Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1753

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/05058 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ,ХХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 31 672 000 төгрөг, алдангид       15 836 000 төгрөг, нийт 47 508 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2011 онд хариуцагч ХХХХ нь ХХХХ ХХК-ийн Толгойтод байрлах 5, 15 дугаар 2 зоорийг түрээслэхээр тохирсон байсан бөгөөд ХХХХ миний бие 15 дугаар зоорийг нь түрээслэхгүй, нэгийг нь түрээсэлвэл болно гэсэн. Гэтэл 2011 оны 3 дугаар сарын үед Жаргалант суманд амьдардаг эгч ХХХХ-ээр дамжуулан над руу утсаар ярьж 2 зоорь түрээсэлмээр байна гээд гэрт ирж уулзсан. Тэд надад 5 дугаар зоориноос гадна 15 дугаар зоорийг түрээсэлмээр байна гэж санал тавьсныг нь би хүлээн авч 15 дугаар зоорины нийт 36 баганаас 10 баганыг нь авч үлдэж, үлдсэн 26 баганыг тэдэнд 1 улирлын 10 000 000 төгрөгөөр түрээсэлсэн. Ингээд 2011 оны намраас эхлэн ХХХХ нар нь төмсөө зоориндоо хийж эхэлсэн ба ХХХХ-ийн дүү ХХХ гэх залуу хариуцаж ХХХХ гэх хүн манаачаар ажиллаж ХХХХ болон ах дүү нарынх нь төмсийг ялгаж байсан. ХХХХ түүний нөхөр ХХХХ нар нь надаас төмс хураах трактор болон зарим төрлийн техник худалдаж авмаар байна гээд 2011 оны 7 дугаар сараас эхлэн 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 92 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХ надаас авсан. Тухайн үед ХХХХ нь өөрийн дүү ХХХХ болон бусад ах дүү нартайгаа хамтран ажилладаг байсан. ХХХХ, ХХХХ нар надаас зээлсэн 92 000 000 төгрөгөөс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 3 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 15-ны 2 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2 700 000 төгрөг, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 1 300 000  төгрөг нийт 33 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 59 000 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн тул уг мөнгөндөө хүү тооцож, барьцаа авахаар тохиролцоод 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ХХХХ-ийн дүү ХХХХ өөрийн өмчлөлийн ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр байрын ХХ тоот 72,7 м.кв байраа барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Тухайн өдрөө барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдын барьцаанаас гаргахын тулд надаас 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан бөгөөд уг мөнгийг зээлийн гэрээний үүрэгт оруулаагүй нь удаахгүй өгнө гэсэн. Харин зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний үүрэгт 38 700 000 төгрөг авсан. Үүнд 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг бэлнээр, 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг дансаар, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг дансаар, 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8 000 000 төгрөг дансаар, 2012 оны 12 дугаар сард 30 тн төмсийг кг-ийг 200 төгрөгөөр тооцож 6 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөгт тооцон машин авсан. Уг төлбөрүүдээс үл хөдлөх эд хөрөнгөө бусдын барьцаанаас гаргахын тулд надаас зээлсэн 5 000 000 төгрөг, 6 сарын хүү 6 372 000 төгрөгийг хасаж тооцвол үндсэн зээл 59 000 000 төгрөгийг хасч тооцвол үндсэн зээлд 27 328 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 31 672 000 төгрөгийг төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу алданги болох 15 836 000 төгрөгийг нэмж нийт 47 508 төгрөгийг хариуцагч ХХХХ, ХХХХ нараас гаргуулах, барьцаанд бүртгэгдсэн ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр байрын ХХ тоот 72,7 м.кв үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХХХ нь намайг хариуцагчаар татаж, мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлээс харахад намайг уг мөнгийг аваад сүүлд нь гэрээ хийчихсэн юм шиг бичиж, бодит байдлыг санаатайгаар гуйвуулсан байна. би Улаанбаатар хотод оршин суудаг. 2010-2011 онд “ХХХХ” ХХК-д нягтлан бодогчоор ажил эрхэлж байсан. Энэ насандаа газар тариалан эрхэлж байгаагүй. Төмс хүнсний ногоо ч тарьж үзээгүй. Ойлголт ч байхгүй. ХХХХ-тэй хамтран ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгч ХХХХ нь миний эгч ХХХХ-тэй хуйвалдан намайг гэрээн дээр гарын үсэг зуруулчихаад одоо нөгөө гэрээгээ үндэслээд мөнгө нэхэмжлээд байгаа нь иргэн намайг хэтэрхий хохироож байна. Би ХХХХ-аас мөнгө аваагүй. Тиймээс ХХХХ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХХХ-ын зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 47.508.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ХХХХ би иргэн ХХХХтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Тухайн үед ХХХХ нь төлбөрийг гаргаж, техник худалдан авах, ХХХХ би газар тариалангийн ажлыг нь гардан гүйцэтгэхээр болсон. Тоног төхөөрөмжийг худалдан авахад гарсан мөнгийг төмсөөр төлөхөөр болсон. Бид анх хамтран ажиллахаар тохиролцсон болохоос мөнгө зээлээгүй. ХХХХ нь хамтран ажиллахаа болилоо гэсэн бөгөөд өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа яаралтай авна гаж нэхэж эхэлсэн. Би нэгэнт үйл ажиллагаа эхэлчихээд шууд зогсоохыг хүсээгүй бөгөөд ХХХХаас энэ талаар харгалзаж үзэхийг удаа дараа гуйсан боловч зөвшөөрөөгүй. Сүүлдээ уурлаж эхэлсэн. Тэгээд тэрээр надад ээжид үзүүлэх баримт хэрэгтэй байна. Танай хэн нэгний нэр дээр зээлийн болон барьцааны гэрээ хийчихье. Зүгээр л хүнд үзүүлэх юм ш дээ гээд байсан. Тэгээд л түр зуур гэж гэрээ хийлгэсэн. Түүнээс ХХХХ нь ХХХХаас мөнгө зээлээгүй болно. Анхнаасаа л зээл болон хүү, алданги тохиролцоогүй байж, хуурамч гэрээ ашиглаж, хүү алданги тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаатай шаардлага гаргасан байна. Би түүнд өгөх мөнгийг бүгдийг нь төлсөн. Нарийн тооцвол илүү төлсөн байдаг тул сөрөг нэхэмжлэл гаргана. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

ХХХХ миний бие ХХХХтай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед миний эгч ХХХХ нь Надтай хамтран ажиллаж байгаа хүнд баримт хэрэгтэй байгаа юм аа. Ээждээ үзүүлэх гээд яаруулаад байгаа юм. Тэгээд л дараа нь хүчингүй болгочихно гээд байсан. Тэгээд нотариат дээр очсоны дараа нөгөө хүнээс нь асуухад мөн л “...Зүгээрээ яав л гэж дээ. Бидний хоорондын асуудал. Чи айлтгүй. Чиний хөрөнгийг авчихна гэж юу байхав...” гээд байсан. Тэгээд л би гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хүнээс мөнгө аваагүй байж, юу гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурахав дээ. Бас барьцааны гэрээнд ч тэр гарын үсэг зурахгүй байсан. Миний эгч бусадтай хуйвалдаж, намайг гарын үсэг зуруулсан байна. Би хэдийгээр одоо бодитоор хохироогүй байгаа ч хохирох магадлал өндөр болсон учраас хуулийн байгууллагад нь хандаж, эрхээ хамгаалуулах, үнэн зөвөөр нь шийдүүлэх хэрэгтэй гэж бодож энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд ХХХХ болон ХХХХ нарын хооронд байгуулагдсан 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн ХХХХ болон ХХХХ нарын хооронд байгуулагдсан 2012.01.18.-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн төлөөлөгч ХХХХ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

ХХХХ-ын зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. ХХХХ нь 2012 оны намар нэг цаасан дээр өр төлбөрийн талаар бичиж ирсэн байсан бөгөөд энэхүү зүйлийг хуулаад бичээд өг гэсэн. Би бичихгүй гэсэн боловч манай нөхрөөр ятгуулаад байхаар нь аргагүйн эрхэнд би хуулж бичиж өгсөн. ХХХХ-ын зүгээс надад юм бичиж өгсөн цаас нь одоо ч бидэнд байгаа учраас эх хувиар нь хавсаргалаа. Нэхэмжлэлийн шаардлага: Хавтаст хэрэгт байгаа ХХХХ миний бие гэж эхлээд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүх тооцоо хийж дуусгана гээд гарын үсэг зурсан, хар балаар гараар бичсэн баримтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг миний өмгөөлөгч ХХХХ гаргана гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХээс 27 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 008 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ нь 27,500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч ХХХХийн өмчлөлийн ХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХ тоот хаягт байрлах ХХХХХ эрхийн бүртгэлийн дугаартай 72,7 мкв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар хариуцагч ХХХХ-ийн төлбөр төлөх тухай баримтыг, хариуцагч ХХХХын зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 395 500 төгрөг, хариуцагч ХХХХын 975 900 төгрөг, хариуцагч ХХХХ-ийн 508 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХээс 295 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж, уг тохиролцооны явцад хамтын ажиллагааны хувийг буцаан төлөхтэй холбоотойгоор төлбөр хийгдсэн байдаг. ХХХХаас авсан мөнгө нь бүрэн буцаан төлөгдсөн. Нэхэмжлэгч анх 92 000 000 төгрөг зээлүүлсэн гэж худлаа зүйл бичээд байна. ХХХХ-ын зүгээс бэлнээр ХХХХт мөнгө өгсөн зүйл байхгүй. Харин хамтран ажиллахын тулд техникээ худалдсан хүнд ХХХХ нь мөнгөө өгсөн байдаг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад гүйцэт дүн шинжилгээ хийгээгүй байна. ХХХХтай хийсэн гэрээ бол цэвэр ХХХХ-ын санаа байсан. 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үлдэгдэл нь 59 000 000 төгрөг байгаагүй. Энэ мөнгө бол анх техник худалдан авахад ХХХХ-ын зүгээс худалдагч нарт төлсөн төлбөр. Техник нь ХХХХгэдэг хүнд үлдэж байгаа учраас л уг төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсон байдаг. Шүүх үндэслэл болгоод байгаа дүр үзүүлэн хийсэн зээлийн болон барьцааны гэрээг ХХХХ-ын гуйлгаар хийж байх үед 33 000 000 төгрөг төлөгдсөн байсан. Хэрэгжихгүй гэж үзэж байсан учраас анх оруулсан хөрөнгө оруулалтын үнийн дүнг тавьсан байсан. Хариуцагчийн тайлбараар нотлогдоод байгаа мэт дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа л хариуцагч зөвшөөрөхгүй байгаагаа тайлбартаа дурьдаж байсан. Хэрвээ хариуцагчийн тайлбараар нотлогдож байна гэж үзэж байгаа бол хэргийн материалын хэд дэх талд байгаа, ямар нотлох баримтаар тогтоогдоод байгааг тодорхой дурьдах ёстой. Гараар бичсэн баримтын хувьд хуурамч, дүр үзүүлэн хийсэн баримт гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс харагдана. Дээр дурдсанаар дүгнэснээрээ 92 000 000 төгрөг авсан гэж anxaн шатны шүүх үзэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэргийн материалд авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбаруудаар нотлогдож байгаа. Анх 2011 оны 5 сараас ХХХХ болон ХХХХнарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг шаарддаггүй. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус бус байхаар заасан байдаг. Анхан шатны шүүх нь хариуцагч нарыг болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Өмгөөлөгчид мэдэгдсэн гэх боловч тухайн үед өмгөөлөгч ХХХХ нь ХХХХ-Т байрлах ХХХХ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/05058 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Үндсэн нэхэмжлэлийн талаар:

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 31 672 000 төгрөг, алдангид 15 836 000 төгрөг нийт 47 508 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж, хариуцагч ХХХХ нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч ХХХХ нь төлбөр төлөх талаарх баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХт 59 000 000 төгрөг төлөх үед буюу 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт ХХХХын өмчлөлийн ХХХХ дүүргийн ХХ-р хороо, ХХХХ-р байр ХХ тоот 72.7 мкв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан нь ХХХХ ХХХХ нарын хооронд байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Мөн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан уг гэрээгээр ХХХХ нь ХХХХд 59 000 000 төгрөгийг зээлүүлсэн гэсэн бичгийн гэрээг байгуулжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 169 дугаар зүйлийн 196.1.1-д “Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцдог” бөгөөд дээрх гэрээгээр нэхэмжлэгч ХХХХаас хариуцагч ХХХХ мөнгө авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

            Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ХХХХаас алданги шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Харин хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХаас 59 000 000 төгрөгийг авсан байх бөгөөд барьцааны гэрээтэй холбоотойгоор нэмж 5 000 000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар нотлогдсон байна. 

 

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын бичгийн гэрээ байгуулагдсаны дараа      36 500 000 төгрөгийг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг” бөгөөд хариуцагч ХХХХ нэхэмжлэгчтэй хамтран ажилласан, авсан мөнгөө төлж барагдуулсан гэсэн тайлбарыг гаргасан боловч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

 Анхан шатны шүүх хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХХт зээлийн мөнгөний үлдэгдэл төлбөрт 22 500 000 төгрөг түүн дээр барьцааны гэрээ байгуулахад авсан 5 000 000 төгрөг нийт 27 500 000 төгрөг төлөх үүрэгтэй талаар дүгнэсэн нь шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

ХХХХ нь ХХХХтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү алдангийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагчаас хүү, алдангийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч ХХХХ зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ХХХХын өмчлөлийн барьцааны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалттай нийцжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

ХХХХ нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч ХХХХ нь төлбөр төлөх талаарх баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ХХХХ хариуцагч ХХХХ нарын хооронд байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ нар 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээ нь бодитоор хэрэгжээгүй байх тул уг үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

 

Мөн хариуцагч ХХХХ-ийн гаргасан төлбөр төлөх талаарх баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шйидвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 101/ШШ2016/05058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч ХХХХ-ын заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО