Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денвер гудамж 12/Б-128 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын Баттуяа /РД:ЦД82041000/-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-81 тоотод оршин суух, Хойдууд овогт Бадамгаравын Наранбаатар /РД:ЕО81020170/-т  холбогдох,

Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Баттуяа, хариуцагч Б.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Баттуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Баттуяа миний бие 2002 онд Б.Наранбаатартай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүү Наранбаатарын Сударч төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж тус тусдаа амьдралтай болсон. Одоо Б.Наранбаатар нь Энх-Одтой, би Д.Энхбаяртай хамтран амьдарч 2015 онд нэг хүүтэй болсон. Б.Наранбаатар бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Н.Сударч миний асрамжинд өсч байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, Б.Наранбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

             Хариуцагч Б.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Наранбаатар миний бие Х.Баттуяатай 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болон баталгаа хийлгэж 2010 он хүртэл хамтын амьдралаар амьдарсан. Одоо Х.Баттуяа Д.Энхбаяртай хамтран амьдарч дундаасаа хүүхэдтэй болсон. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

                Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч  Х.Баттуяа нь хариуцагч Б.Наранбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Х.Баттуяа, Б.Наранбаатар  нар нь 2002 онд танилцан хамтран амьдарч эхлээд 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Сударчийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2010 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

         Хүү Н.Сударч одоо 10 настай ба эх Х.Баттуяагийн хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Сударчийг эх Х.Баттуяагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

           Хариуцагч Б.Наранбаатар нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул  эцэг Б.Наранбаатараас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Н.Сударчийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

              Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд бий болсон ямар нэгэн эд хөрөнгө байхгүй тул  эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                    ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Боржигон овогт Хүрэлбаатарын Баттуяа, /РД:ЦД82041000/, Хойдууд овогт Бадамгаравын Наранбаатар /РД:ЕО81020170/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Сударчийг эх Х.Баттуяагийн асрамжид үлдээсүгэй.

         3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Сударчийг  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Наранбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Баттуяад олгосугай. 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА