Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/361

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Ө.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.П-д холбогдох эрүүгийн 1938007550419 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.П.

Шүүгдэгч Ө.П- нь Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр 2.4 м.куб хэмжээтэй модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.П- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... улсын дугаартай “Маяти” маркын тээврийн хэрэгслээр 12х15 сантиметрийн харьцаатай 34 ширхэг палк буюу 2.4 м.куб хэмжээтэй модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар 12х15 сантиметрийн хэмжээтэй 3.95 метрийн урттай 34 ширхэг палкыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Засаг даргын тамгын газраас намайг хохирогчоор тогтоосон юм. Би модны шинжилгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ... улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр палк тээвэрлэж яваатай таарч шалгахад иргэн Ө.П- нь мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан бөгөөд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг авсан үгүй талаар асуухад мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин гарал үүслийн бичиг аваагүй гэсэн. Түнэл сумаас тээвэрлэж яваа гэсэн. Тэгээд өөрөөс нь асуухад 30 гаруй палк байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Гэрч Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би уг тээврийн хэрэгслийг 2018 оны 09 сард П-н хүү Э гэх хүнд зарсан. Тэгээд мөнгө төгрөгөө бүрэн төлж барагдуулаагүй учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь Э- нэр дээрээ шилжүүлж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Түнэл суманд үйл ажиллагаа явуулдаг “...” мэргэжпийн ойн байгууллагынхаа нэр дээр Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Хэнгэрэгт гэх газраас хэрэглээний зориулалтаар 5 куб мод бэлтгэх эрхийн бичиг аваад тухайн үед модоо бэлтгэж авсан. Тухайн мэргэжпийн байгууллага нь хүү Э-ынх нь эзэмшилд байдаг. Өөрсдөө мэргэжлийн байгууллагатай учраас ойгоос мод бэлтгэхдээ зохих зөвшөөрлөө аваад л бэлтгэдэг хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 012347 дугаартай Бат-Эрдэнэ РМ64031805 нэрээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ө.П-гийн хууль бусаар модон материал тээвэрлэсэн гэх Маяти загварын ... улсын дугаартай автомашины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн “Бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход 1.419.840 төгрөг” гэх дүгнэлт, зүсмэл модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
  • ... улсын дугаартай “Маяти” маркын автомашиныг 8.500.000 төгрөгөөр, 12х15 сантиметрийн хэмжээтэй 34 ширхэг палкыг 510.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ө.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эрхийн бичигтэй мод тээвэрлэж явсан. Харин гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан нь үнэн. Яллагдагчаар татсан зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 10-р сарын 28-ны өдөр байсан санагдана. Намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд гэртээ байж байхад Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн С.Б-над руу утсаар яриад палк авъя гэхээр нь би Түнэл сумын төвд байрлах хашаанаасаа 34 ширхэг палкыг өөрийн хүүгийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хөдөлсөн. Ингээд гэр хороолол руу орж ирж яваад цагдаа нартай таарч баригдсан. Тэгээд цагдаад гарал үүслийн бичиг аваагүй гэсэн чинь тээврийн хэрэгслийг тээвэрлэж явсан модны маань хамт саатуулсан. ...2019 оны 09-р сарын 19-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авч Түнэл сумын Хэнгэрэгт гэх газраас мод бэлтгээд зүсмэл материал болгосон. ...Төлж барагдуулахгүй. Яагаад гэхээр миний тээвэрлэж явсан палк нь ойн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч мод бэлтгээд, бэлтгэсэн модоо зүсмэл материал болгож тээвэрлэж явсан. Би ойлгохдоо огт зөвшөөрөл авахгүй ойгоос мод бэлтгэсэн бол байгаль экологид хохирол учруулсан гэж үзэж ойн санд учруулсан хохирлоо төлж барагдуулах нь зүйтэй. Түүнээс биш ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг нь аваад бэлтгэсэн модонд ойн санд ямар хохирол учраад байгааг би ойлгохгүй байгаа. Харин би гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан үйлдэлдээ арга хэмжээ авагдахад бэлэн байна. ...манай хүү Э- нь Батмөнх гэх хүнээс худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж аваагүй машин байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ө.П-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ө.П- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ө.П- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр 2.4 м.куб хэмжээтэй модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

Шүүгдэгч Ө.П- нь “ойгоос зохих зөвшөөрлийг нь аваад мод бэлтгэсэн, харин тээвэрлэхдээ гарал үүслийн бичиг аваагүй нь үнэн. Тийм учраас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхгүй” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай .... нэрээр бичигдсэн мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбараар /хх-ийн 25/ нотлогдож байх тул ойн санд ямар нэг хэмжээгээр хохирол төлбөр учраагүй гэж шүүх үзэн хохирогч Ц.Б-гийн ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материал тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ө.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. 

Шүүх шүүгдэгч Ө.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасныг харгалзан шүүгдэгчид  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 510.000 төгрөгийн үнэлгээ бүхий 34 ширхэг 12х15 сантиметрийн хэмжээтэй палкыг шүүгдэгч Ө.П-гээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.П-гээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материал тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.П- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ө.П-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.4 м.куб хэмжээтэй модон материал буюу 12х15 сантиметрийн харьцаатай 34 ширхэг палкыг худалдан борлуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ