Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч Д.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

Иргэний хариуцагчийн Б.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинсүрэнгийн Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001800099 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Гансүхийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Өгнө гээд, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ганц мод боомтоос 8172 улсын дугаартай авто машиныг жолоодон Цагаан хадны 4 дүгээр постоор орж ирсэн. Тэр өдөр “санхиан” богино нүүрс ачилтын талбайд очиж зогсоод тэндээ оочерлож зогсож байгаад 18 цагын үед орсон чинь намайг биржгүй гээд буцаагаад гаргасан. Тэгээд “Шунхлай” ХХК-ний арын зогсоол дээр машинаа тавиад цагаан хад орж хоол хүнс цуглуулж, хоол идээд буцаж ирээд машиндаа байж байсан. Хужаатайгаа яриад “биржгүй гээд гаргахгүй байна” гэж хэлсэн чинь “за байж бай” гэж хэлсэн. Тэр үед Отгоо над руу “ юу хийж байна” гэж яриад тэгээд уулзахаар болоод орой 22 цагийн үед  “Тахьдаг хайрхан” нүүрс ачилт буулгалтын талбайн үүдэнд очсон. Тэндээсээ бид нар ярилцаад Цагаад хад ормоор байна гэхээр нь Цагаан хаданд очоод засмал замаар урагшаа явж байгаад зүүн гар талаараа “санхиан” уулзвараар буугаад анх зогсож байсан зогсоолдоо очих гэсэн боловч шөнө харанхуй байсан болохоор зогсоолоо өнгөрч явсан байсан тэгээд “Шунхлай” ХХК-ний урд талын талбай руу баруун гар тийш эргээд хашаатай айлын зүүн талаас нь би машинаа тавьсан. Тэндээ буугаад Цагаан хаданд очоод Итгэл, Отгоо, Мөнхгэрэл бид хэд кароке орсон тэнд 1 цаг орчим болсон би тэр хойгуур хоол хүнс хайж явж байгаад шөнийн 00 цагийн үед карокеноос гарсан. Буцаж машиндаа ирээд буруу талын хаалгаа онгойлж тэр 3-ыг суулгаад өөрөө зөв талын хаалгаар орж суугаад 5 минут орчим хийгээ хурааж зогсож байгаад ухрах хөдөлгөөн хийгээд хөдөлсөн. Тэгээд буцаад нөгөө хаалган дээрээ очоод тэр 3-ыг хүргэж өгөөд тэнд 1 цаг орчим фэйсбүүк орж, дуу сонсож сууж байгаад тэр хэд ажил руугаа орсон. Би буцаад засмал зам руу ороод “санхиан” ХХК-ний уулзвараар буугаад богинын оочерт очиж хоносон. Маргааш үдээш хойш ачуулаад ачилтын талбай дотор хоносон. Маргааш нь бас гэрээ хийгээгүй гээд явуулахгүй байсан. Үдээш хойш монофистоо авчхаад богинын шороон замын оочерт ороод замдаа нэг хоноод нөгөөдөр нь ганц модны боомт дээр урагшаа гарч нүүрсээ буулгасан. Тэгээд намайг цагдаа дээр дуудсан асуух юм байна гэж хэлсэн, би очиж мэдүүлэг өгсөн.  Тухайн үед миний санамсар болгоомжгүйгээс хүний амь нас хохирсон явдалд би үнэхээр харамсаж байна. Ар гэрээс нь уучлалт хүсэж байна”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанчимэг мэдүүлэхдээ: “Би Гансүхийн төрсөн эгч нь бид нар 6 уулаа, миний хамгийн бага дүү байсан. Миний ээж одоо 79 настай. Талийгаач эхнэр болон 2 хүүхдийн хамт амьдардаг байсан, 1 хүүхэд нь 5 настай, том хүүхэд нь 18 нас хүрсэн. Миний дүү өөрийнхөө амьдралд тулгарсан асуудлыг өөрөө шийднэ гэсэн бодолтой явдаг хүн байсан. Тийм ч учраас байрны зээл бусад асуудлаас гарахын тулд цагаан хад гэдэг газар явсан байсан. Харамсалтай нь өөрийнхөө санасан бодсоныг биелүүлж чадсангүй. Хариуцагчийн хувьд гомдож байгаа зүйл гэвэл 09 дүгээр сарын 13-ны өдөр би ирж шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бүтэн өдөржин Ханбогд суманд байсан боловч надтай ирж уулзаагүй. Байцаагчийн хувьд надад хэлсэн “энд ийм хүн байна, та уулзах сонирхолтой байна уу” гэсэн би хариу хэлээгүй. Д.Нгийн хувьд надаас айгаад ичээд уулзахгүй байрны гадаа байж байгаад явлаа гэсэн хариултыг өгч байсан. Манай дүү бүх асуудлаа өөрөө зохицуулдаг байсан тул ар гэрийнхний хувьд ирээдүй нь ямар ч итгэл найдваргүй байна. Том хүүхэд нь анагаах ухааны сургуульд одоо 2 дугаар курс байгаа, төлбөрийг нь хэн төлөх, хэн хүүхдийн үргэлжлүүлэн сургах вэ, амьдарч байгаа орон байрны лизинг нь хэн төлөх энэ бүх асуудал эзэнгүй үлдлээ. Тийм болохоор би 2 хүүхдийнх нь тэжээн  тэтгэх асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгөөч гэж хүсмээр байна гэв.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгийн өгсөн: “...Би талийгаач Д.Гансүхийн төрсөн эгч нь байна. Талийгаач нас барахаасаа өмнө эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байсан. Сүүлийн үед бага зэрэг уудаг болсон гэж сонссон. 2015 онд орон сууцны зээл авсан. Тэгэхдээ ипотекиор биш бизнесийн зээлээр сарын 2.3%-н хувийн хүүтэй 80 орчим сая төгрөгний зээл аваад байр авсан юм. Сүүлийн үед зээлээ төлж чадахгүй байдлаас болж хоорондоо маргалдаад байх шиг байдаг байсан. Нас барахаас нь 14 хоногийн өмнө утсаар ярьсан. Хэвийн байсан. Гомдолтой байна. Дүүг маань дайрсан жолооч өнөөдрийг хүртэл бид нартай уулзаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/,

Гэрч П.Оюунтунгалагийн өгсөн: “Ганаа /Гансүх/ миний хийж өгсөн хоолыг идэж

дууссаны дараа дэлгүүрээс барьж орж ирсэн “Шар Чингис” архи задлаад нэг хундага уугаад надад нэг хундага хийж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй амсаад өгсөн. Тэгээд Ганаа манай гэрт жаахан сууж байгаад 19:00 цагийн үед манай гэрээс гарахдаа “ганцаараа архи уур тэнэг юм байна” гэж хэлээд манай гэрээс “Шар Чингис архиа бариад гараад яваад өгсөн ... Ганаа манай гэрээс гарахдаа “миний машин Шунхлай шатахуун түгээгүүрийн ард Амгалан ахын хажууд байгаа. Би машин дээрээ очлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-р хуудас/,

Гэрч Д.Доржрагчаагийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өглө 08:00 цаг

өнгөрч байхад Амгалан ах манай гэрт сандарсан байдалтай орж ирээд “чамтай хамт нэг цуваанд яваад байдаг Гансүх гээд залуу нас барсан байдалтай шороон дээр хэвтэж байна” гээд хамт Шунхлай шатахуун түгээгүүрийн зүүн талд шороон дээр хэвтэж байсан Гансүхийг нас барсан байна гэдгийг мэдээд цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187-р хуудас/,

Гэрч М.Амгаланбаатарын өгсөн: “Би тэр өглөө босоод харахад миний гагнуурын

портерийн цаахна улаан толгойтой чиргүүлтэй Нордбенз маркийн машин тавиатай байсан. Одоо ч тэр машин тэндээ байгаа. 06 дугаар сарын 18-ны өглөө намайг босоод харахад тэр машины кабины 2 дэлгээтэй харагдсан. Би ойртож лавшруулж харалгүй өөрийнхөө харж байгаа машинуудыг шалгаж хараад явж байгаад талийгаачийн цогцосыг харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204 -р хуудас/,

Гэрч Б.Амархүүгийн өгсөн: “Тэр өглөө би 07 цаг өнгөрч байхад босоод бие засаад гар нүүрээ угаачихаад угаадсаа асгаад явж байтал манай гэрээс урагш, машинуудын цаана нэг хонхор газар нэг хүн ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би согтуу хүн байна гэж бодсон ... намайг цайгаа чаначихаад байж байтал манай өвгөн босоод гарч явснаа Улаанаатай хамт гүйхээрээ буцаж ирээд “хүн өнгөрчихсөн байна ш дээ” гэж хэлсэн ... Манай гэрээс зүүн урагш талийгаачийн машин байсан гэсэн. Талийгаач тэр машиныг манай нөхөрт гагнуур хийлгэхээр үлдээсэн юм билээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220 -р хуудас/,

Гэрч Н.Отгонсүрэнгийн өгсөн[O1] : “Тэгээд Н, Итгэл, Мөнхгэрэл бид дөрөв Нгийн машинтай Цагаан хадруу явсан. Санхиан уулзвараар зүүн гар тийш буугаад Цагаанхадны зүүн талд байрлах засварын гэрүүд дунд яваад Шунхлай ШТС-ын зүүн урд талд гэрүүд дунд машинаа тавьсан ... шөнийн 00 цагийн үед караокеноос гараад Нгийн жолоодож явсан нүүрс тээврийн автомашин дээр ирсэн. Машиндаа дөрвүүлээ суугаад манай кемпрүү явсан”, мөн “Тухайн үед Н машинаа жолоодон манай кемпийн үүднээс хөдлөөд нүүрс тээврийн засмал замруу орон урагшаа чигээрэй явж байгаад Санхиа уулзвараар зүүн гар талруугаа буусан. Тэгээд засмал замын зүүн талын гэрүүд дундуур  явж байгаад Шунхлай колонкын араар буюу зүүн талаар нь тойрч гаран тус колонкын урд хэсэгт зам дагуу байрласан Монгол гэрүүдийн зүүн талаас нь очиж зогссон. Миний санаж байгаагаар тухайн үед хойноо амбаартай гадуураа төмөр хашаатай айлын зүүн талаас нь машинаа тулгаж зогсоосон ... Н машинаа асаан Шунхлай колонкын урд хэсгээс хөдлөхдөө тээврийн хэрэгслээрээ ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 255-р хуудас/,

Гэрч Э.Эрдэнэ-Итгэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 248-р хуудас/,

Гэрч Ө.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 267-р хуудас/,

Д.Нгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 258-259, 261-262-р хуудас/, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 275-276-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 281-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4111 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 299-300-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3967 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 310-320-р хуудас/, Гэрээт цагдаагийн тасгийн шинжээч Б.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 323-324-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Н нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 72-10 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Гансүхийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанчимэгийн мэдүүлэг /хх-ийн 134-135-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-69-р хуудас/, гэрч П.Оюунтунгалагийн мэдүүлэг /1-р хх-ийн 188-р хуудас/, гэрч Д.Доржрагчаагийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 186-187-р хуудас/, гэрч М.Амгаланбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 204 -р хуудас/, гэрч Б.Амархүүгийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 220 -р хуудас/, гэрч Н.Отгонсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 255-р хуудас/, гэрч Э.Эрдэнэ-Итгэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 248-р хуудас/, Гэрч Ө.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 267-р хуудас/, Д.Нгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 258-259, 261-262-р хуудас/, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 275-276-р хуудас/, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 281-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4111 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 299-300-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3967 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 310-320-р хуудас/, Гэрээт цагдаагийн тасгийн шинжээч Б.Батбаярын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 323-324-р хуудас/, 72-10 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 81-72 ӨМА улсын дугаартай Фотон маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-163-р хуудас/ зэргээр хангалттай тогтоогдож  байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг гарах болсон нөхцөл,  хувийн байдал, зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн  оногдуулах  үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Алтанчимэгт иргэний хариуцагч Хүннү транс ХХК-аас гэм хорын хохиролд 14 000 000 /арван дөрвөн/ сая төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинсүрэнгийн Нг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Хохирогч Д.Алтанчимэг нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, иргэний хариуцагч ХХК-ний зүгээр хохирол төлбөрт нийт 14 000 000 /арван дөрвөн/ сая төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Алтанчимэг нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нгийн B, C, E ангиллын №580837  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөн хураагдаж ирсэн 4 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хероесвин” ХХК-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА

 

 

 

 

 


 [O1]