Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 5594

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 12-1а тоотод байрлах “Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 23 дугаар байр, 5 тоотод оршин суух, Төгсөөгийн Тэрбиш /РД:ХП68031702/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Ойчидын 1 дүгээр гудамж, 40 тоотод оршин суух, Хуягийн Энхтайван /РД:ЧЗ77092017/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 57,038,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энх-Амгалан, Т.Пүрэвбазар, хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш, хариуцагч Т.Тэрбишийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Тэрбиш, Х.Энхтайван нар нь “Даймонд Файнанс” ББСБ-аас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ14/12/147 тоот зээлийн гэрээний дагуу 34,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлтэй холбоотойгоор талууд мөн өдрийн ЗБГ 14/12/147 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 23 дугаар байр, 5 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205031327 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул зээлийн гэрээний үлдэгдэл 34,500,000 төгрөг, хүү 18,996,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,542,000 төгрөг, нийт 57,038,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Тэрбиш нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Даймонд Файнанс ББСБ” ХХК  нь Т.Тэрбиш болон Х.Энхтайван нараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ14/12/147 тоот зээлийн гэрээний үүрэгт 57,038,000 төгрөг нэхэмжилжээ. Т.Тэрбиш миний бие “Даймонд Файнанс ББСБ” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/13/06/074 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 29,850,000 төгрөгийг хамтран хариуцагч Х.Энхтайваны хамтаар зээлэн авч, БГД-ийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 23-5 тоот орон сууцыг барьцаалсан юм. Уг зээлийг бүхэлд нь Х.Энхтайван авсан бөгөөд миний бие уг зээлээс нэг ч төгрөг аваагүй юм. Гэтэл Х.Энхтайван нь зээлийн хүү болон үндсэн зээлийг төлж барагдуулахгүй байсан тул 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр “Даймонд Файнанс ББСБ” ХХК-аас Х.Энхтайван бид хоёрыг дуудаж уулзан “...та нарын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/13/06/074 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 34,000,000 төгрөгөөс илүү гарсан тул 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцон дахин гэрээ байгуулахаар болсон...” гэж хэлээд тус өдөр зээл хааж, мөнгө төлсөн болон шинээр зээл авч мөнгө авсан, зээлийн гэрээ зэргийг шинээр үйлдсэн. Миний бие “Даймонд Файнанс ББСБ” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/13/06/074 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 29,850,000 төгрөгийг хамтран хариуцагч Х.Энхтайваны хамтаар нэг л удаа мөнгө авсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр огт мөнгө аваагүй байтал ЗГ/14/12/147 тоот гэрээгээр 34,500,000 авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “Даймонд Файнанс ББСБ” ХХК болон Т.Тэрбиш, Х.Энхтайван нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: хариуцагч Т.Тэрбиш нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,038,000 нэхэмжлснээс 2,902,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 54,136,000 төгрөгийг хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нар төлөхийг хүлээн зөвшөөрч,  төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 5,413,600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 9,743,940 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 38,978,460 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК нь хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нарт холбогдуулан 57,038,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.Тэрбиш нь нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, хариуцагч Т.Тэрбиш нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,038,000 нэхэмжилснээс 2,902,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 54,136,000 төгрөгийг хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 5,413,600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 9,743,940 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 38,978,460 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,140 төгрөгийг, хариуцагч Т.Тэрбишээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нараас улсын тэмдэгтийн хураамжид 428,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                          ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,038,000 нэхэмжилснээс 2,902,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 54,136,000 төгрөгийг хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 5,413,600 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 9,743,940 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 38,978,460 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Т.Тэрбиш нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/12/147 тоот зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,140 төгрөгийг, хариуцагч Т.Тэрбишээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг тус тус улсын улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхтайван, Т.Тэрбиш нараас улсын тэмдэгтийн хураамжид 428,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

                                     ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА