| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/05740/И |
| Дугаар | 5693 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 5693
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 19/А байрны 27 тоотод оршин суух, Төгс билэгт овогт Мянганбуугийн Наранбаатар /РД:ЙГ74041218/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 12 давхарт 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Нью сошиал медиа” ХХК-д холбогдох,
Нэр, төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Наранбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Наранбаатар миний бие Монгольн Үндэсний Олон Нийтийн радио Телевизийн Ерөнхий захирлаар 2006 оноос эхлэн 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан билээ. Гэтэл “Маss.mn” сайт нь ор үндэсгүй нийтлэлүүд удаа дараа бичиж олон нийтийн дунд миний нэр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараагаад байна.
Тухайлбал, “Маss.mn” сайт нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Живж буй Хөлөг”-1 гэх нийтлэлдээ “...МҮОНРТ өнөөдөр нэрний шинэчлэлээс цаашгүй 80-аад оны ужгирсан бодлоготойгоо зууралдаж, ажил, амьдрал ашиг сонирхлоо ялгахаа больсон хүмүүсийн уурхай болсон гэж салбартаа ч, олон нийтэд ч дүгнэгдэх болжээ. Зуурсан бантантай зүйрлэж болох энэ газрыг цэгцлэх хүсэлтэй удирдлагуудаа ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн албан тушаал горилогсод нь хөөгөөд явуулчихдаг жишиг тогтчихсон, олон нийтэд үйлчлэх эрхээ умартан хувийн компани шиг үйл ажиллагаатай болчихсон энэ газрыг шүүмжлэх хүмүүс олон, энд эрх мэдэл, албан тушаал, санхүүгийн ашиг сонирхолтой хүмүүсийн сүлжээ бүлэглэл эзэн суучихсан. Үүнийг нь илчлэх гэсэн хэн нэгнийг хавчиж шахдаг, огцруулдаг жишиг, бичигдээгүй хууль олон үйлчилж байгаагаас үүдэн өнөөдрийг хүртэл 47 жилийн түүхэндээ 20 гаруй дарга удирдлагаа сольсон байдаг аж. Одоо МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Мянганбуугийн Наранбаатар ажилладаг. Аль ч намын үед төрийн энэ том аппаратыг даргалж байгаа түүнээс болж “шударга” шүүмжлэл хэлсэн хэдэн арван хүн ажлаасаа халагдаж байгаа. Одоо МҮОНРТ-д шинэчлэл хэрэгтэй, энэ шинэчлэлийг олон жилийн эзэн суусан М.Наранбаатар ба түүний багийг авч хаяхаас эхлэх хэрэгтэй гэдгийг тогоон дотроосоо ч хэлдэг.... ” гэсэн илт үндэслэлгүй мэдээллийг тарааж иргэн миний нэр төрд халдсан гэж үзэж байна. Мөн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Живж буй Хөлөг-3” нийтлэлд “... Монголын үндэсний олон нийтийг төлөөлж буй иргэн хүнийхээ хувьд сэтгүүлч миний бие МҮОНРТ гэх статустай төрийн харъяаны телевизийг жинхэнээсээ шинэчлэгдэж живх биш цаашид ухаалгаар хөвөөсэй гэж бодсоны үндсэн дээр ажил нь дээрдэхгүй, ашиг сонирхол агуулсан бүлэглэлийн сүлжээнд орсон асуудлуудыг баримттай, олон нийтийн үзэл бодол дүгнэлттэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад энгийн нэгэн хөтлөгчөөс энэ гал тогооны өрхийн тэргүүн болтлоо дэвшсэн М.Наранбаатар, түүний хамсаатнууд гэгдэх “Хавсай бүлгийнхэн” тэдний ашиг сонирхол, ялзарсан бодлого, явуургүй аргачлалын талаар хүргэхийг зорьлоо. ... ” гэсэн ярилцлагыг нийтэлсэн нь М.Наранбаатар миний нэр, ажил хэргийн нэр хүндийг олон нийтийн дунд гутаагаад байна. Түүнчлэн уг нийтлэлдээ Үндэсний олон нийтийн радио телевизийн “Хавсай бүлгийнхэн” гэсэн гарчигтай “...Үндэсний радио телевизийн хорооны ахмад ажилтнууд, Үндэсний олон нийтийн радио телевизийн үйл ажиллагаа, явцгүй бодлогод сэтгэл хангалуун бус зарим нэг уран бүтээлчид тус телевизийг М.Наранбаатарын “хавсай” бүлгийнхэн өөдлүүлдэггүй хэмээн хүүрнэдэг нь нууц биш, Яагаад чухам хавсай гэх болов гэдгийн цаана маш том утга агуулга бий. Адгын наад зах нь ашиг сонирхлыг нь дэлгэсэн хүмүүсийг хамт олны нэр барьж үндэслэлгүйгээр ажлаас халдаг жишиг тус телевизэд тогтоод удаж байгаа. Ажлаас халсан дарга нарынхаа тушаалыг олон нийтийн хэрэгслээр санаатайгаар тарааж, нэр төрд нь бүдүүлгээр халдсан бусармаг үйлдлийг М.Наранбаатар гаргаж байсан. Дарга болгон ажилд авсан болоод халсан хүмүүсийнхээ тушаалыг интернэтээр цацаад байвал байгууллагын нууц гэж байх шаардлаггүй. Тэгээд ч хувь хүний болон удирдагч хүний ёс зүйгүй бүдүүлэг алдаа гэдгийг тухай үедээ юм ойлгодог нэг нь хатуухан шүүмжилж байсан удаатай. Тэрээр улс төр, хууль шүүхийнхэнд бүгдэд нь үндэсний гэх тодотголтой телевизийн өмнөөс дарамт үзүүлдэг үү, эсвэл телевизээс төрсөн тэрбумтан болохоороо авлигын сэдэлтэй хамтардаг уу бүү мэд, ямартаа ч хууль шүүхийнхнийг худалдаж авдаг бусармаг байдлыг ч гаргасаар буй. Гэхдээ тэр ганцаараа биш. Түүний зуурсан “бантан”-д гурил имрэгч, мах хэрчигч гээд бүгд бий. Хамгийн сүүлд үндэсний олон нийтийн телевизэд хэн хэдэн төгрөгийн ашиг унагаадаг, ямар ашиг сонирхлын зөрчилтэйг дэлгэсэн даргыг М.Наранбаатарын хавсай бүлгийнхэн буюу “Өглөө” хөтөлбөрийн Г.Гэрэл, сэтгүүлч н.Цагаандалай нарын хүмүүс гэнэтхэн л халуулахаар дуугарч эхэлсэн байдаг нь сонин... ” гэсэн худал гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг олон нийтийн дунд тарааж нэр төрд халдлаа. “Нью Сошиал Медиа” ХХК буюу “Маss.mn” сайтад 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарсан “МҮОНРТ олон нийтийнх биш М.Наранбаатарынх бололтой” гэх нэртэй нийтлэлд “...МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын талаар таагүй мэдээ хөвөрсөөр байна. Тэрбээр өөрт нь таалагдаагүй, болохгүй зүйлийг нь хэлсэн бүхэнтэй тэмцэж, халдаг болсоор удаж байна. Ээлжит халаа сэлгээ юунаас болов, яагаад гэнэт халах болов гэх мэт мэдээллийг хууль бус шийдвэрийн золиос болсон хүмүүс өөрсдөө дэлгэж байна... ” гэх зэргээр олон удаагийн давтамжтайгаар иргэн миний нэр төрд халдаад байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар М.Наранбаатар миний нэр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, дээрх мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хариуцагч “Нью Сошиал Медиа” ХХК буюу “Маss.mn” сайтад даалгаж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Хариуцагч “Нью Сошиал Медиа” ХХК нь МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатартай холбогдуулан гаргасан мэдээ, мэдээллийн талаар хүлцэл өчиж, түүний тухай ямар нэгэн сөрөг мэдээг дахин гаргахгүй байх, нэхэмжлэгч М.Наранбаатарын зүгээс дахин энэ асуудлаар эдийн болон эдийн бус нэхэмжлэлийг тус компани, сайтад холбогдуулан гаргахгүй байх нөхцлөөр тохиролцож эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Наранбаатар нь хариуцагч “Нью сошиал медиа” ХХК-д холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч “Нью сошиал медиа” ХХК нь МҮОНТР-ийн дарга асан М.Наранбаатартай холбогдуулан гаргасан мэдээ, мэдээллийн талаар хүлцэл өчиж, түүний тухай ямар нэгэн сөрөг мэдээг дахин гаргахгүй байх, нэхэмжлэгч М.Наранбаатарын зүгээс дахин энэ асуудлаар эдийн болон эдийн бус нэхэмжлэлийг тус компани, сайтад холбогдуулан гаргахгүй байх нөхцлөөр тохиролцож эвлэрчээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч “Нью сошиал медиа” ХХК нь МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатартай холбогдуулан гаргасан мэдээ, мэдээллийн талаар хүлцэл өчиж, түүний тухай ямар нэгэн сөрөг мэдээг дахин гаргахгүй байхаар, нэхэмжлэгч М.Наранбаатарын зүгээс дахин энэ асуудлаар эдийн болон эдийн бус нэхэмжлэлийг тус компани, сайтад холбогдуулан гаргахгүй байх нөхцлөөр тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нью сошиал медиа” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Наранбаатарт олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
А.САРАНТУЯА