| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07509/И |
| Дугаар | 5647 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 5647
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 27 байрны 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хулантай” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33/А-5 тоотод оршин суух, Гарам овогт Эрдэнэцогтын Эрдэнэбилэг /РД:УШ86110619/-т холбогдох,
297,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Хулантай” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Баянгол дүүргийн 7 дугаар хороо 27, 33 тоот байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 194 дугаартай гэрчилгээг дүүргийн засаг даргаас авсан. Энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. СӨХолбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа болно. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, ЗЗ/А байрны дээврийн засварыг бүрэн хийсэн. Гэвч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний өрийн хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэд байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зээг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, ннйтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ЗЗ/А байр 5 тоот оршин суух хариуцагч Э.Эрдэнэбилэгээс 2014 оны 12 сарын 16,850 төгрөг, 2015 оны 2, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөрт 117,950 төгрөг 2016 оны 1-9 сарын 163,050 төгрөг нийт 297,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Эрдэнэбилэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хулантай” СӨХ-ны нэхэмжилсэн 297,850 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Э.Эрдэнэбилэгээс 297,850 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хулантай” СӨХ-ны нэхэмжилсэн 297,850 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбилэг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 9,586 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 4,793 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ-ны нэхэмжилсэн 297,850 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбилэг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,586 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,793 төгрөг, хариуцагч Э.Эрдэнэбилэгээс 4,793 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА