| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0339/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/360 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Оюунбилэг,
Шүүгдэгч С.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Е-д холбогдох эрүүгийн 1938000000436 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Е.
Шүүгдэгч С.Е- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах “Талст” дэлгүүрийн хойноос иргэн П.З-ын улаан өнгийн “Мустанг-5” маркын ...улсын дугаартай мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учрууулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Е- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах “Талст” дэлгүүрийн хойноос иргэн П.З-ын улаан өнгийн “Мустанг-5” маркын ...улсын дугаартай мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох
баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
- Хохирогч П.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...алдсан мотоциклоо буцааж авсан. Мотоциклиос дутуу байсан эд зүйлийн төлбөрийг С.Е-эс өөрийн дансаар шилжүүлж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнгөрсөн 7 хоногт С.Е- нь манай тамборт нэг улаан өнгийн мотоцикль авч ирээд оруулж тавьсан байсан. Тэгээд С.Е- нь манай эхнэрт хэлэхдээ манай найзын мотоцикль юм өөрөө машинтай болохоор намайг унаж бай гээд надад өгсөн гэж хэлсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Хөрөнгө үнэлгээчний иргэн П.З-ын хулгайд алдсан “Мустанг-5” маркын мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 1.200.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч С.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би зах дээр ганцаараа явж байсан юм. Тэгээд явж байсан чинь Талст худалдааны төвийн үүдэнд улаан өнгийн Мустанг-5 маркын мотоцикль тавьсан байсан. Ойр орчмыг нь харахад эзэн нь байхгүй байсан. Тэгэхээр нь би түлхүүр тааруулаад мотоциклийг нь унаад Мөрөн сумын ... тоотод байх хүргэн ах -Нийнд очсон. ...Би тэдний таамбарт мотоциклоо хийсэн. Манай эгч С-, хүргэн ах -Н хоёр ирээд “энэ юун мотоцикль юм бэ?” гэхээр нь манай ангийн хүүхдийн мотоцикпь юм, намайг хэсэг унаж байгаарай гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би уг мотоциклийн ...гэсэн улсын дугаарыг нь аваад банкны таг, суудлын бүрээсийг нь солиод хөгжмийг нь аваад 1000-ийн мотоцикльд явсан. Би 7 хоног 1000-ийн мотоцикльд явсан. Би 2019 оны 11 дүгээр сарын эхээр 1000-ийн мотоцикльд явж байгаад мотоциклийн эзэнд нь баригдсан. ...Би шинэ мотоцикпь байхаар нь хулгайлсан юм. ...Ийм хэрэг хийдэг нь миний буруу би их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Е-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч С.Е- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч С.Е- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах “Талст” дэлгүүрийн хойноос иргэн П.З-ын улаан өнгийн “Мустанг-5” маркын ...улсын дугаартай мотоциклийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулж “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5 дугаар хуудас/, хохирогч П.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь
үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Би тэр шинэ мотоциклийн эзэн нь байхгүй байхаар нь түлхүүр тааруулж хулгай хийсэн” /хх-ийн 38-39/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаа эд хөрөнгө олох санаа зорилгыг агуулсан, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.Е- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах “Талст” дэлгүүрийн хойноос иргэн П.З-ын улаан өнгийн “Мустанг-5” маркын ...улсын дугаартай мотоциклийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч С.Е-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үрдагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.З-ын “...алдсан мотоциклоо буцааж авсан. Мотоциклиос дутуу байсан эд зүйлийн төлбөрийг С.Е-эс өөрийн дансаар шилжүүлж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, улаан өнгийн “Мустанг-5” маркын мотоциклийг хохирогч П.З-т хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Е-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч С.Е- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Е-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Хөвсгөл Дулааны Станц” төрийн өмчит хувьцаат компанид өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч С.Е-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ