Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 124

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: Т.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адууч овогт Түвшингийн Бид холбогдох эрүүгийн 1929002620113 дугаартай  хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Т.Б нь Өмгөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Гал түймэр унтраах аврах ангийн 44 дүгээр ангийн гражид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.Баярбаатартай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч М.Баярбаатарын мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Г.Баттөрийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Гэрч Б.Самбуугын мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Ш.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Э.Пүрэв-Очирын мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 534 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

Яллагдагч Т.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Т.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Т.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Гал түймэр унтраах аврах 44 дүгээр ангийн гражид 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр М.Баярбаатартай “салаан дарга Г.Баттөрийн шаардлагыг эсэргүүцсэн”гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохих, мөргөх зэргээр  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Баярбаатарын  өгсөн:” ...Т.Б гал унтраах 44 дүгээр ангийн хашаанд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед ангийн автомашины гражид баруун гараа атгаж байгаад миний дээд уруул хэсэгт цохисон. Мөн дух хэсэгрүү мөргөсөн. Тэгээд зууралдаж байгаад нүүрлүү 2-3 удаа цохисон  гэх  мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

- Гэрч Г.Баттөрийн өгсөн: “...”Т.Б тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь дэслэгч Баярбаатарт очиж хэлсэн. Тэгсэн дэслэгч Баярбаатарыг очоод шаардлага тавихдана урдаас нь эсэргүүцэж, цохисон” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

-Гэрч Б.Самбуугийн өгсөн:“...Б Баярбаатарын нүүрлүү хоёр удаа цохиод авсан. Баярбаатарын амнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 Т.Бийн гэрчээр өгсөн:“...Би Баярбаатарыг нүүрлүү нь цохиод авсан. Тэгэхэд манай ажлын хүмүүс салгасан... Би Баярбаатарыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

-Гэрч Э.Пүрэв-Очирын өгсөн: “...Б, Баярбаатарыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байхад нь би салгасан ... Баярбаатарын амнаас цус гарч нүүр нь улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 534 дугаартай: “...”М.Баярбаатарын биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гүн язарсан шарх, салстын ялзрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”...гэх  дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

- Яллагдагч Т.Бын өгсөн: “...Би Баярбаатарын уруул, дух, шанаа хэсэгт нь цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч М.Баярбаатарын өгсөн: “...Нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй...” гэх хүсэлт /хх-ийн 10-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Т.Бийг хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

  Шүүгдэгч Т.Бамбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адууч овогт Түвшингийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 1 000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 / нэг сая /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА