| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07189/И |
| Дугаар | 5691 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 5691
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 24-35 тоотод оршин суух, Зурхайч овогт Бадарчийн Балжинням /РД:Уу68120210/-ын нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол БГД, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Гангүүр” ХХК-д холбогдох
“Гангүүр” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ээлжит бус аудитын шалгалт хийлгүүлж, дүгнэлт гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Балжинням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагч “Гангүүр” ХХК-ийн захирал Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Балжинням миний бие “Гангүүр” ХХК-д 22 хувийн хувьцаа эзэмшдэг. Тухайн компанид ажилладаггүй өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байдлыг тус компанийн удирдлага болох Базаргүрийн Гантөмөр, ерөнхий менежер Базаргүрийн Гангүүр мөн санхүүгийн албыг хариуцдаг хүмүүс, ТУЗ-ын дарга Базаргүр зэрэг ашиг сонирхолтой хүмүүс нь бусад хувьцаа эзэмшигч нарын тухайлбал Б.Балжинням миний эрх ашиг, санал бодлыг огт харгалзан үзэхгүй хууль ёсоор олгогдсон эрхээ эдлэх боломж олгохгүй, хууль дүрэм зөрчин ажилласаар өдийг хүрлээ. Би дангаараа болон 21.6 хувийн хувьцаа эзэмшигч М.Энхбаатартай хамтран шаардлага хүргүүлэх, амаар хэлэх зэргээр олон удаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хандаж байсан боловч ихэнхдээ тодорхой хариу өгөхгүй байх, эсвэл амаар боломжгүй гэх зэрэг байдал хэвээр үргэлжилсээр өдийг хүрсэн юм. Тухайлбал компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэзээ хэдийд хуралдуулах талаар, ямар асуудал хэлэлцэх талаар, хуралдаад ямар шийдвэр гаргасан нь мэдэгддэггүй, Төлөөлөн удирдах зөвлөл хэзээ хэдийд хуралдаж ямар асуудал хэлэлцээд ямар шийдвэр гаргасан нь тодорхой биш, мэдээлэл өгдөггүй, компанийн өр төлбөр, бусадтай хийсэн гэрээ хэлцэл, өмч хөрөнгийн асуудал нь хувьцаа эзэмшигч надад хаалттай байсаар өдийг хүрсэн тул миний бие тус компанид ээлжит бус аудитын шалгалт хийлгэх учраа мэдэгдэж 2 удаа аудитын байгууллагатай гэрээ хэлцэл хийсэн боловч алин ч ажлаа явуулж чадсангүй хамгийн сүүлд “Жералд аудит” ХХК-д тус компани хууль бус тайлбар өгч, аудит хийлгэхээс татгалзаж байгаа тухай надад мэдэгдэж хуулийн байгууллагад хандахыг уг мэдэгдэлдээ дурджээ. Миний бие компанийн энгийн хувьцааны 22 хувийн эзэмшигч мөн тул ээлжит бус аудитын шалгалт хийлгэх эрхтэй юм. Иймд “Гангүүр” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ээлжит бус аудитын шалгалт хийлгүүлж, дүгнэлт гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Гангүүр” ХХК-ийн төлөлөөгч Б.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Балжиннямаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Компанийн санхүүгийн баримтанд аудитын шалгалт хийлгэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Балжинням нь хариуцагч “Гангүүр” ХХК-д холбогдуулан “Гангүүр” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ээлжит бус аудитын шалгалт хийлгүүлж дүгнэлт гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч “Гангүүр” ХХК-ийн төлөөлөгч Б.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус компанийн санхүүгийн баримтад ээлжит бус аудитын шалгалт хийлгүүлж дүгнэлт гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Балжиннямын “Гангүүр” ХХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ээлжит бус аудитын шалгалт хийлгүүлж дүгнэлт гаргуулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Гангүүр” ХХК нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гангүүр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Балжиннямд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА