| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07642/И |
| Дугаар | 5726 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 5726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 63-25 тоотод оршин суух, Гэндэн овогт Гомбожавын Дуламсүрэн /РД:ТЗ97071163/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Дуламсүрэн миний бие 1957 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хотын гэгээрлийн хэлтсийн тушаалаар 19 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар томилогдсон. 1958-1967 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод багшаар ажиллаж байгаад 1968 оноос Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар шилжин ажилласан бөгөөд 1995 он хүртэл төрийн албанд 37 жил тасралтгүй ажилласан. 1988 онд 4 хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргах тухай хуулиар тэтгэвэр тогтоолгосон боловч нас залуу байсан тул үргэлжлүүлж ажилласаар 1995 он хүртэл ажиллаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 2000 оноос тэтгэврээ шинэчилж тогтоолгох гэсэн боловч 1988-1995 он хүртэл нийгмийн даатгал төлсөн дэвтэр маань хулгайд алдагдсан бөгөөд зөвхөн 1995 оны 1 сараас 9 дүгээр сарыг хүртэл шимтгэл төлсөн дэвтэр байгаа болно. Дархан хотын арван жилийн 3 дугаар дунд сургуульд 1988 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан талаар архивын баримтыг шүүлгэж үзэхэд ажилд томилогдсон тушаал олдохгүй байсан.
Иймд намайг Дархан хотын арван жилийн 3 дугаар сургуульд 1988 оноос 1995 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Дуламсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 187 болон 189 дугаартай тодорхойлолтоор Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн 1988 оны болон 1995 оны баримтыг шүүн үзэхэд Гомбожавын Дуламсүрэнгийн ажилд орсон тушаал болон холбогдох магадлагааг гаргах боломжгүй байна гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь 1998 оноос 1995 оны 6 дугаар сарыг дуустал Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
Хэрэгт авагдсан Дархан хотын 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн захирлын 1988 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын хавсралтад дурдагдсан шагнаж урамшуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтын 64 дүгээрт хүсэлт гаргагч Г.Дуламсүрэнгийн нэр байх ба Дархан хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай багш ажилчдын 1994 оны ээлжийн амралт олгох тухай захирлын тушаалаар Г.Дуламсүрэнд ээлжийн амралт олгож байжээ /хх-ийн 9,10 тал/.
Мөн хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь 3 дугаар сургуульд 1995 оны 06 дугаар сар хүртэл ажилласан хугацаанд цалин авч, нийгмийн даатгал төлж байсан болох нь Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар тогтоогдож байна /хх-ийн 14 тал/.
Хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь тус сургуульд ажиллаж байх хугацаандаа 1991 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор, 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус сургуулийн баярын бичгээр /диллом/, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус сургуулийн баярын бичиг зэргээр тус тус шагнагдаж байжээ /хх-ийн 15-17 тал/.
Иймд хүсэлт гаргагч Г.Дуламсүрэнгийн 1988 оноос 1995 оны 6 дугаар сарын хооронд Дархан хотын арван жилийн 3 дугаар дунд сургуульд ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Дуламсүрэн нь 1988 оноос 1995 оны 6 сар хүртэлх хугацаанд Дархан хотын арван жилийн 3 дугаар дунд сургуульд ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА