Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 5804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 12-5 тоотод оршин суух, Чимэдийнхэн овогт Цогтсайханы Анхтуяа /РД:НЧ87120825/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25-1081 тоотод оршин суух, Жаргалант овогт Энхтуяагийн Энхболд /РД:ПД86111671/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Анхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Анхтуяа миний бие нь 2007 онд Э.Энхболдтой танилцаж, 2008 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №0046620 тоот гэрлэлтийн гэрчилгээтэйгээр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 4 сарын 29-ний өдөр хүү Э.Төгөлдөр төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2011 оноос хойш тусдаа амьдрах болсон , хүү Э.Төгөлдөр миний асрамжинд байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Төгөлдөрт  тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.Энхболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Анхтуяатай батлуулсан гэрлэлтийн бүртгэлээ батлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдийн асрамжийн хувьд биднийг тусдаа амьдарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд би өөрийн төрсөн хүү Э.Төгөлдөртэй нэг ч удаа уулзаагүй бөгөөд Ц.Анхтуяагийн зүгээс хүүхэдтэй уулзуулахгүй байгаа тул хүүхдийг эрүүл саруул, эсэн мэнд өсгөн хүмүүжүүлэхэд эргэлзээтэй байгаа тул хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.  Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эцгийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэжээ.                                                              

Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.Анхтуяа нь хариуцагч Э.Энхболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э.Энхболдод 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Энхболдыг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ц.Анхтуяа, Э.Энхболд нар 2007 онд танилцаж, 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Э.Төгөлдөрийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид 2011 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч нь хүү Э.Төгөлдөрийг өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байх боловч хүү Э.Төгөлдөр нь  одоо 7 настай байх ба  гэрлэгчдийг тусдаа амьдарч эхэлснээс хойшхи хугацаанд эхийнхээ асрамжинд байсан, шүүхэд эхийнхээ хамт амьдрах талаар санал гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүү Э.Төгөлдөрийг эх Ц.Анхтуяагийн асрамжид үлдээж, эцэг Э.Энхболдоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, хүү Э.Төгөлдөрийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                    ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Чимэдийнхэн овогт Цогтсайханы Анхтуяа /РД:НЧ87120825/, Жаргалант хайрхан овогт Энхтуяагийн Энхболд /РД:ПД86111671/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Э.Төгөлдөрийг эх Ц.Анхтуяагийн асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Төгөлдөрийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Энхболдоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Анхтуяад олгосугай. 

            5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

            6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА