| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/02026/И |
| Дугаар | 001/ХТ2018/00401 |
| Огноо | 2018-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00401
Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02616 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2407 дугаар магадлалтай,
Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ү Т ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачитын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ш ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ш ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж Зингер, Овсюген экпресс, Тедагард нэрийн 86.400.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалалтын бодисыг Ү Т ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөр 50 хувь буюу 43.200.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа болоход худалдан авагч тал ургамал хамгаалалтын бодисын үнээс 2.900.000 төгрөг төлж үлдэгдэл 40.200.000 төгрөгийг төлөөгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Иймд худалдах худалдан авах гэрээний төлбөр 40.200.000 төгрөг, гэрээний 4.1.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 20.100.000 төгрөг, нийт 60.300.000 төгрөгийг Ү Т XXК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү Т ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани нэхэмжлэгч компанитай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 24 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж 86.400.000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгаалалтын бодисыг худалдан авсан. Гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрт 43.200.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлж, гэрээний хугацаанд 2.900.000 төгрөгийг мөн төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40.200.000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Учир нь санхүүгийн байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй болж, чадваргүй байгаагаас одоог хүртэл төлж барагдуулаагүй. Гэрээний дагуу төлбөрийг төлөх боловч график гаргаж барагдуулах саналтай байна.
Харин хугацаа хэтрүүлсэний алданги 20.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд ургамал хамгааллын бодисын хэмжээг 750, нийт үнийг 43.500.000 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд хавсаргасан зарлагын баримтанд бодисын хэмжээг 650, нийт үнийг 37.750.000 төгрөг гэж бичигдсэнээс үзэхэд гэрээндээ 750 кг-ыг шилжүүлэхээр биччихээд, баримт үйлдэж шилжүүлэхдээ 650 кг-ыг шилжүүлсэн тул зарлагын баримтаар шилжүүлсэн үнийн дүнгээр тооцож төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлөх нь зүйтэйг шүүх харгалзан үзнэ үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02616 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү Т ХХК-иас 51.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.550.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459.450 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ү Т ХХК-иас 416.700 төгрөгийг гаргуулж Ш ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2407 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 244.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компанийн нөхцөл байдлыг Хүнс хөдөө аж ахиун газрын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 406 тоот албан бичигт “Дорнод аймгийн хэмжээгээр 2017 онд нийтдээ 34,1 мянга га-д тариалалт хийсэн бөгөөд байгал цаг уурын нөхцөлөөс шалтгаалан 24,6 мянга буюу 72,1 хувьд ургац алдсан. Халхгол сумын газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үйзэнтал ХХК энэ онд нийт 2150 га-д тариалалт хийж 100 хувь ургац алдсан үнэн болно” гэж тодорхойлсонд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д шүүх алдангийг багасгаж болно гэж заасан. Үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардсан анзын хэмжээ нь хэт их санагдаж байвал анзын хэмжээг багасгуулахаар шүүхэд хандах эрхтэй байдаг. Манай компани нь гэрээний үндсэн төлбөр 34 500 000 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алданги болох 17 250 000 төгрөгийг төлөх боломжгүй байгаагаа анхан шатны шүүх хуралд илэрхийлсэн.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Ү Т ХХК-ийн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 60.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 51.750.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигчид 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгулагдсан эвлэрлийн гэрээгээр “нэхэмжлэгч Ш ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15.620.000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ү Т ХХК нь үлдэх 44.680.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, гэрээнд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, Ч.Мөнх-Ачит нар гарын үсэг зуржээ.
Зохигчид өөрсдийгөө шүүхэд төлөөлөх эрхийг Э.Хэрлэнхүү, Ч.Мөнх-Ачит нарт итгэмжлэлээр олгосон нь хэргийн 4, 17 дугаар талд авагдсан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрэх эрхтэй, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байна.
Талууд эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т заасан “талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн шаардлагад нийцжээ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02616 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2407 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 15.620.000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ү Т ХХК нь үлдэх 44.680.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ