| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07125/И |
| Дугаар | 5654 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 5654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 2-33 тоотод оршин суух, Боржигин овогт Халтарын Нямцэнгэл /РД:ЧИ75122261/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байр ХД2-4 тоотод оршин суух, Боржгон овогт Дуламсүрэнгийн Жадамба /РД:УШ76020518/-д холбогдох,
Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Нямцэнгэл, хариуцагч Д.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Нямцэнгэл миний бие 2001 онд Д.Жадамбатай танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.Даваажаргал төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас, Д.Жадамба архи ууж агсан согтуу тавих зэрэг асуудлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон Д.Жадамба нь хоёр хүүхэдтэй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Д.Жадамба нь 2007 онд машин авах зориулалтаар 1,500,000 төгрөг надаас авсан бөгөөд энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Жадамба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Жадамба миний бие хүү Ж.Даваажаргалд хүүхдийн тэтгэлэг өгнө. Х.Нямцэнгэлийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна. Бидний гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нямцэнгэл, нь хариуцагч Д.Жадамбад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Х.Нямцэнгэл, Д.Жадамба нар нь 2001 онд танилцаж, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.Даваажаргалыг төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 4 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2009 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хүү Ж.Даваажаргал одоо 9 настай, ба эх Х.Нямцэнгэлийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ж.Даваажаргалыг эх Х.Нямцэнгэлийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Д.Жадамба нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул, эцэг Д.Жадамбаагаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Ж.Даваажаргалыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х.Нямцэнгэл 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Жадамба 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагч Д.Жадамбаас 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нямцэнгэлд олгохоор шийдвэрлэв.
Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон ямар нэгэн эд хөрөнгө байхгүй тул зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Тус нэхэмжлэлд төлөх 108,700 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.Жадамба төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв /хх-ийн 2,10 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Халтарын Нямцэнгэл /РД:ЧИ75122261/, Боржгон овогт Дуламсүрэнгийн Жадамба /РД:УШ76020518/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.Даваажаргалыг эх Х.Нямцэнгэлийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Ж.Даваажаргалыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Жадамбаагаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6. Хариуцагч Д.Жадамбаас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нямцэнгэлд олгосугай.
7. Зохигч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА