| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0101/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 19.14.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: О.Д /өөрөө өөрийгөө өмгөөлнө/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Галт овогт Отгонбаярын Дид холбогдох 1929000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомтоос 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Гүмүда Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 78-74 ТЧ дугаарын чиргүүүлтэй, 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Хилийн 0131 дүгээр ангийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д нь мэдүүлэхдээ: “Өгнө гээд, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр урагшаа орсон чинь манай хужаа намайг хүрээд ир гээд дуудсан. Намайг очсон чинь миний бичиг баримтыг байгаа юу гэж асуусан, байна гэсэн чинь манайх компани дээрээ бүртгэл хийх гэж байна, тэгээд чамайг шинэ тэргэнд явуулна гэж хэлээд миний бичиг баримтыг хурааж авч явсан. Тэгээд нөгөө хужаа өөр хүмүүстэй уулзаж байгаад орой нь 16, 17 цаг өнгөрч байхад гэртээ хүрээд ир гээд намайг дуудсан. Яваад очсон чинь 2 хужаатай сууж байсан, “08 дугаар сарын 22-нд чи хойшоо Монгол руу гарч ирсэн тэр үед машиныг чинь өөр жолооч барьж, миний машины дугуйнуудыг аваад, түлшийг нь зарсан байна. Тэр хүн чинь одоо надад олдохгүй байна, тиймээс чи төл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машиныг барьж тийм болгоогүй болохоор төлөхгүй гэж хэлсэн чинь хамт байсан 2 хужаа нь намайг барьж аваад зодсон. Тэгээд би гараад 2 найзаасаа 5000 юань аваад аваачиж өгсөн. Маргааш нь 7 цаг болж байхад надруу залгаад хүрээд ир гэсэн. Бас яваад очсон чинь чамайг мөнгө төгрөгөө өгөхгүй бол ална, өнөөдрийн дотор 12,000 юань өгөөрэй гэсэн. Би Монгол руу яаж явах мэдэхээр адууны хашаанд очоод 2 монгол ах таарахаар нь би “хужаа хүний гарт алуулах гээд явж байна. Монгол руу яаж гарах вэ” гэж асуусан чинь мэдэхгүй байна чи өөрөө учраа ол гэсэн. Тэгээд тэнд нэг жолооч нь байхгүй, урагш нь гаргаад тавьсан машин байсан. Тэр машиныг бариад би Монгол руу гарч ирсэн. Монголын хил дээр штанг дардаг хүнд нь үнэн учраа хэлсэн” гэв.
ISM программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-27-р хуудас/
32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-32-р хуудас
О.Дийн гэрчээр өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө машины эзэн Хятад таарахад “үдээс өмнө мөнгө олж өгөхгүй бол ална шүү” гэж хэлээд явсан. Би яах учраа олохгүй явж байгаад “Адууны хашуу”-нд очоод 2 Монгол ахад үнэн учраа хэлсэн чинь “тус болж чадахгүй” гэсэн. Тэгээд цааш яваад эргэн тойрноо харсан чинь Монголруу гарах эхний машин зогсож байсан. Хэсэг хартал жолооч нь байхгүй байсан. Явж очоод машинд нь суухад түлхүүр нь зоолттой байсан учир машиныг асаагаад шууд Хятадын хилээр гарах гэж байтал Хятадын хилийн цэрэг зогсоогоод “штампаа даруулсан уу” гэж дохио зангаагаар асуухаар нь толгой дохисон чинь яв гэсэн. Хятадын хилээс гараад Монгол улсын хилийн хашаанд тулж зогсоод ... Гашуун сухайт хилийн боомтоор явган алхаж, боомтын байгууламж руу ороод баримт бичиг шалгадаг хилийн цэргийн албан хаагч дээр очоод “урдаас бичиг баримтгүй ороод ирсэн” гээд үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч Д.Отгонзоригийн өгсөн: “...Тухайн өглөөний 10 цаг өнгөрч байхад цагаан өнгийн толгойтой Нордбенз маркийн нүүрс тээврийн ачааны машин Монгол улсруу орох чиглэлийн 1 дүгээр хаалтын гадаа ирж зогссон. Жолоочтой нь уулзаж юу боомт руу орьё гэж хариулсан. Тэгээд би манааны ахлагч дэд ахлагч Энхчимэгт “гэрчилгээгүй машин ирж зогссон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/
Гэрч С.Энхчимэгийн өгсөн: “...Тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад байлдагч Д.Отгонзориг над дээр ирээд “тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй машин боомтын гадна зогсож байна” гэж мэдэгдсэний дагуу ахмад Түмэнцогтод мэдэгдэж, тус 32-17 ӨМҮ улсын дугаартай машиныг саатуулсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад тухайн 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үндсэн жолооч гэх эрэгтэй боомт дээр ирээд “гэрчилгээгүй машин боомтруу орох гээд зогсож байгаа, би бичиг баримтыг нь аваад ирлээ” гэсэн. Бичиг баримтыг нь авч саатуулан, 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очин тулгалт хийж шалгахад тус машины бичиг баримт байсан. Тэгээд би тус машины үндсэн жолооч болон Хятадаас жолоодон орж ирсэн жолооч нарыг боомтруу баримт бичгийг нь шалгуулахаар явуулж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
Гэрч Д.Төрмандахын өгсөн: “...О.Дийг гадаад паспорт чинь байна уу? гэхэд “байхгүй” гээд шууд хэлж байсан. Машины Хятад эзэн нь бичиг баримтыг нь хураасан учир ийм зүйл болсон гэж тайлбарлаж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/
Гэрч Д.Ариунболдын өгсөн: “...О.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын Гашуун сухайт боомтоор гарсан байсан. Харин 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад хууль бусаар хил зөрчин орж ирсэн ... О.Д нь Хятадын “Ганц мод” боомтоос Монгол руу гарах эхний машиныг жолоодон Монголын хилийн гадна зогссон байсан. Тус машины жолооч сүүлд нь ирж машиныхаа бичиг баримтыг шалгуулсан. Тус иргэний зөрчилд тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Яагаад гэвэл боомт руу тус иргэн нь явсан орж ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/
Гэрч М.Мөнхзулын “Хятадын хилээс манай компаний машиныг хил зөрчсөн гэх эрэгтэй хулгайлаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
Гэрч Ш.Жамъянсүрэнгийн өгсөн: “...Тухайн өдөр миний машин Адууны 2 дугаар эгнээнд буюу БНХАУ-аас гарах 2 дахь таталтанд оочирт зогсож байсан. Машинруугаа яваад очтол машин маань байхгүй байсан. Тэгээд адууны хашааг 2 тойроод, ойр хавьд байх машины замуудаар хайгаад олоогүй. Эхнэрлүүгээ залгаад “машины Хятад эзэнтэй холбогдоод машин хаана явж байгааг мэдээд өг” гэсэн. Эхнэр маань эзэн Хятадтай ярихад “Хятадын хилээр гарч байна” гэж хэлсэн. Би араас нь явган Хятадын хилээр гараад Монгол руу орох гэж байхад машин маань хаалга голлоод зогсож байсан ... 32-17 ӨМҮ улсын дугаартай ачааны машин нь Хятад эзэнтэй, манай “Гүмүда Ложистик” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/
“Гүмүда Ложистик” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзулын өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай “Гүмүда Ложистоик” ХХК-ийн 32-17 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн машиныг БНХАУ-ын Ганц мод боомтоос О.Д гэдэг эрэгтэй хүн жолооч Жамъянсүрэнд хэлэлгүйгээр машиныг нь бариад Хятадын хилээр гараад Гашуун Сухайт боомтын гадна зогсоосон байсан ... О.Д гэдэг хүнийг танихгүй. Тэр өдөр анх харсан. Манай компанид ажилладаггүй. 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Жамъяансүрэн гэдэг жолооч жолооддог. О.Дуламсүрэн нь жолоодох эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-79-р хуудас/
О.Дийн яллагдагчаар өгсөн: “Би Хятад эзэнд паспорт, жолооны үнэмлэхээ өгөхөд намайг “мөнгө цавчсан” гээд зодож, мөнгө нэхсэн. Би 5 000 олж өгсөн боловч “12 000 юань үлдсэн өг, үгүй бол ална шүү” гээд байхаар нь айсандаа хууль бусаар хил зөрчиж Монголд орж ирсэн ... 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын “Ганц мод” боомтын “Адууны хашаа” гэдэг газраас 32-17 ӨМҮ улсын дугаартай ачааны машиныг эзэнгүй байхад нь аваад Хятадын хилээр гараад “Гашуун сухайт” боомт руу орох хаалганы гадаа зогсоосон. Тэгээд 2 цагийн дараа жолоочид нь машиныг нь хүлээлгэж өгсөн ... Би паспортгүй болоод, машины маань эзэн “мөнгө өгөхгүй бол ална” гээд байхаар нь зугтахдаа тэр машиныг ашиглаж Хятадын хилээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-90-р хуудас/
Шүүгдэгч О.Дийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч О.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 -р хуудас/,
Шүүгдэгч О.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч О.Д нь БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомтоос 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Гүмүда Ложистик” ХХК-ийн эзэмшлийн 78-74 ТЧ дугаарын чиргүүүлтэй, 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Хилийн 0131 дүгээр ангийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутай болох нь ISM программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-27-р хуудас/, 32-17 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-32-р хуудас/, О.Дийн гэрчээр өгсөн: “...машинд нь суухад түлхүүр нь зоолттой байсан учир машиныг асаагаад шууд Хятадын хилээр гарах гэж байтал Хятадын хилийн цэрэг зогсоогоод “штампаа даруулсан уу” гэж дохио зангаагаар асуухаар нь толгой дохисон чинь яв гэсэн. Хятадын хилээс гараад Монгол улсын хилийн хашаанд тулж зогсоод ... Гашуун сухайт хилийн боомтоор явган алхаж, боомтын байгууламж руу ороод баримт бичиг шалгадаг хилийн цэргийн албан хаагч дээр очоод “урдаас бичиг баримтгүй ороод ирсэн” гээд үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Гэрч Д.Отгонзоригийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, Гэрч С.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, Гэрч Д.Төрмандахын өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, Гэрч Д.Ариунболдын өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/, Гэрч М.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, Гэрч Ш.Жамъянсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/, “Гүмүда Ложистик” ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-79-р хуудас/, О.Дийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын “Ганц мод” боомтын “Адууны хашаа” гэдэг газраас 32-17 ӨМҮ улсын дугаартай ачааны машиныг эзэнгүй байхад нь аваад Хятадын хилээр гараад “Гашуун сухайт” боомт руу орох хаалганы гадаа зогсоосон. Тэгээд 2 цагийн дараа жолоочид нь машиныг нь хүлээлгэж өгсөн ... Би паспортгүй болоод, машины маань эзэн “мөнгө өгөхгүй бол ална” гээд байхаар нь зугтахдаа тэр машиныг ашиглаж Хятадын хилээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 87-90-р хуудас/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д нь гэм буруугаа хүлээж зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзул нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галт овогт Отгонбаярын Дийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн , 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дийг 450 /дөрвөн зуун тавин мянган/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА