Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч Г.Анхзаяа,

Иргэний нэхэмжлэгч Б.Баасанбат,

Иргэний хариуцагч А.Батмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

Шүүгдэгч Е.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Есөнжингийн Од холбогдох 1929001220098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн автозамын 132 дахь км-т “Валя ажил групп” ХХК-ийн эзэмшлийн 4906 УБА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдэгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж 8209 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн, 8932 УБЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Анхзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.О мэдүүлэхдээ:” Өглөө 09 цагийн үед Эрдэнэс таван толгой руу явж байсан. Намайг Сүлжээ гэдэг газрын цаана явж байхад миний өмнө 2-3 машин явж байсан. Сүлжээ гэх газраас өнгөрөөд 132 дахь км өнгөрөөд явж байтал миний урд талд явж байсан машин зам голлоод яваад байхаар нь ямар учраас зам голлоод яваад байгаа юм бол гэж бодоод ардаас нь дагаад явсан. Урд нь Энержи ресурс ХХК-ийн нэг машин зогсож байсныг би анзаарч хараагүй явж байтал урдаас нэг машин гараад ирсэн. Би хурдаа хасаад зогсоох арга хэмжээ авч байтал хажуу талаас нэг цагаан толгойтой 89-32 улсын  дугаартай машин зарж орж ирсэн. Тэр машинд 2 залуу сууж явсан. Би замыг чөлөөлөх арга хэмжээ аваад Энержийн машины ардаас мөргөж зогссон. Мөргөж зогсохдоо зам хөндлөлсөөд хайчлаад зогссон. Цагаан толгойтой машин миний машины чиргүүлийн буланг ирж мөргөж миний машинг 8-9 метр газар чирээд замын хажуу тал руу унасан. Намайг машинаас буугаад гүйгээд очтол Анхзаяа хөл нь хавчуулагдсан байж байсан. Тэнд байсан бүх жолооч нар Анхзаяг гаргаж орж засаж хэвтүүлээд түргэн тусламж дуудсан. Тухайн үед Анхзаяагийн нүүрэн дээр шилний хагархай наалдсан хөлөө өргөж чадахгүй нилээн багтарсан байдалтай байсан. Намайг “Ахын  дүү яаж байна. Цээж дотор чинь багтарч байна уу” гэж асуухад Анхзаяа “Цээж гайгүй байна. Хөл өвдөөд шүрмэс татаад байна” гээд түнхнийхээ тэнд дараад байсан. 11 цаг өнгөрөөгөөд Ханбогд сумын эмнэлэг хүртэл 2 цаг гаруй хөлийг нь өргөөд явсан. Өөр хүмүүс хөлийг нь барихаар “Өөр хүмүүс барихаар өвдөөд байна. Та бариад яв” гэж хэлсэн” гэв.

Хохирогч Г.Анхзаяагийн өгсөн: “...Би өөрийн зорчих хэсгээр явж байсан чинь “Энержи Ресурс” ХХК-ний машин зам дээр зогсож байсан. Би тэр Энержигийн машины хажуугаар зөрж гарсан чинь 49-06 УБА дугаартай цагаан өнгийн Нордбенз маркийн машин урсгал сөрөөд гарч ирсэн. Би сигналдсан чинь тухайн машин нь тормослож хөндлөн хөндлөн хаачилсан байдалтай гулгаж орж ирээд толгойг нь баруун тийш дарж би чирэгчний зүтгүүрийн талынх нь 2 дугуйг нь мөргөж замын зорчих хэсгийн баруун талруу унасан. Би машин унахад зүүн талын хөлөө суудал кабин 2-ын хооронд хавчуулсан байдалтай ухаан алдаад сэрсэн. Тэгээд намайг Гашуун Сухайтын ажилчид болон жолооч нар нийлж кабины рамыг хөшиж миний хөлийг гарган намайг кабинаас гаргасан, тэгээд түргэн тусламж ирсэн. Эмч намайг Оюутолгойн эмнэлэгт хүргэн тэнд анхны тусламж үзүүлсэн. Тэгээд Ханбогд сумын эмнэлэгт очин толгой, дух, урууланд оёдол хийлгэсэн мөн миний хөл хугарч санжиганаад байсан учраас гипсдүүлээд тэр шөнөдөө Улаанбаатар хотруу явж гэмтлийн эмнэлэгт очин хэвтэн эмчлүүлсэн. “Миний биед зүүн хөлний түнх мултарсан, шилбэ хугарсан, зүүн хөлний тойгны яс бяцралтай, толгойн оройн хэсэгтээ хагаралтай, уруул язарсан ийм гэмтэл осол авсан. Одоогоор эмчилгээ хийгдээд хагалгаанд ороод зүүн хөлний шилбээ хадуулсан бусад ил шарх эмчилгээ хийгдээд эдгэрсэн. Тухайн эмчилгээний зардалд 3 194 750 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржийн өгсөн: “...Манай “Аз транс” ХХК-ийн эзэмшлийн 89-32 УБЭ улсын дугаартай автомашин 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн автозамын 132 дахь км-т “Валя ахилл” ХХК-ийн 49-06 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Манай 89-32 УБЭ улсын дугаартай автомашинд Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээнд нийт 43 388 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг задалж үзвэл чирэгч нь 35 286 000 төгрөг, чиргүүл нь 5 226 000 төгрөг тээврийн хэрэгслийн үнэлгээнд үнэлүүлсэн 1 196 000 төгрөг, ослын улмаас ачааг тээвэрлэсэн зардал 1 300 000 ачааг шилжүүлэн ачсан ковшны зардалд 380 000 төгрөгний хохирол тус тус учирсан. “Манай 89-32 УБЭ улсын дугаартай, чиргүүлийн 65-38 ГЧ дугаартай Нордбенз маркийн нүүрс тээврийн автомашин зам тээврийн ослоос болж эвдэрч гэмтсэн, уг тээврийн хэрэгслийг Вендо хөрөнгө үнэлгээний газраар үнэлгээг тогтоосон байна. Манай компанийн зүгээс тухайн хохирлыг “Валя ахилл групп” ХХК-иас нэхэмжилж байна”...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

Гэрч З.Нэргүйбаатарын өгсөн: “...Манай компанийн 82-09 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам чөлөөлөн зайлшгүй зогсолт хийн замын хөвөөн дээр зогсож байсан 2 дугаар чиргүүлийх нь араас 49-06 УБА улсын дугаартай Нордбенз маркийн машин мөргөсөн байсан...“гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

Иргэний хариуцагч А.Батмөнхийн: “Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу уг хохирлыг барагдуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/

Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18-р хуудас/

Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 25-29-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1101 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 262-р хуудас/

Нэмэлт шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 265-р хуудас/

Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 27093 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 271-р хуудас/

Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 27094 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 272-р хуудас/

Яллагдагч Е.Огийн мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/

Шүүгдэгч Е.Огийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Е.Огийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч Е.Огийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 114-122-р хуудас/ 

Шүүгдэгч Е.Огийн арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 123-129-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Е.О нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт нүүрс тээврийн автозамын 132 дахь км-т “Валя ажил групп” ХХК-ийн эзэмшлийн 4906 УБА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдэгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж 8209 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн, 8932 УБЭ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Анхзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Г.Анхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-57-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржийн өгсөн  мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, гэрч З.Нэргүйбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/, иргэний хариуцагч А.Батмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18-р хуудас/, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 25-29-р хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1101 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 262-р хуудас/, нэмэлт шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 265-р хуудас/, вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 27093 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 271-р хуудас/, вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 27094 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 272-р хуудас/, шүүгдэгч Е.Огийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож  байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Е.Ог авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Е.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Есөнжингийн Ог автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Од тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Е.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 2 500 000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Валя ажил групп” ХХК-наас 49 388 000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Аз транс” ХХК-нд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №437224 дугаартай B, C, D, E ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА