө. Сургалтын төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтын 50 хувь буюу 3,086,363 төгрөгийг төлнө гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ   нь:

            Нэхэмжлэгч Б.Ширнэнжав нь хариуцагч Г.Гарьдхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах болон сургалтын төлбөрт 4,525,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Ширнэнжав, Г.Гарьдхүү нар 2008 оноос эхлэн хамтран амьдарч, улмаар 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин Г.Тунгалаг-Эрдэнийг, 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.Гал-Эрдэнийг тус тус төрүүлсэн болох нь №0450 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/, Г-415 болон бүртэлийн 1119001036 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 5, 6 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 7462 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, хойшид эвлэрэн амьдрахыг хүсээгүй, байнгын хэрүүл маргаантай нөхцлөөс шалтгаалж хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэгчдийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 Хариуцагч Г.Гарьдхүү нь хүү Г.Гал-Эрдэнийг өөрийн хүүхэд биш гэж маргаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 7462  тоот шинжээчийн дүгнэлтээр  хүү Г.Гал-Эрдэнийн эцэг мөн болох нь тогтоогдож байна.

            Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж охин Г.Тунгалаг-Эрдэнэ, хүү Г.Гал-Эрдэнэ нарыг эх Б.Ширнэнжавын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэлт цуцлагдсан ч Гэр бүлийн тухай хуулинд заасан эцгийн үүрэг хэвээр үргэлжлэх тул охин Г.Тунгалаг-Эрдэнэ, хүү Г.Гал-Эрдэнэ нарт эцэг Г.Гарьдхүүгээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлимйн 5.3-д “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэжээ. Иймд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Охин Г.Тунгалаг-Эрдэний 2012 оны 4 сараас 2015 оны 6 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Орос хэлний сургалттай “Хөгжил” цэцэрлэгт сургалтын төлбөр хэлбэрээр төлсөн төлбөрийн 50 хувь болох  4,525,000 төгрөгийг гаргуулах шаардлагын  хувьд гэрлэгчид 2013 оны  8 дугаар сараас хойш тусдаа амьдарсан  болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацаанаас хойш төлсөн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар бол 2013 оны 08 дугаар сараас хойш 2015 оны 06 сар хүртлэх хугацаанд нийт 6,172,727 / хэргийн 18-22 дахь хуудас / төгрөгийн төлбөрийг төлсөн байх тул түүний 50 хувь болох  3,086,364  төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх нь 1,438,636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаа Очир бөө овогт Бадамдоржийн Ширнэнжав /РД:ТЯ87071801/, Боржигон овогт Ганболдын Гарьдхүү /РД:МР89111951/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Гарьдхүүгийн Тунгалаг-Эрдэнэ  /РД:УХ09212782/, 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Боржигон овогт Гарьдхүүгийн Гал-Эрдэнэ  /РД:УХ14233098/ нарыг эх Б.Ширнэнжавын асрамжинд үлдээсүгэй.

          3.Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар охин Г.Тунгалаг-Эрдэнэ, хүү Г.Гал-Эрдэнэ нарыг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Гарьдхүүгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

5. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гарьдхүүгээс сургалтын төлбөрт нийт 3,086,364 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ширнэнжавд олгож, үлдэх 1,438,636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

            7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ширнэнжаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Гарьдхүүгээс 134,532 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                     Х.ЭНХЗАЯА