| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0113/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч Б.Энхмэнд,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Бямбахүүгийн Бд холбогдох 1929002310109 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бт нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Тэс” шатахуун түгээх станцын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Н.Чойсүрэнд хутгыг зэвсэгийн чанартай ашиглаж тулган эсэргүүцэж заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудаст/,
Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9-р хуудаст/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-н 18-19-р хуудаст/,
Хохирогч Н.Чойсүрэнгийн: “...би 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг “Тэс” шатахуун түгээх станцын уулзварт замын хөдөлгөөн зохицуулан үүрэг гүйцэтгэж байсан чинь Б гэх согтуу залуу хүрч ирээд “Пязда минь чи яагаад намайг явуулахгүй байгаа юм бэ” гэхээр нь “Чамайг явуулахгүй байгаа юм бишээ бүгд л очер дарааллаараа явж байгаа одоо таталт зогсож байна” гэсэн чи “би ер нь чамайг хутгалчих юм уу” гээд хүзүү, хэвлий орчим 3-4 удаа тулгасан би тэгэхээр нь “Чи одоо тайвшир хутгаа далд хий р хүн шиг хэл амаараа учраа олоё” гэсэн чинь миний өмнөөс “хутгална, зүснэ” гээд авирлаад байсан. тэгээд найз нь гэх залуу тухайн үед хүрч ирээд араас нь хутгатай гарлуу нь цохиж хутгыг нь булаан авсан. Тэгсэн чинь найзаасаа хутгаа нэхээд байсан мөн “би хутгатай хутгагүй байсан ч чамайг ална” гээд дайрч байсан. Б гэх залуу найзтайгаа машинд суугаад явсан араас нь манай ахлах зохицуулагч нэг албан хаагчийн хамт очин Б гэгчийг авч цагдаагийн тасагруу явсан” гэх мэдүүлэг /хх-н 29-р хуудаст/,
Гэрч Ц.Мөнхдөлийн: “...тэгээд нөгөө дээгүүрээ нүцгэн залуу баруун гартаа хутга барьчихсан “Тэс”-ийн уулзвар дээр зогсож байсан замын цагдаагийн хоолой хэсэгт тулгачихсан байсан. Тэгээд тэр залуу хутгаа энд тэндээ бариад янз бүр болоод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудаст/,
Гэрч З.Тогтохбаярын: “...тэгсэн дээгүүрээ цээж нүцгэн гартаа хутга барьсан залуу хүрч ирээд цагдаатай хэрэлдэж цагдааруу чамаас болж би өр ширтэй амьдарч байна, яагаад таталт ирэхгүй байгаан гээд л байсан. тэр хүн согтуу мэдрэл муутай юм шг л байсан тэгээд ч хутга барьсан хүнрүү хамаагүй ойртож болохгүй гар, хөлөө савчуулж байгаад хатгачих ч юм билүү. Тэгээд найз нь гээд нэг залуу хүрч ирээд хутгыг нь булаан авч цааш явсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тараад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/,
Гэрч Мөнхбаярын: “...Би өмнөх өдөр нь нойр муутай байсан учир тухайн үед нойр хүрээд юу болоод байгааг сайн анзаараагүй байж байхад манай найз Б хутга барьчихсан цагдаагийн албан хаагчруу дайраад байсан тэгэхээр нь би машинаас бууж очиж Баас хутгыг нь авсан. Тэгээд машинд нь оруулж тавиад байж байхад таталт ирэхээр нь тухайн газраас хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудаст/,
Гэрч Д.Батмөнхийн: “...тухайн жолооч нарын дунд цагдаагийн алба хаагч зогсож байхад туранхай дээгүүрээ нүцгэн залуу гартаа хутга барьчихаад цагдаагийн өөдөөс далайгаад нүүр хэсэгт нь хутга тулгаж байхаар нь цагдаагийн дуудлагын утас мэдэхгүй болохоор шууд бичлэг хийж “Фейсбүүк”-д тавиад “цагдаа нар ирээч” гэж хэлсэн. тэгээд цагдаа ирэхгүй болохоор нь 102 дугаарлуу залгаж “Цагаан хад”-ны цагдаагийн дугаарыг олж авч дуудлага өгсөн. Тэгээд тухайн газраас явсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,
Б.Бын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 61-62-р хуудаст/,
Гэрээт тасгийн эргүүлийн нэгдсэн байршлын хуваарь /хх-н 58-59-р хуудаст/,
Цагдаагийн албан хаагч Н.Чойсүрэнгийн албаны үнэмлэхний хуулбар /хх-н 60-р хуудаст/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 63-68-р хуудаст/,
Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 69-р хуудаст/,
Б.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 71-95-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Тэс” шатахуун түгээх станцын уулзвар дээр албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Н.Чойсүрэнд хутгыг зэвсгийн чанартай ашиглаж тулган эсэргүүцэж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудаст/,
- Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9-р хуудаст/,
- Хохирогч Н.Чойсүрэнгийн мэдүүлэг /хх-н 29-р хуудаст/,
- Гэрч Ц.Мөнхдөлийн мэдүүлэг /хх-н 32-р хуудаст/,
- Гэрч З.Тогтохбаярын мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/,
- Гэрч О.Мөхбаярын мэдүүлэг /хх-н 36-р хуудаст/,
- Гэрч Д.Батмөнхийн мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,
-Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 61-62-р хуудаст/,
- “Цагаан хад” дахь Гэрээт тасгийн эргүүлийн нэгдсэн байршлын хуваарь /хх-н 58-59-р хуудаст/,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцэж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй боловч шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Чойсүрэн нь хохирол, төлбөр нэхэмжилээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх саналыг хянаад, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 27.9 см урт, ажлын хэсгийн урт нь 15.5 см, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Бямбахүүгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/24 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 27.9 см урт, ажлын хэсгийн урт нь 15.5 см, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН