Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 5699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 25-83 тоотод оршин суух, Халх овогт Баярсайханы Октябрь /РД:ЦЗ82110715/-ийн хүсэлттэй,

Үрчлэлтийг  хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Октябрь, гуравдагч этгээд С.Мөнхжаргал, Д.Баярсайхан, Ц.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Октябрь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Октябрь миний бие 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүүхдүүд болох О.Энхжин, О.Анужин нарыг өөрийн эцэг, эх Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нарт үрчлүүлсэн болно. Учир нь иргэн би өөрийн эхнэр С.Мөнхжаргалын хамт гадаадад амьдарч байсан бөгөөд хүүхдүүдээ өөр дээрээ авчрахын тулд визэнд ороход хялбар болгох үүднээс үрчлүүлсэн юм. Одоо бид эх орондоо ирсэн бөгөөд хамт амьдарч байгаа тул өөрийн нэр дээр авах хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Мөнхжаргал, Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд  үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Октябрь нь өөрийн төрсөн хүүхдүүд болох О.Энхжин, О.Анужин нарыг төрсөн эцэг, эх болох Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Б.Октябрь нь гуравдагч этгээд С.Мөнхжаргалтай 2002 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болсон болох нь 0096074 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ болон хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 5 тал/.

Гэрлэгчдийн дундаас  2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр  төрсөн охин Б.Октябрийн Энхжин, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Октябрийн Анужин нарыг  2013 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Халх овогт Дамдинжавын Баярсайхан, Ёст овогт Цэрэндаваагийн Сарантуяа нарт үрчлүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-ийн 6,7,14,15,23-26 тал/.

Хүсэлт гаргагч Б.Октябрийн “...би өөрийн эхнэр С.Мөнхжаргалын хамт гадаадад амьдарч байсан бөгөөд хүүхдүүдээ өөр дээрээ авчрахын тулд визэнд ороход хялбар болгох үүднээс үрчлүүлсэн юм. Одоо бид эх орондоо ирсэн бөгөөд хамт амьдарч байгаа тул өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна...” гэх тайлбарыг гуравдагч этгээд  буюу үрчлэгч эцэг, эх болох Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нар хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Мөн охин О.Анужин, О.Энхжин нар нь өөрийн төрсөн эцэг эх болох Б.Октябрь, С.Мөнхжаргал нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25-83 тоотод амьдардаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар болон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт болон хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна.

Охин О.Энхжин нь одоо 12 настай, О.Анужин нь 8 настай бөгөөд тэд өөрийн төрүүлсэн эцэг эхийн хамт амьдарч байгаа байдал, гуравдагч этгээд буюу үрчлэгч эцэг, эх болох Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг дэмжсэн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул хүсэлт гаргагч Б.Октябрийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.Октябрийн хүсэлтийг хангаснаар Охин О.Анужин, О.Энхжин нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, хуульд харшлахгүй гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн үрчлэлтийн 1122000018, 1122000019 дугаарт бүртгэгдсэн охин О.Энхжин, О.Анужин нарыг Д.Баярсайхан, Ц.Сарантуяа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин О.Энхжин, О.Анужин нарыг эцэг Б.Октябрь, эх С.Мөнхжаргал нарын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр  төрсөн охин Б.Октябрийн Энхжин, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Октябрийн Анужин нарыг 2013 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Халх овогт Дамдинжавын Баярсайхан /РД:ЦД60111071/, Ёст овогт Цэрэндаваагийн Сарантуяа /РД:ЦЗ59100102/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр  төрсөн охин Б.Октябрийн Энхжин, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Октябрийн Анужин нарыг төрүүлсэн эцэг Халх овогт Баярсайханы  Октябрь /РД:ЦЗ82110715/, эх Онч овогт Сүхбаатарын Мөнхжаргал /РД:НА82121261/  нарын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА