Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 741

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, УБЕ газрын даргад холбогдох  захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “М” ТББ, 

Хариуцагч: ОБЕ газрын даргад

Гуравдагч этгээд: Б.О 

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Б.О , түүний өмгөөлөгч Л.Х, нарийн бичгийн дарга О.Э нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “М” ТББ нь сагсан бөмбөгийн спортыг өөрийн оронд хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид багийн эзэд, сонирхогчдыг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. 

... Мны дүрмийн 3-р зүйлийн 3.5-д заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай хүсэлт, санаачлагыг тэргүүлэгчид болон гишүүдийн зүгээс М-ны албан ёсны ерөнхийлөгч болох Ц.М 2015 оны 03 сарын 09-ний өдөр гаргасан боловч ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахгүй байсан тул бид иргэний шүүхэд хандсан билээ. Тус холбооны хурлыг зарлан хуралдуулахтай холбоотой маргааныг иргэний шүүхээр шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоор  ”...Төрийн бус байгууллагын тухай хуульд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зохицуулалт байхгүй тул Холбоо өөрийн дүрмээр зохицуулахыг хуулиар хориглоогүй байна. Холбооны дүрмийн 3.5 дахь заалтаар ээлжит бус хурлын зарлан хуралдуулах эрх бүхий этгээд байна гэж үзнэ. Дүрмийн энэ заалтын “Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч” гэсний ард таслал, түүний ард Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэснээс үзэхэд ерөнхийлөгчөөс гадна энэ хурлыг зарлан хуралдуулах эрхтэй өөр хоёр субъект байх ба нэхэмжлэлд нэхэмжлэгч Ц.Ц, Б.Д нар нь Холбооны тэргүүлэгч, Б.Б Р.Ц нар нь холбооны гишүүн” үндэслэлээ маргааныг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “М” ТББ-ын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий өөр этгээд нь Холбооны тэргүүлэгчид болох Ц.Ц, Б.Дамба нар байна гэж шийдвэрлэсэн. Иймээс Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу М ны хуралдсан бүх гишүүдийн хурлыг Тэргүүлэгчдийн зүгээс 2016 оны 02 сарын 06-ны өдрийн зарлан хуралдуулсан нь хууль зөрчөөгүй, түүнд үндэслэн хийгдсэн холбогдох бүртгэл үнэн зөв хуулийн дагуу хийгдсэн болно.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт н.Оргил гэдэг хүн хэзээ, юун тухай, ямар үндэслэлээр гомдол гаргасан болох нь тодорхойгүй, гомдлыг нь бидэнд танилцуулаагүй  атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.С үндэслэлгүйгээр “бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ” тушаалыг гаргасанд гомдолтой байна. 

... Мөн маргаан бүхий актад үндэслэсэн Хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 88 дугаар дүгнэлт нь хэзээ гарсан, ямар дүгнэлт болох нь мэдэгдэхгүй, бидэнд танилцуулаагүй байж тушаалдаа үндэслэсэн байгаа нь хуульд нийцэхгүй болжээ. Түүнчлэн Улсын байцаагчийн зүгээс Мнд ямар ч хяналт шалгалт хийгээгүй болно. Иймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаал нь бидний нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг маань ноцтой хохироож байгаа тул дээрх тушаалыг эс зөвшөөрч ийнхүү Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүүгийн хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 01 сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” ТББ нь сагсан бөмбөгийн спортыг өөрийн оронд хөгжүүлэх зорилгоор байгуулсан сагсан бөмбөгийн үе үеийн тамирчид дасгалжуулагч, шүүгч нарын багийн бүрдсэн төрийн бус байгууллага юм. Гэтэл сүүлийн 10 жил холбооны үйл ажиллагааг дүрэмд заасан зорилго чиглэлийн дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ээлжит бус их хуралдаан зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн. 

Иймээс “М” ТББ-ын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах хүсэлт, санаачлагыг тэргүүлэгч болон бүх гишүүдийн зүгээс Мны албан ёсны ерөнхийлөгч Ц.М******* 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан боловч, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахгүй байсан тул бид Иргэний хэргийн шүүхэд хандсан билээ. 

Тус холбооны хурлыг зарлан хуралдуулахтай холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоор Төрийн бус байгууллагын тухай хууль, ээлжит бус хурлыг зарлан товлох тухай зохицуулалт байхгүй тул холбоо нь өөрийн дүрмээр зохицуулахыг хуулиар хориглоод байна. Холбооны хувьд албан ёсоор мөрдөгдөж байгаа 2005 онд батлагдсан дүрмийн дагуу, дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-т “ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд байна. Дүрмийн энэ заалтыг холбооны бүх гишүүдийн 1/3 санаачлагаар, мөн ерөнхийлөгчийн санаачлагаар болон тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно” гэж зааснаас үзэхэд Ерөнхийлөгчөөс гадна энэ хурлыг зарлан хуралдуулах эрхтэй хоёр өөр субъект байх ба нэхэмжлэгч н.Ц, н.Д нар нь холбооны тэргүүлэгч болон холбооны гишүүн. 

Өөрөөр хэлбэл, “...М төрийн бус байгууллага ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий өөр этгээд нь холбооны тэргүүлэгч болох н.Ц, н.Д нар байна...” гэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хуралдсан байдаг. Иймээс Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу Мны хуралдсан бүх гишүүдийн хурлыг 2016 оны 02 дугаар сарын 06 өдөр зарлан хуралдуулсан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монголын сагсан бөмбөгийг сонирхогчид, гишүүдийн идэвх санаачлагаар хуралдсан нь хуулийн дагуу хийгдсэн гэж үзнэ” гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд “Төрийн бус байгууллага бүх зүйлээ улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр хуулийн этгээд байна” гэж заасан. Тэгэхээр М нэг л байгаа. Энэ нь нэхэмжлэгч юм. Тухайн үед Ц.М Мнд ажиллаж байсан.

Харин уг хурлаас хойш уг холбооны нарийн бичгийн дарга биш учраас иргэний зүгээс улсын бүртгэлийн газарт хандсан байна. Иргэнээр хандахад уг хүний эрх ашиг хөндөгдөж байх ёстой. Гэтэл Б.О ын эрх ашиг хөндөгдсөн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэзээ, хаана хурал болсон гэж асууж байна. Заавал хурал хийх шаардлага байхгүй. Тэргүүлэгчдийн хүсэлт байхад хангалттай. Дээд шүүхийн тогтоолоос харахад “хурал хийх 3 боломж байна. Үүний дотор нэхэмжлэл гаргаж байгаа Ц.Ц, Б.Д, Р.Ц нар өөрсдөө тэргүүлэгч байна. Тийм учраас та нар ч хуралдуулж болно” гэж байна. Тэгэхээр Дээд шүүх цаашид ийм хурал хийх боломж байна гэсний дагуу тэргүүлэгч нарын санал хүсэлтээр хурал хийхээр болж, хурал хийсэн.

... Иймээс гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн нь тогтоогдохгүй байна. Дүгнэлт хууль бус байхад хууль бус дүгнэлтийг барьж тушаал гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны А/47 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “М” ТББ-ын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С хууль зөрчсөн үйлдлийг шалган тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй танилцаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг гаргаж байна.

... Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 6412 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1459 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Мны ерөнхийлөгч Ц.М холбогдох Мны дүрмийн дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах тухай Ц.Ц*******, Р.Ц, Б.Б, Б.Д нарыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба Мны бүх гишүүдийн 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 3.1, 3.2, 3.3, 3.5 дахь заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн байдаг.

Тус холбооны 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 3.6.1. “Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах”, 3.6.3. “Холбооны Ерөнхийлөгч, Тэргүүлэгчийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн тайланг хэлэлцэх” эрх нь Бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийн асуудал байх ба Холбооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах эрх нь дүрмийн 3.5. “Холбооны бүх гишүүдийн 1/3 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно”, 3.13.“Тэргүүлэгчид олонхи оролцсон хуралдааныг хүчинтэйд тооцно. Тэргүүлэгчид өөрийн биеэр оролцож чадахгүй хуралд бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно” гэсэн заалттай байна.

Гэтэл “М” ТББ-ын Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах тухай Тэргүүлэгчдийн 7 гишүүний гарын үсэг бүхий 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоол гарсан нь холбооны дүрмийн 3.13 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, “М” ТББ-ын Бүх гишүүдийн хурлын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолд Тэргүүлэгчдийн дарга, гишүүнээр нэр бүхий 15 хүнийг /Ц.М, Н.Э, С.Б, Багийн эздийн төлөөлөгч/ сонгосон байхад Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд дээрх 15 гишүүний нэр бүхий 7 гишүүн оролцож, шийдвэр гаргасан нь олонхи оролцоогүй хүчин төгөлдөр бус хурлаар шийдвэр гаргасан.

Иймд Мны хуралдсан бүх гишүүдийн хурлыг Тэргүүлэгчдийн зүгээс 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зарлан хуралдуулсан нь хүчин төгөлдөр дүрмээ зөрчсөн тул хууль бус шийдвэр болно.

... Иргэн Б.О  нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус газарт “М” ТББ-ын үүсгэн байгуулах баримт бичигт удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчлэн өөрчилсөн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хууль бус бүртгэлийг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг ирүүлсэн. 

... Дээр дурдсан асуудлыг “М” ТББ-ын Тэргүүлэгч Ц.Ц нарт утсаар удаа дараа мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу тайлбар гаргуулахаар хандахад ажилтай байна, амжихгүй гэж хариу мэдэгдсэн ба мөн холбооны Тэргүүлэгч гишүүн Б.Д утсаар холбогдоход бүртгэлийн байгууллагад ирсэн боловч тайлбараа бичиж хүргүүлнэ гээд эргэж холбогдоогүй, тайлбар ирүүлээгүй болно.

“М” ТББ-ын мэдээлэлд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулсан бүртгэлийн нотлох баримтыг хянаж, хяналтын улсын байцаагчийн 2017 оны 88 дугаартай дүгнэлт үйлдэгдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалаар дээрх бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба энэ тухай Ц.У Б.О  нарт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн болно.

... Холбооныхоо хүчин төгөлдөр дүрмээ зөрчиж “М” ТББ-ын бүх гишүүдийн хурлыг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зарлан хуралдуулсан Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай хүчин төгөлдөр бус тогтоолыг үндэслэн “М” ТББ-ын үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн нь:

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.”үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”;

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.”нотлох баримтад үндэслэж, хуульд заасны журмын дагуу хөтлөх”;

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5,3.”энэ хуулийн 11.5,2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож,

- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасныг удирдлага болгон “М” Төрийн бус байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 2 дугаар сарьн 18-ны өдөр бүртгэсэн бүртгэл болох улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон, Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга өөрчлөгдсөн, холбооны дүрмийг шинэчилсэн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/47 дугаар тушаалаар хүчингүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/47 тоот тушаал гаргасан. Бүртгэлийн холбогдох хууль тогтоомж, хувийн хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж гарсан гэж үзэж байна. 

2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүрэм Улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Уг дүрмээр 15 гишүүн бүртгэлтэй байна. Уг дүрмийн хүрээнд улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлт нь “тэргүүлэгчид олонхоороо шийдвэрлэнэ” гэж үндэслэсэн нь бүртгэлийн хууль тогтоомжид нийцэж байна гэж үзэж байна. 

Гуравдагч этгээд Б.О  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Мны 2013 оны ээлжит Их Хурлын дараа тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. 2016 оны 2 дугаар сард "М" ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс сонирхлын зөрчилтэй хэсэг хүмүүсийн хууль бус үйл ажиллагаа явагдаж хуурамч Их хурал хийгээд зогсохгүй Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин гаргасан байсан учраас энэ асуудлыг хууль журмын дагуу хөөцөлдөхийг 2016 оны 3 дугаар сард манай холбооны Удирдах Зөвлөлийн шийдвэр гарсны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр тус байгууллагаас албан ёсны шийдвэр гарч манай холбооны Улсын бүртгэлийн гэрчилгээг сэргээсэн билээ.

М нь анх 1962 онд үүсгэн байгуулагдсан ба Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн холбоо буюу 2000 онд Азийн Сагсан Бөмбөгийн Холбооны 44 гишүүнээр, 2000 оны 12 сарын 29-ний өдөр Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны 144 гишүүн орноор элсэн орсон сагсан бөмбөгийн төрлөөр олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээн, спортын наадамд төлөөлөх бүрэн эрхтэй нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлтэй 2012 оны 3 сарын 27-ны өдрийн №000035281 тоот дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээтэй төрийн бус байгууллага юм.

Гэтэл 2016 оны 2 сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагын зохих алба болон эрх бүхий албан тушаалтан нар тус холбоог төлөөлөх эрхгүй этгээд нарын хуурамч, хууль бус бичиг баримтыг хуулийн дагуу шалгаж нягтлалгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон Мны дүрмийг зөрчин тус газарт мэдэгдэлгүйгээр далд, нууцаар улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж бусдад давхардуулж дахин гэрчилгээ олгосон явдал нь албан ёсны Мны эрх зүйн байдлыг дордуулсан, хэвийн үйл ажиллагааг шууд зогсоох гэсэн хариуцлагагүй, хууль бус ажиллагаа явагдсан бөгөөд үүгээр зогсохгүй манай холбоог Цагдаагийн байгууллага тамга, тэмдэг гэрчилгээг авчир гэсэн даалгавартай шалгаж эхэлсэн билээ. 

Одоогоос 4 жилийн өмнө 2013 оны 2 сарын 1-ний өдөр Мны ээлжит Их хурлаа хуралдуулж тус холбооны дүрмийг холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт болон цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлж 2005 оны хуучин дүрмийг шинэчлэн баталсан ба энэхүү дүрмээр М нь гишүүнчлэлтэй болсон буюу Ерөнхийлөгчөөр нь Ч.Г******* сонгогдож, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Б.О  миний бие Удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдсон билээ.

2013 оны хавар Мны зүгээс Улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар хандсан боловч 2013 оны Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 149 дугаартай хууль зүйн үндэслэлгүй бүртгэхээс татгалзсан тушаал гарсан тул миний бие Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улсын бүртгэлтэй холбоотой асуудал шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд 2013 оны 6 сарын 27-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн №294 тоот шийдвэр, 2013 оны 8 сарын 28-ны өдрийн №277 тоот давж заалдах шатны магадлал, 2013 оны 10 сарын 21-ний өдөр №87 тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын №149 тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан боловч Улсын бүртгэлийн байгууллагаас Мны баримт бичгийн баяжилт болон мэдээлэлд тодорхой ажиллагаа бүртгэл учир битүүлэг шалтгаанаар ямар нэгэн хэлбэрээр огт явуулаагүй бөгөөд алба манай холбооны хүсэлт, шаардлагад ямар нэгэн хариу өгдөггүй, бидний хүсэлт гомдлыг огт шийддэггүй хүнд суртал, чирэгдлийг гаргаж байсныг хэлэх нь зүйтэй билээ. 

2015 оны 4 сарын 24-ний өдөр иргэн Ц.Ц нар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 шүүхэд дахин хандаж Мны хуучин ерөнхийлөгч Ц.М тус холбооны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 12 сарын 22-ны өдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны №1125 дугаартай тогтоол гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эцсийн шийдвэр гардаг. Энэхүү шийдвэрт Мны ээлжит болон ээлжит бус Их хурлыг хуралдуулах ёстой гэсэн нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй билээ. 

Одоогийн байдлаар манай холбоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд аль холбоо нь жинхэнэ аль нь хуурамч гэдгийг ойлгож шалгаж тогтоохын тулд сүүлийн үед явагдаж буй сагсан бөмбөгийн холбоотой уралдаан тэмцээнийг хэн зохион байгуулж явуулж байна, тус холбооны үйл ажиллагааны талаар биеийн тамир спортыг хариуцдаг зохих байгууллагаас нягтлан шалгахад тодорхой болох бөгөөд бидний хувьд энэ хавар Мны 55 жилийн түүхэн ойг тэмдэглэж өнгөрүүлсэн билээ.

Иймд, тус шүүхэд гаргасан зохиомол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч хууль зүйн болон бодит байдлын, нотлох баримтын үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож М үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, өөрсдийгөө Мны удирдлага мэтээр олон нийт, хууль шүүхийн байгууллагад ойлгуулах гэсэн явуургүй үйл ажиллагааг таслан зогсоож хууль, шударга ёсыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж, итгэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол улсад үйлчилж байгаа бүртгэлтэй холбоотой 3 хууль байгаа. Үүнд Улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль байдаг. Эдгээр хуулиуд дээр бүртгэлийг яаж явуулах ёстой, ямар ч тамга, тэмдэггүй бичиг баримтыг яагаад бүртгэсэн гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой. Гурван асуудал байна. 

Нэгдүгээрт Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу гарсан тухайн байгууллагын дүрэм байна. Мны албан ёсны байгууллага нь манайх. Яагаад гэвэл манайд тамга, тэмдэг, гэрчилгээ нь байна. Улсын бүртгэлд бүртгэсэн Ц.М нь байна. Гэнэт хаанаас Р.Ц гэх хүн гарч ирсэн гэдэг л асуудал юм. Эдгээр хүмүүс татвар төлж байгаагүй, гишүүнчлэл нь байхгүй юм байна. Одоо гишүүнчлэлгүй байгууллага гэдэг нь тодорхой болсон. 

Улсын бүртгэлийн тухай хууль дээр хуулийн этгээдийн улсын бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ байна. Гэтэл гэрчилгээн дээр маргаж байна. Гэрчилгээн дээр Б.О ын нэр байхгүй, гэрчилгээн дээр “М” гэж байгаа. Мнд ямар ч хамааралгүй болсон хүмүүсийг гарын үсэг зуруулсан нь гэмт хэрэг. Тэгээд 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэх гэхээр яг тэр өдөр нь Улсын бүртгэлийн газар тушаал гаргасан. Тэгээд Захиргааны хэргийн шүүхээр маргаж явсан. 

Мны хүчин төгөлдөр дүрэм бол шүүхийн шийдвэрээр 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Энэ дүрэм дээр гишүүнчлэлтэйгээ заасан. Тэр гишүүдийн анкетыг бүгдийг нь шүүхэд авч ирсэн. 2005 оны дүрэм хүчинтэй юу 2013 оны дүрэм хүчинтэй юу. 2013 оны дүрэм баталгаатай гэдгийг шүүхийн шийдвэр харуулж байна. Мөн дээд шүүхийн тайлбарт дахин тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гарахгүй, нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, тэдгээрийн талаар маргах эрх байхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл уг шүүхийн шийдвэртэй хэн ч маргах эрх байхгүй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүрмийг хүчинтэй, хүчингүй гэж нотлох шаардлага байхгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” Төрийн бус байгууллага /цаашид ТББ гэх/ нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд “ Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“М” ТББ-ын гүйцэтгэх удирдлага Ц.Ц 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар УБ-05 маягтын дагуу өргөдөл  гаргаж, өргөдөлд “М” ТББ-аас холбооны тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар тогтоолууд, бүх гишүүдийн хуралд оролцогчдын бүртгэл, хурлын тэмдэглэл, Тэргүүлэгчдийн хурлын 1 дугаартай тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “М” ТББ-ын дүрмийг хавсаргаж  хүргүүлжээ. 

Улсын бүртгэгч А.М уг хүсэлтийг хүлээн авч шалгаад “М” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Ц тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас баталсан дүрмийг бүртгэн авч байгууллагын гэрчилгээг дахин олгосон байна.  

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.О оос дээрх бүртгэлийг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах гомдлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, ерөнхий байцаагч Р.с хандаж гаргасан байна.  

Улмаар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалын 1 дүгээр заалтаар ““М” ТББ-ын мэдээлэлд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулан тус газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Хяналт шалгалтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул хүчингүй болгож”, 2 дугаар заалтаар тус ТББ-ын 0000116038 дугаартай гэрчилгээ, тэмдгийн 1116217928 хяналтын дугаарыг мөн хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Маргаан бүхий актыг гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд улсын байцаагчийн үндэслэлгүй дүгнэлт болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэн Б.О ын хүсэлтэд үндэслэж А/47 тоот тушаалыг гаргасан нь хууль бус” гэж хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 02 дугаар сарын 08-нд өөрчлөлт оруулж бүртгэхдээ улсын бүртгэгч нь хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ерөнхий бүртгэгчийн эрх хэмжээнд нийцсэн” гэж  тус тус маргасан байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмуудыг баримтлахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” бүрэн эрхийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байх тул маргаан бүхий акт нь хариуцагчид хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ. 

Учир нь маргаан бүхий актаар хүчингүй болгосон “М” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэл нь “бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэх, хуульд заасан журмын дагуу хөтлөгдөх” ерөнхий зарчимд нийцээгүй, бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад хийгдсэн байх тул Улсын ерөнхий бүртгэгчээс улсын бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм. Тодруулбал, 

1/ Маргаан бүхий актаар хүчингүй болгосон бүртгэлийг хийлгэхээр нэхэмжлэгчээс УБ-05 маягтын дагуу гаргасан өргөдөл болон түүнд хавсаргаж хүргүүлсэн баримт бичгүүд нь хуулийн этгээдийн тэмдэггүй байгаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. 

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Маягт, индекс, баталгааны тэмдгийн загварыг шинэчлэн батлах тухай” 334 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-05 маягт/” нь хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байх шаардлагатайгаар батлагдсан байна.

2/ “М” ТББ нь 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэж 000116038 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд энэхүү бүртгэлээр дээрх хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.М бүртгэгдсэн  байна. 

Гэтэл Ц.М болон холбооны Тэргүүлэгчдээс, түүнчлэн холбооны бүх гишүүдийн хурлын зүгээс Ц.Ц*******д хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргах итгэмжлэл олгогдоогүй байхад бүртгэл хийгдсэнээрээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ... итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдээс улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг гаргах”-аар хуульчилсныг зөрчсөн байна.  

Түүнчлэн “М” ТББ-ын эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрт Ц.Ц*******д итгэмжлэл олгосон эсэх асуудал тэмдэглэгдээгүй байна.  

3/ Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/16276 тоот албан бичгээр “... Мны үүсгэн байгуулах баримт бичиг орсон өөрчлөлтийг бүртгэхгүй байх”-ыг мэдэгдэж, мөн албаны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/7240 тоот албан бичгээр “... компанитай холбогдох эрхийг сэргээж, бусад хоригийг хэвээр үлдээнэ үү” гэж тус тус мэдэгджээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хувийн хэрэгт байгаа бүх материалуудыг гаргаж өгсөн, дахин гаргаж өгөх баримт байхгүй” хэмээн тайлбарлаж байна. 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тухай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй байх хэдий ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхгүй байхаар мэдэгдсэн шийдвэр нь хүчинтэй, түүнийг цуцалсан тухай шийдвэрийг ирүүлээгүй байхад дээрх бүртгэлийг хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ... хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжтой байна.  

Дээрхээс үзвэл, маргаан бүхий актаар хүчингүй болгосон “М” ТББ-ын мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь шинээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийг бүртгэсэн бүртгэл биш тул өмнө нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйгээр бүртгэгдсэн гүйцэтгэх удирдлага, эсхүл үүсгэн байгуулагч, тэдгээрээс итгэмжлэл олгогдсон этгээд өргөдөл гаргаагүй, өмнө олгогдсон хяналтын дугаар бүхий тэмдэг дарагдаагүй байгаа тохиолдолд улсын бүртгэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу “баримт бичгийн бүрдэл дутуу” гэж үзэж бүртгэхээс татгалзахаар байсан байхад дээрх бүртгэлийг хийсэн нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

Мөн төрийн захиргааны байгууллагаас хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэлийг эрхэлж шинээр байгуулагдсан хуулийн этгээд болон мэдээлэлд нь өөрчлөлт орсон, татан буугдсан, түүнчлэн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг бүртгэж, хяналтын тэмдэг олгож байгаагийн гол утга учир нь тухайн хуулийн этгээд өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхойлоход оршиж байх ба нэгэнт байгуулагдсан төрийн бус байгууллагын тухайд түүний мэдээлэлд өөрчлөлт оруулахын тулд өмнө бүртгэгдсэн дүрмийн хүрээнд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр мэдээлэлд өөрчлөлт оруулах учиртай. 

Ийм ч учраас Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1125 дугаар тогтоолд “Хуулийн этгээд нь хууль, дүрэмд зааснаар үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд Мны бүх гишүүдийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүрмийн хүрээнд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах боломжтой”- г дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн дагуу хүлээсэн “...бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд ... гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүйгээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хууль зөрчсөн бүртгэл хийгдсэн байх тул уг бүртгэлийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд Оюуны өмч улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ный өдрийн А/47 дугаар тушаал нь хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хууль биелүүлэх, улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж гарсан, зорилгодоо нийцсэн шийдвэр болжээ гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Монгол Улсын дээд шүүхээс М ТББ-ын Тэргүүлэгчээс бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй гэж дүгнэсэн, заавал Тэргүүлэгчдийн олонхи байна гэж дүгнээгүй, өмнө ажилласан байсан тэргүүлэгчид гэдэгт тэргүүлэгчдийн дарга болон 15 дугаарт багийн эздийн төлөөлөл гээд нэр заагаагүй тул холбоог 13 тэргүүлэгчтэй гэж үзэх ба бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрт 7 хүн зурсан нь олонхи болно” хэмээн тайлбарлан маргаж байх боловч төрийн бус байгууллагын тэргүүлэгчдээс гаргасан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр хуульд нийцсэн эсэх нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул дүгнэлт хийх шаардлагагүй юм. 

Гэвч төрийн бус байгууллагын Тэргүүлэгчид гэдэг нь хамтын удирдлагатай байгууллага тул шийдвэрийг олонхийн саналаар гаргах шаардлагатай тухайд болон улсын бүртгэлд бүртгэгдсэн “М” ТББ-ын үүсгэн байгуулах баримт бичигт “Тэргүүлэгчид есөөс доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэх”-ээр “Тэргүүлэгчдийн дарга нь холбооны ерөнхийлөгч байх ба санал хураалгах эрхтэй байх”-аар тогтоосон, тус төрийн бус байгууллагын бүх гишүүдийн хурлын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг дарга, 14 гишүүдийн бүрэлдэхүүнтэй байх”-аар заасан зэргээс үзвэл тэргүүлэгчдээс 7 гишүүн гарын үсэг зурсан нь олонхи болж чадахааргүй байгааг дурьдах нь зүйтэй.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий акт нь улсын байцаагчийн хууль бус дүгнэлтэд үндэслэн гарсан” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт  нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу хяналтын байцаагчид хууль, тогтоомжоор тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд үйлдэгдсэн бие даасан захиргааны акт байх бөгөөд энэхүү дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул 88 тоот дүгнэлтийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М” ТББ нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан, гуравдагч этгээдээс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан хэмээн тайлбарлан маргаж тус бүрдээ хуралд оролцсон гишүүдийн нэрсийн жагсаалт гаргаж өгсөн боловч дээрх ээлжит бус хурлуудыг дүрмээ зөрчиж явагдсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, дээрх хурлуудаас батлагдсан тус холбооны дүрмүүд хүчин төгөлдөр эсэх нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

Гуравдагч этгээдээс ““М” ТББ-ын 2013 оны бүх гишүүдийн хурлаар би ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон, дүрмийг шинэчлэн баталсан” хэмээн тайлбарлаж байх боловч үүсгэн байгуулах баримт бичигт орсон энэхүү өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, үүнтэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг татан оролцуулаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэн Б.О ын хүсэлтийн дагуу гаргасан” хэмээн маргаж байх боловч улсын бүртгэгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд улсын бүртгэгчээс тайлбар авах бөгөөд Ц.Ц татан оролцуулах эрх зүйн үндэслэл байхгүй, мөн гомдол гаргасан иргэн Б.О ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардахгүй тул дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгч “М” ТББ-ын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” Төрийн бус байгууллагын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ