| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0110/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Б.Отгонбат /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Бизъяагийн Отгонбатад холбогдох эрүүгийн 1929002830122 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Отгонбат нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Их-Усын 2-1 тоотод 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Р.Жамбалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбат мэдүүлэхдээ: ”Би согтуу байхдаа найзтайгаа муудалцсан. Архи ууснаас болж буруу үйлдэл хийсэн” гэв.
Хохирогч Р.Жамбалын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Б.Отгонбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,
Б.Отгонбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч С.Хажидмаагийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Р.Жамбалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 579 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Отгонбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Отгонбат нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Их-Усын 2-1 тоотод 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Р.Жамбалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Р.Жамбалын өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед эхнэрээ авах гээд Отгонбатын гэрт очсон. Отгонбат согтуу байсан болохоор надтай үл ойлголцоод маргалдсан. Надтай маргаж байгаад гэрлүүгээ орчихоод буцаж гарч ирэхдээ намайг цохичихсон. Тэр үед харанхуй байсан болохоор юугаар цохисныг хараагүй. Миний толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Б.Отгонбатын гэрчээр өгсөн: “Би Жамбал найзынхаа толгойруу нь чулуугаар цохисон ... Би Жамбалын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч С.Хажидмаагийн өгсөн: “Отгонбат гарч ирээд манай нөхөр Р.Жамбалыг цохиод авсан. Тэгэхэд манай нөхрийн духнаас нь цус ихээр гарсан” мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Р.Жамбалын гэрчээр өгсөн: “Отгонбат бид хоёр маргалдаад заамдалцаад авсан. Тэгэхэд Отгонбатын эхнэр бид хоёрыг салгаад Отгонбатыг гэрлүүгээ аваад орсон. Тэгсэн Отгонбат гэрээсээ буцаж гарч ирээд намайг цохиод авсан. Тэгсэн миний духнаас цус гоожсон. Тэгээд би цусаа тогтоочихоод гэрлүүгээ харьсан” мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 579 дугаартай: Р.Жамбалын биед тархины доргилт, духны зүсэгдсэн шарх, баруун хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй“” гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/ ,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Р.Жамбалын “ ...Миний бие хэвийн байгаа бид ч хоорондоо эвлэрсэн гомдол саналгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 13-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Б.Отгонбатыг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Баяртогтоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонуд овогт Бизъяагийн Отгонбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбатыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Отгонбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Отгонбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА