Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч П.Э 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа /ҮД-2748/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манзрайтан овогт Пүрэвийн Эад холбогдох 1929002320103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт нүүрс тээврийн авто замын 190 дэх километрт албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагчийг эсэргүүцэж бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Ц.Хишигбаярын мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

Гэрч Э.Анхбаярын мэдүүлэг /хх-н 31-р хуудаст/,

Гэрч П.Эын мэдүүлэг /хх-н 32-34-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №507 дугаартай дүгнэлт /хх-н 37-р хуудаст/,

П.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 43-46-р хуудаст/,

Шүүгдэгч П.Эын хувийн байдалтай холбогдох баримт /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/, 

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 57-р хуудаст/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-н 62-р хуудаст/,

П.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 63-р  хуудаст/, 

П.Эын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 64-90-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт нүүрс тээврийн авто замын 190 дэх километрт албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч Ц.Хишигбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутай болох нь:

-Хохирогч Ц.Хишигбаярын: “...Цагдаагийн албаны “Ланд круйзер-77” маркийн 07-66 УБҮ улсын дугаартай машинд суулгасан, тэгээд Анхбаяр дэслэгч машинаа бариад би хажууд нь сууж арын сандал дээр П.Эыг суулган цааш хөдлөөд явж байтал П.Э нь гэнэт хашгирч “Би амьдрах хүсэл алга, муу хоёр пиздаг алчихаад үхнэ гээд баруун гартаа отверк барьж миний толгой, ар хүзүү орчимд 4-5 удаа хатгасан. Тэгээд машин зогсохоор нь Эын гарыг ар талд нь хүлж цагдаагийн тасаг дээр авч ирсэн. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Драгер багажаар үлээлгэхэд 2,89%-ийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

-Гэрч Э.Анхбаярын: “...П.Э гэнэт муухай орилж “надад амьдрах хүсэл алга байна гээд” отверкаар Хишигбаярын араас 4-5 удаа хатгасан. Тэгэхээр нь би машинаа зогсоож, отверкийг нь булааж авсан. Тэгээд П.Эын 2 гарыг ард нь хүлж “Цагаан хад”-ны цагдаагийн байранд ирсэн. П.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Драгер багажаар үлээлгэхэд 2,89%-ийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-н 31-р хуудаст/,

-Гэрч П.Эын: “...би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Жавхлант багийн төв дээр жаахан халамцуу машинаа  бариад ирсэн. Тэгсэн цагдаад дуудлага өгсөн юм байна лээ, би дугуй засварын газарт очиж архи ууж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаагийн машины ард талд 2 гарыг маань ард хүлсэн байдалтай сэрсэн” гэх мэдүүлэг /хх-н 32-34-р хуудаст/,

- Ц.Хишигбаярын албан үүргээ гүйцэтгэж байсан талаарх баримт /хх-н 47-50-р хуудаст/,

- Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 52-53-р хуудаст/ зэрэг нотлох баримтаар,

Мөн шүүгдэгч П.Э нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт нүүрс тээврийн авто замын 190 дэх километрт албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч Ц.Хишигбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдэх явцад бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/25 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 23,9 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см бор ногоон өнгийн иштэй отверк 1 ширхэг /хх-н 14-р хуудаст/,

- Хохирогч Ц.Хишигбаярын мэдүүлэг /хх-н 27-28-р хуудас/,

- Гэрч Э.Анхбаярын мэдүүлэг /хх-н 31-р хуудас/,

- Гэрч А.Баттулгын мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/,

- Гэрч П.Эын мэдүүлэг /хх-н 32-34-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №507 дугаартай “Ц.Хишигбаярын биед толгойн дагзны хуйх, хүзүү, зүүн мөрөнд шарх, баруун гуянд цус хуралт, зүүн гуянд арьсны улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх, гэмтэл нь ир ирмэг, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 37-р хуудаст/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч П.Эын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт нүүрс тээврийн авто замын 190 дэх километрт албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч Ц.Хишигбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Гэтэл тус прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Эын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг” гэж зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг давхардуулан хүндрүүлж зүйлчилсэн, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан зарчмыг удирдлага болгон шүүгдэгч П.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг  хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж шүүгдэгч П.Эыг 

- хууль сахиулагч Ц.Хишигбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- хууль сахиулагч Ц.Хишигбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, төлбөрийн талаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй боловч шүүгдэгч П.Эад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Ц.Хишигбаяр нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан            шүүгдэгчид ял шийтгэл оногдуулав.

Тус хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй гэсэн нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналыг хянаад, шүүгдэгч П.Эад 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/25 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 23,9 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см бор ногоон өнгийн иштэй отверк 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч П.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хуулийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Манзрайтан овогт Пүрэвийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 3,500,000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солих болохыг тайлбарласугай. 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, П.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/25 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 23,9 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см бор ногоон өнгийн иштэй отверк 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Эад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН