Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Чандмань төв 205 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Энхжин инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 20-30 тоотод оршин суух, Боржигон овогт Түвшинтөгсийн Рэнчинбадам /РД:ХЗ87041631/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,004,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамдинжав, хариуцагч Т.Рэнчинбадам, гэрч О.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Энхжин инвест” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Рэнчинбадам нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Энхжин Инвест” ХХК-тай №UZ019 тоот зээлийн гэрээ байгуулж 3,300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй, алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувь байхаар харилцан тохиролцож зээлсэн. Зээлийн барьцаанд УНП 11-48 улсын дугаартай Тоёото марк 2 автомашин тавьж, уг автомашины гэрчилгээг нь манай компанийн нэр дээр шилжүүлэн машинаа зээлдэгч өөрийн эзэмшилдээ байлгаж байсан. “Энхжин Инвест” ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй холбоо барьж, зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн  үндсэн төлбөр болон хүүг төлөөгүй. Зээлийн барьцаанд тавьсан  УНП 11-48 улсын дугаартай Тоёото марк 2 маркын авто машиныг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Т.Рэнчинбадамын эхнэр О.Сэлэнгээс очиж авсан. Уг машин одоо манай  эзэмшилд байгаа. Иймд зээлдэгч Т.Рэнчинбадамаас үндсэн зээл 3,300,000 төгрөг, хүү 4,389,000 төгрөг, алданги 1,150,000 төгрөг, торгууль 165,000 төгрөг нийт 9,004,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Рэнчинбадам нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түвшинтөгсийн Рэнчинбадам миний бие тус шүүхэд ирүүлсэн “Энхжин Инвест” ХХК-ийн 9,004,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 7.1 дэх хэсэгт хэсэгт зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болон барьцааны гэрээ байгуулна гэсэн заалттай боловч надтай барьцааны гэрээ байгуулаагүй. Харин миний зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож машинаа зээлдэгчийн нэр дээр шилжүүлсэн. Зээлдэгч өөрөө машинаа унаад явахыг зөвшөөрсөн бөгөөд миний санхүүгийн чадавхи доройтсоноос зээлдэгчид төлөх ёстой мөнгийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй боловч 1,710,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасч тооцох байсан ч хасч тооцоогүй байна. Мөн миний авсан зээл 3,300,000 төгрөг байсан боловч зээлдүүлэгч нь “...манайх эхний сарын хүүг зээл олгохдоо шууд суутгаж авдаг гээд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан 210,000 төгрөгийн хүүг хасч бодоод надад 3,052,500 төгрөг дансанд шилжүүлсэн байсан нь гэрээнд заасан үйлчилгээг надад бүрэн үзүүлээгүй. Мөн гэрээнд заагдсан хугацаа дууссан байхад тус гэрээнд сунгалт хийгээгүй, сунгалт хийх талаар ч мэдэгдээгүй байдал нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тус гэрээнд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлүүлэхээр тохирсон бөгөөд алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэтэл зээлдүүлэгч нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлөх 210,000 төгрөгийн хүүг зээл олгосон өдрөө суутгаад авсан, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төлөх 189,000 төгрөгийн хүүг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг тус байгууллагын дансанд шилжүүлж төлсөн. 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлөх хүү болох 168,000 төгрөгийг төлөөгүй боловч 2015 оны 09 сард 1,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид бэлнээр төлж байсан бөгөөд нийт төлөх байсан дүнгээс 1,710,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна. Ингээд бодохоор 3,300,000 төгрөгийн гүйцэтгээгүй үнийн дүн 1,590,000 төгрөг, түүний 50 хувь нь алданги 795,000 төгрөг байх ба одоо нийт 2,385,000 төгрөг надаас нэхэмжпэх боломжтой байна. Зээлдэгч нь миний машиныг О.Сэлэнгээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр аваад явсан. Нэгэнт өөрийн эзэмшилд шилжүүлсэн тул зарсан эсэхийг одоогоор би мэдэхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож миний машиныг авсан. Би ч зээлийн гэрээний 3.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж машинаа өгсөн. Зээлдэгч машинаа зарж, тэр дүнгээсээ өр төлбөрөө барагдуулсан эсэх нь тодорхойгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Энхжин инвест” ХХК нь хариуцагч Т.Рэнчинбадамд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,004,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан, уг зээлийн гэрээгээр 3,300,000 төгрөгийг 30 хоногт 7 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар  зээлэхээр, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Т.Рэнчинбадамын эзэмшлийн 11-48 УНП улсын дугаартай Toyota Mark-2 маркын автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 6-9 тал/.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Т.Рэнчинбадам нь  нэхэмжлэгч “Энхжин инвест” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,710,000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх ба зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хүү, алданги, торгуульд нийт 9,004,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж байна.

Нэхэмжлэгч “Энхжин Инвест” ХХК нь хариуцагч Т.Рэнчинбадамаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь санхүүгийн чадавхи доройтсоноос болж зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн УНП 11-48 улсын дугаартай Тоёото марк 2 авто машиныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар болон гэрч О.Сэлэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн  235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн үүрэг нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн УНП 11-48 улсын дугаартай Тоёото марк 2 авто машиныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд  нэхэмжлэгч “Энхжин Инвест” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Т.Рэнчинбадамтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                       ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Рэнчинбадамаас зээлийн гэрээний үүрэгт 9,004,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Энхжин Инвест” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Энхжин Инвест” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА