| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2534 00000 0058 |
| Дугаар | 2025/ХШТ/129 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 10.1.3., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ХШТ/129
Л.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У, түүний өмгөөлөгч Б.Борхүү, шүүгдэгч Л.П-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Т.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дүгээр магадлалтай Л.П-д холбогдох 2534 00000 0058 дугаартай хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Л-ийн П, 1964 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, салхивч, нимгэн төмөрчин мэргэжилтэй, “Э” ХХК-ийн ...-д ...-оор ажиллаж байсан, ам бүл 6, ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар хэсэг, ... гудамжны ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД: ... ).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.П нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 03-05 цагийн үед Төв аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах ... орон сууцны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сар 28 хоногтой У.Х-г “Уйллаа” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулсны улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Л.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгахыг даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №06 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.П-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-т 47.765.465 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч Л.П-ээс сэтгэл санааны хохирол 60.706.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-т олгуулах, Солонгос улсаас ирж, очих онгоцны зардал, сургалтын төлбөр, эмчилгээний зардалд нийт 13.720.000 төгрөгийн, өмгөөлөгчийн зардал 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нь орон сууцны түрээсийн төлбөр 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “Шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-д оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-ийн цагдан хоригдсон нийт 121 (нэг зуун хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж,
5 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, шүүгдэгч Л.П-ийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон хар алаг өнгийн цамц 1 ширхэг, амь хохирогч У.Х-ийн өмсөж явсан цус мэт зүйлээр бохирлогдсон “PINK” гэсэн бичиглэлтэй шар өнгийн цамц 1 ширхэг, ягаан өнгийн футболк 1 ширхэг, цайвар өнгийн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэж,
7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-т 47.765.465 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, түүнээс насанд хүрээгүй хохирогч У.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нарын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт тус бүр 250.800.000 төгрөгийг гаргуулан олгож, онгоцны зардал болох 2.208.750 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 20.000.000 төгрөгийг нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардал 2.500.000 төгрөг болон сургалтын төлбөр, эмчилгээний зардал 11.511.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлоос “... онгоцны зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.П хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Би үйлдсэн гэмт хэрэг болон оногдуулсан ял шийтгэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Харин анхан шатны шүүхээс амь хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 60.706.800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн тус бүрт нь 250.800.000 төгрөг, нийт 501.600.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Би оногдуулсан ялыг биеэр эдэлж, дээрээс нь энэ их мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь санхүүгийн байдлаар давхар яллаж байна. Би энэ их мөнгийг төлөх чадвартай хүн биш. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардалд өөрийн зүгээс хань, үр хүүхдүүд минь чадах чинээгээрээ цуглуулж, 47.765.465 төгрөгийг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус бүрт сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг ийнхүү их хэмжээгээр тогтоосон нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарт нийцэж байгаа эсэхийг хянаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдэх үеийн амьжиргааны доод түвшин буюу 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж тооцох буюу 99.000.000 төгрөгөөр хохирогч тус бүрийн сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тооцож, нийт 198.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны хүн амын насжилтын мэдээллээр эмэгтэй хүний дундаж наслалт 74.1 байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч 10 сар 28 хоногтой байсан. Шүүгдэгч гомдолдоо “энэ их төлбөрийг төлж дийлэхгүй” гэсэн байна. Тэрээр эрүүгийн хариуцлага хүлээж хорих ял эдэлж байгаа. Түүний эзгүйд ар гэрийнхэн нь ажиллаж, амьдрах ёстой. Нэг хүнээс дээрх мөнгийг гаргуулах нь бодит байдалд хүндрэлтэй байна. Иймд хяналтын шатны шүүх энэ асуудалд анхаарч өгнө үү. Хоёрдугаарт, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, учруулсан бодит хохирлын төлбөр буюу 47.765.465 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр төлбөрийн хэмжээ өөрчлөгдөж, төлөхөд хүндрэлтэй болсон тул шүүдэгчээс хяналтын журмаар гомдол гаргасан” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Нэмэлтээр гаргах саналгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Амь хохирогч нь миний охины хүүхэд байсан. Түүнийг төрөөд 12 хоногтой байхад миний бие үрчилж авсан. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш шүүгдэгчийн ар гэрийнхнээс “Миний охинтой уулзаж уучлал гуйгаарай, надад маш хэцүү байна. Охиноо зүй бусаар алдчихлаа. Уг нь сайн өсгөж байсан” гэж гуйсан боловч шүүгдэгчийн ар гэрийн зүгээс ирээгүй. Шүүгдэгч “Хүүхэлдэй байна гэж бодоод 2 удаа хутгалсан” гэж хэлсэн. Тэрээр эхнэрийнхээ гарыг 1 удаа зүссэн байсан. Би тухайн хүмүүсийн таагүй харилцааны улмаас миний охины амь нас хохирсон гэж бодоод “Нэгэнт ийм зүйл болсон учир охиноос минь уучлалт гуйгаарай” гэхэд тэдгээр хүмүүс надтай харьцахаа больсон. Би “Гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг төлчих, надад хэцүү байна. Миний охиноос уучлалт гуйгаад өгчих” гэсэн боловч надтай холбогдоогүй. Миний 6 настай охин бие засахаар босоход шүүгдэгч амь хохирогчийг хутгалсан байсан. Охин минь “Би дүүгээ аваад явчихгүй яав даа, сүнснүүд ирээд намайг алах гээд байна. Би дүү дээрээ оччих вий дээ. Тэгвэл та бас хэцүүднэ шүү дээ” гэх зэргээр маш хүнд байдалтай байгаа. Шүүгдэгчийн тал надтай харьцаагүй, уучлалт гуйгаагүй учраас миний бие давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг хохирогчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч гомдол гаргасан шалтгааныг ойлгохгүй байна. Миний охин Солонгос Улсад сурч байгаа. Түүнд маш хэцүү байгаа. Миний бие байдаг бүхнээ зараад чадахаараа буян үйлдэж байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-ын өмгөөлөгч Б.Борхүү хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хоёр удаа ял шийтгэж байгаа асуудал байхгүй, мөн нөхөн төлбөрийн хэмжээ өндөр гэх асуудал яригдахгүй гэж үзэж байна. Хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн лавлагаа, үнэлгээний талаарх баримт авагдсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тус үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг битүүмжилсэн шийдвэрийг цуцалсан. ... Давж заалдах шатны шүүх хэргийг хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Амь хохирогч 10 сартай, ямар нэгэн хууч өвчингүй байсан. Түүнийг өсөн дэвшиж, нийгэмд ямар байр суурьтай хүн болох байсныг таамаглашгүй. Таамаглалд үндэслэж хэргийг хянан шийдвэрлэхгүй тул дундаж насжилтад тулгуурлаж нөхөн төлбөрийн хэмжээг тооцож шийдвэрлэсэн. Эсрэгээрээ, амь хохирогч хэдэн нас хүрэх, ажил хөдөлмөр эрхлээд ямар хэмжээний орлого олох байсан зэргийг таамаглан тооцвол тухайн асуудал өөрөөр шийдвэрлэгдэх байсан. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирол, түүний нөхөн төлбөрийн тухай асуудал 2 хүнд хамааралтай яригдана. Шүүгдэгч нь хохирогч У.Е-ийн нүдэн дээр амь хохирогчийг 2 удаа хутгалж алсан тул түүний сэтгэл санаа одоо ч тогтворгүй, хүнд нөхцөлд байгаа бөгөөд “Намайг хүн ирж авах гээд байна. Би яагаад явчихаагүй юм бэ. Намайг яагаад хутгалаагүй юм бэ” гэх зэргээр сэтгэл санааны байдлаа илэрхийлж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүйгээр зөвтгөн тайлбарлах байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Л.П-д холбогдох хэрэгт шүүхийн өмнөх шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. Харин хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тооцож шийдвэрлэхдээ хоёр өөрөөр шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхээс тогтоосон жишгээс өөрөөр шийдвэрлэжээ. Тодруулбал, анхан шатны шүүх амь хохирогчийн гэр бүлийн хоёр гишүүнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлийг харгалзан тооцож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан амь хохирогчийн насыг Үндэсний статистикийн хорооны 2024 онд гаргасан эмэгтэй хүний дундаж наслалттай харьцуулж, зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр тооцож, гэр бүлийн хоёр гишүүн тус бүрд гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүх хохирогч нас барсан хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шүүхээс хэрхэн тогтоож, шийдвэрлэх талаар хууль хэрэглээний жишиг тогтоосон. Ингэхдээ хүн бүрийн эрх тэгш байх, ямар нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтлан, таамаглалд тулгуурлахгүйгээр, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр тооцож, ар гэрт нь нэг удаа олгуулахаар шийдвэрлэх хууль хэрэглээний жишгийг тогтоосон. Энэхүү хэргийн тухайд тооцож үзэхэд, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг, үүнийг 150 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүн нь 99.000.000 төгрөг болж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг өөрчилсөн хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Л.П-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Шүүгдэгч Л.П хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... давж заалдах шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тус бүрт сэтгэцийн хэмжээг ийнхүү их хэмжээгээр тогтоосон нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбарт нийцэж байгаа эсэхийг хянаж өгнө үү” гэжээ.
2.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У, түүний охин У.Е нарт хоёуланд нь олгохоор шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд 4 дүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аргачлалын тухайн зэрэглэлд заасан дээд хэмжээгээр буюу 45.99 дахин нэмэгдүүлэн тогтоосон бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлж тооцсоноор шүүхүүдийн хууль зүйн дүгнэлтийн хооронд зөрүү үүсчээ.
3.Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон зарчимд үл нийцүүлэн, Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хуулиудын хэрэглээ, үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж дараах үндэслэлүүдээр дүгнэлт хийв.
3.1.Хоёр шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гадна хэргийн газарт байсан, гэмт үйлдлийг харсан, амь хохирогчийн гэр бүлийн гишүүнд давхар гаргуулсан нь буруу болжээ.
Учир нь сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн дүнгээр тооцсон илэрхийлэл нь нөхөн төлөгдөхүйц байснаар шаардах эрхийн мөн чанар бодитоор хэрэгжих тул хуулиар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон ба хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүн тус бүрт бус амь хохирогчийн ар гэрт олгож буй нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр юм.
3.2.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг (1) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл (2) хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан.
Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно.
Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.
Харин Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг тооцоолох шалгуурыг илүү нарийвчлан тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн аргачлал, журмыг боловсронгуй болгох, тусгайлсан аргачлалыг бий болгосон тохиолдолд түүгээр шийдвэрлэхийг үгүйсгэхгүйг дурдаж байна.
Иймд амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-т олгуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаар тогтлоо.
5.Шүүгдэгч Л.П, түүний эхнэр Ц.Г, Е.У, Д.Т, Б.Х нар 2025 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Төв аймгийн ... сум, ... дүгээр баг, ... орон сууцны ... тоот Е.У-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Е.У шөнийн 05:00 цагийн үед Б.Х, Д.Т нарыг гэрт нь хүргэж өгөхөөр гарахдаа бага насны хүүхдүүд болох 10 сар 28 хоногтой У.Х, 6 настай У.Е нарыг Л.П, Ц.Г нарын хамт үлдээгээд явсан цаг хугацаанд Л.П нь У.Х-г хоёр удаа хутгалсны улмаас түүний цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдан зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирч, улмаар цус алдалтын шоконд орж нас барсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон гэж хэргийн бодит байдлыг сэргээн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
6.Шүүгдэгч Л.П нь тодорхой шалтгаангүйгээр нялх хүүхдийг хоёр удаа санаатай хутгалж, амь насыг нь хохироосон нь хөдөлбөргүй тогтоогдсон ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шүүгдэгч Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцэж, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно хэмээн оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Л.П-д холбогдох хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх байхад Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад “Хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхийг дурдсугай” гэсэн, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол, шийтгэх тогтоолуудад шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай хийсэн эсэх нь зөрүүтэй тусгагдсан бол давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай явуулсан нь огт тусгагдаагүй байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын:
“… Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ... насанд хүрээгүй хохирогч У.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У нарын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт тус бүр 250.800.000 төгрөгийг гаргуулан олгож, ...” гэснийг
“… Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ... сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99.000.000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.У-т олгож, ...” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.П-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Ч.ХОСБАЯР