Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 741

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 
           Нэхэмжлэгч: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны, 
Төлбөр төлөгч Г.Батсүхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. 


ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр Ган-Очирын Батсүхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Болормаад олгохоор шийдвэрлэж уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн манай албанд хүргэгдэн ирсэн. Төлбөр төлөгч Г.Батсүх эхний үед тэтгэлгээ төлж байгаад 2016 оны 2 дугаар сараас хойш тэтгэлэг төлөхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа мэдэгдэхгүй, сүүлийн 9 сарын хугацаанд түүнтэй холбоо барьж чадахгүй байна. Г.Батсүхийн энэ байдал нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд хүндрэл учруулж байгаа тул түүнийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү” гэжээ. 

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Г.Батсүхийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
        Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 428 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Батсүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин охин Б.Болормааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Батсүхээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч талууд давж заалдах гомдол гаргаагүй байна. 
         Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж уг шийдвэрт гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 428 дугаар шийдвэр болон тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 259 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбараар тогтоогдож байна. 
        Төлбөр төлөгч Г.Батсүх нь гүйцэтгэх баримт бичигт дурдагдсан хаяг болох Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-15 тоот хаягт 2013 оны 7 дугаар сараас хойш оршин суухгүй байгаа, утасны дугаар нь холбогдох боломжгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1708 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, гэрч Б.Өлзий-Оршихын “Г.Батсүх бид хоёр 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Г.Батсүхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Болормаад олгохоор шийдвэрлэсэн. Гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байхад Г.Батсүх нь Улаанбаатар хот руу явсан ба хаана оршин суугаа нь тодорхойгүй байна. Г.Батсүх хааяа охинтойгоо утсаар ярьдаг боловч хаягаа огт хэлдэггүй, надтай утсаар ярьдаггүй. 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоосноос хойш 2016 оны Цагаан сараар буюу 2 дугаар сард Г.Батсүх хүүхдийн тэтгэлэг гэж 50.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш Г.Батсүх хүүхдийн тэтгэлэг огт өгөөгүй бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-15 тоотод оршин сууж байсан, регистрийн дугаар ОЮ78110111, Тайж овогт Ган-Очирын Батсүхийг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-15 тоот хаягт оршин сууж байсан, регистрийн дугаар ОЮ78110111, Тайж овогт Ган-Очирын Батсүхийг эрэн сурвалжилсугай.
       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Батсүхийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
       3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  
       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ