| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2416003160127 |
| Дугаар | 2025/ХШТ/125 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ХШТ/125
Ц.Б-т
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Ц.Б, хохирогч Э.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалтай Ц.Б-т холбогдох эрүүгийн 2416003160127 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн ** гудамжны *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хар бургууд овогт Ц-ийн Б (РД:********).
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сум, Галуут баг, “Цагаан хаалга” гэх газар “Тоёота приус-41” загварын 80-26*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас “Тоёота приус-41” загварын 10-17*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Э.Б, Т.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 158 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б-оос хохирогч Э.Б-ын эмчилгээ болон эд хөрөнгөд учирсан хохиролд 33.410.951 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 17.424.000 төгрөг, нийт 50.834.951 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б, 33.679.720 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгох,
хохирогч Э.Б-ын нэхэмжлэлээс 29.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 9.891.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогч Э.Б-т 10.000.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 19 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн бэлэн 10 сая төгрөг хохирогчид төлж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх”, “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсвэл 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэх” гэж заасныг хэрэглээгүй.
Мөн хохирогч Э.Б нь “***” ХХК-д ажиллаж байсан нэг сарын цалин 2.000.000 төгрөгийг 8 сараар тооцож 16.000.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг эс зөвшөөрч байна. Дээрх компанид ажиллаж байсан гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ямар ч баримт байхгүй.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн 7 дахь заалтад гэм хорын хохирлоос 16.000.000 төгрөг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.
Хохирогч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдол гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж үзэж байна.
Хохирогч нь хөдөлмөрийн чадварын 60 хувиа алдаж таяг тулсан, одоогоор хагалгаанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон. Хохирогчийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Э.Б нь ажил эрхэлдэг, сард 2.000.000 төгрөгийн орлоготой байсан болох нь тогтоогдсон.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаас багаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хохирогч Э.Б-ын хүнд гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцож олгохдоо нь “*****” ХХК-иас гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн. Уг тодорхойлолтод нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн мэдээлэл тэмдэглэгдсэн байна. Уг асуудлыг шүүх шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг үндэслээгүй. Давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхэд шинжлэн судлагдаагүй хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг шинжлэн судалж шүүгдэгчид танилцуулсан болохоо тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлд хамаарна.
Хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут баг “Цагаан хаалга” гэх газар “Тоёота приус-41” загварын 80-26*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Б.Ц-ийн жолоодож явсан “Тоёота приус-41” загварын 10-17*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Э.Б, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан эхнэр Т.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
3.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
4.Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгосон онцгой бүрэн эрх юм.
Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.
Шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заасныг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй.
6.Нөгөөтэйгүүр, хохирогч Э.Б нь “***” ХХК-д ажиллаж байсан талаарх нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Б хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэлийн хүрээнд гэм хор учруулсан этгээдээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
7.Иймд хоёр шатны шүүх Ц.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Харин шүүхээс хохирогч Э.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцоолохдоо шийтгэх тогтоол гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталсан нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчим нь lex scripta буюу хууль заавал бичигдсэн байх, lex certa буюу хууль тодорхой байх, lex stricta буюу хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, lex praevia буюу хуулийг буцаан хэрэглэхийг хориглох үзэл санааг агуулдаг.
Энэ зарчмын хүрээнд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлдог бөгөөд үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг мөн адил хамаарах учиртай.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр 12 дугаар тогтоолоор 2024 онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөг байхаар тогтоожээ.
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарсан ослын улмаас хохирогч Э.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцэх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 17,424,000 төгрөг...” гэснийг “...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 14,520,000 /арван дөрвөн сая таван зуун хорин мянга/ төгрөг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт болон Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР