Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 576

 

Ж.Даваасүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

ялтан Ж.Даваасүрэнгийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэгийн даргалж хийсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201726010564 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Жамсранжавын Даваасүрэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эдийн Засаг Үндэсний дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эцгийн хамт Архангай аймгийн Их Тамир сум, Тайхар 5 дугаар баг, Хужирт хороолол, 2 дугаар гудамжны 3 тоотот оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 28 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД: АЧ94122711/,

Ж.Даваасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух иргэн Ч.Янжиндуламын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын хаш хөөрөг, пүүз, савхин цүнх, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэрэг нийт 2.575.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 240 тоотод оршин суух иргэн Б.Батхолбоогийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, “Дизель” загварын 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий бугуйн цагийг хулгайлж, бусдад нийт 2.855.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Даваасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Даваасүрэнг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын 2.855.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлж, Ж.Даваасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар  сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Даваасүрэнгээс 80.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Янжиндуламд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.Даваасүрэнгийн пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өөрийн биеэр төлж барагдуулмаар байгаа боловч баривчлагдсан учир төлж чадахгүй байна. байна...” гэжээ.

Ялтан Ж.Даваасүрэнгийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Даваасүрэн нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоолд хохирогч Ч.Янжиндуламд олгохоор заасан 80.000 төгрөгийг Ж.Даваасүрэнгийн ар гэрээс төлж барагдуулсан. Хохирогч Ч.Янжиндулам нь одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх хүсэлтээ бичиж өгсөн. Анхан шатны шүүхээс Ж.Даваасүрэнд 3 сар 10 хоногийн баривчлах ял оногдуулсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд баривчлах ял нь ялын төрлөөс хасагдсан тул Ж.Даваасүрэнг нэн дариу суллах хууль зүйн үндэслэлтэй хэдий ч Ж.Даваасүрэн нь одоо Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөн хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар өмгөөлөгч миний бие болон Ж.Даваасүрэнгийн ар гэрийнхэн мэдээгүй байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч О.Тэмүүжин надтай холбогдон Ж.Даваасүрэнг хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай албан тоотыг өгсөн. Уг албан тоотыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгч байгааг хүлээн авна. Хэдийгээр Ж.Даваасүрэн нь баривчлах ялаас чөлөөлөгдөн суллагдахаар байгаа боловч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх тул түүнд холбогдох хэргийг буцааж, нэг шийтгэх тогтоолоор тухайн гэмт хэргийг хуучин Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлмээр байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, холбогдох хэргийг буцааж өгнө үү гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ялтан Ж.Даваасүрэн нь  энэ ял шийтгэлээ эдэлж дуусаад, дахин нөгөө хэрэгтээ ял шийтгүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, Ж.Даваасүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух иргэн Ч.Янжиндуламын эзэмшлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, дунд гарын хаш хөөрөг, пүүз, савхин цүнх, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэрэг нийт 2.575.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 240 тоотод оршин суух иргэн Б.Батхолбоогийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, “Дизель” загварын 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий бугуйн цагийг хулгайлж, бусдад нийтдээ 2.855.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Батхолбоогийн “...2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрийнхээ хашааны хаалгаар ороод байшингийнхаа хаалгыг түлхүүрээр нь онгойлгох гээд байж байтал зүүн талын хашааны мод тар, нир гэх чимээ дуугарсан. Тэгэхээр нь хартал хажуу хашаан дотор хар өнгийн куртик, улбар шар өнгийн пүүзтэй, гартаа хос ажлын бээлий өмссөн үл таних нэг залуу цаад айлын хашаа даваад зугтааж байсан... түүнийг очиж барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн... цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсний дараа гэртээ ороход миний барьсан хулгайч унтлагын өрөөний цонхоор орж, жижиг өрөөний цонхоор гарсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд унтлагын өрөөний шүүгээний шургуулган дотор байсан миний бугуйн цаг алдагдсан байсан...” /хх-19-23/,

- хохирогч Ч.Янжиндуламын “...2017 оны 2 дугаар сарын 26-ны орой гарч ... шөнийн 01 цагийн үед ирэхэд манай өвлийн сууцны үүдний амбаарын вакум цонхны порчикоор хулгайч ороод гэрт байсан нөхрийн маань пүүзэн гутал, бэлэн 5000 төгрөг, аавын маань хэрэглэж байсан дунд гарын манан хөөрөг, бөөгийн тахилгын авдар дотор байсан мөнгөн эдлэлүүд, хүүхдийн үүргэвчин цүнх зэрэг алдагдсан байсан...” /хх-130-133/,

- иргэний нэхэмжлэгч Ө.Амгалантөрийн “...хөрш залуу болох Алтанхуяг “Хөөрөг сонирхох уу” гэхээр нь хартал улаан толгойтой, саарал, шаргал өнгийн дунд гарын хөөрөг байхаар нь 100.000 төгрөг өгөөд авсан. Тэгсэн чинь хэд хоногийн өмнө Алтанхуяг над руу утсаар яриад “Чамд зарсан хөөрөг чинь хулгайн хөөрөг юм шиг байна, цагдаагаас асуугаад байна, чи наад хөөргөө аваад цагдаа дээр оч” гэж хэлсэн...” /хх-130-133/,

- гэрч Б.Алтанхуягийн “...цагаан сарын дараа ажил дээрээ байж байтал 20 гаран насны, үл таних залуу орж ирээд “Хөөрөг авах уу” гэхээр нь хартал сааралдуу өнгийн манан хөөрөг байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас 80.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-24/,

- гэрч Н.Нэргүйн “...шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн чинь манай өвлийн сууцны үүдний амбаарын вакум цонхоор хулгайч ороод миний аваад удаагүй байсан пүүзэн гутал, охины үүргэвчин цүнх, эхнэрийн мөнгөн эдлэл, хадам аавын дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлсан байсан...” /хх-105/ гэсэн мэдүүлгүүд,

мөн дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан Ж.Даваасүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-153-154, 156-158, 189/,

            хэргийн газарт үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9, 13-18, 83-87/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2830 тоот “Шинжилгээнд ирүүлсэн ... 2, 3 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ..., эдгээр гарын мөрүүд нь Ж.Даваасүрэнгийн баруун гарын алганы дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-52/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой ба эдгээрийг үндэслэн Ж.Даваасүрэнг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын 2.855.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ж.Даваасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн хуульд заасан баривчлах ялын төрлийг сонгон оногдуулжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ялтан Ж.Даваасүрэнгийн өмгөөлөгч Н.Одонтуяа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч О.Тэмүүжин надтай холбогдон Ж.Даваасүрэн нь тус дүүрэгт үйлдэгдсэн хулгайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тухай албан тоотыг өгсөн. Иймээс ялтан Ж.Даваасүрэнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэх тул холбогдох уг хэргийг буцааж, нэг шийтгэх тогтоолоор тухайн гэмт хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Харин Ж.Даваасүрэнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсаны гадна, мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна”, 1.1 дэх хэсэгт “торгох ял”, 1.2 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ял”, 1.3 дахь хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ял”, 1.4 дэх хэсэгт “хорих ял”, 1.5 дахь эрх хасах ял”, 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлжээ.

Дээрх байдлуудыг харьцуулан дүгнэж үзвэл ялтан Ж.Даваасүрэнгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд заасан баривчлах ял нь гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хасагдсан байх тул илүү хөнгөн хуулийг буцаан хэрэглэж, түүнийг анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ялаас нь чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Янжиндуламд учирсан шууд бус хохирол болох алдагдсан хөөрөгөнд үнэлгээ хийлгүүлсэн 80.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Ж.Даваасүрэнгээс нөхөн гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн ба хохирогч Ч.Янжиндулам нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “...үлдэх хохиролд 80.000 төгрөгийг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялтан Ж.Даваасүрэнг баривчлах ялаас чөлөөлсөн тухай нэмэлт заалтыг, мөн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосон тухай өөрчлөлтийг тус тус оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.