Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч С.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэл овогтой Сосорбарамын Гт холбогдох 1929002330102 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Уурхайчин хорооллын 5-145 тоотод иргэн Л.Ганбаттай “Салаавч гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн гаран тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

- С.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 8-9-р хуудаст/,

- С.Батболдын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 10-р хуудаст/,

- Б.Наранцацралын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 11-р хуудаст/,

- Л.Ганбатын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 14-15-р хуудаст/,

- С.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 17-р хуудаст/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №480 дугаартай дүгнэлт /хх-н 22-р хуудаст/,

- Шүүгдэгч С.Гийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 32-34-р хуудас/,

- С.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 39-р  хуудаст/,

- Шүүгдэгч С.Г хохирогч Л.Ганбатад 1,200,000 төгрөг төлсөн тухай хохирогчийн мэдүүлэг, баримт /хх-н 27, 38-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Уурхайчин хорооллын 5-145 тоотод иргэн Л.Ганбаттай “Салаавч гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн гаран тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 С.Гийн гэрчээр өгсөн: “...Л.Ганбат гэх манай ажлын залуу гаднаас согтуу орж ирээд надад баяр хүргээд, Баярсайхан гэх манай ажлын хэсгийн мастерийн урдаас салаавч гаргахаар нь ...миний уур хүрээд маргалдаж муудалцсан. Гараараа биеийнх нь зүүн мөрөнд цохисон” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуудаст/,

С.Батболдын гэрчээр өгсөн: “...Л.Ганбат нь Баярсайхан дарга луу салаавч гаргахаар нь Г уурлаад ширээн дээгүүр даваад Ганбаагийн зүүн талын далруу нь цохихоор нь би болиулсан” гэх мэдүүлэг /хх-н 10-р хуудаст/,

Б.Наранцацралын гэрчээр өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 11-ний орой 19  цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Л.Ганбат рж ирээд “Гар эвгүй болчихлоо, эмнэлэг ороод ирье” гэж хэлсэн. Бид хоёр цуг эмнэлэг ороод зураг авахуулж, гибс тавиулсан. ...Ганбат нэг залууруу салаавч гаргасан, тэрнээс болж маргалдсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 11-р хуудаст/,

Л.Ганбатын хохирогчоор өгсөн: “...Би Баярсайхан гэдэг хүнтэй маргалдсан. Тэгсэн Г намайг “Чи манай ахтай муудалцлаа” гэж хэлээд бид маргалдаж эхэлсэн. Тэгээд Г намайг хойшоо унатал цохисон. Тэгэхэд би унаад гараа гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуудаст/,

С.Гийн яллагдагчаар өгсөн: “...Ганбат манай гэрт орж ирчихээд хүнрүү салаавч гаргаад байхаар нь би уурласан. Би гараа атгаж байгаад нэг удаа цохиход Ганбат арагшаа унахдаа эвгүй унаад гараа гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №480 дугаартай “Л.Ганбатын биед зүүн богтос ясны далд хугарал, баруун, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 22-р хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Л.Ганбатын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч С.Гийн хохирогчийн гаран тус газарт нь гараараа нэг удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч С.Гийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Л.Ганбатын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №480 дугаартай “Л.Ганбатын биед зүүн богтос ясны далд хугарал, баруун, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 22-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Л.Ганбатад хохирол төлбөрт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан /хх-н 27, 38-р хуудас/, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Гт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч С.Гт 500  /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэмбэрэл овогтой Сосорбарамын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 500 /таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н  сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ганбатад хохирол төлбөрт 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, С.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Гт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ӨЛЗИЙ-ОТГОН