Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1723

 

 

 

 

 

 

 

 

 

"ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00334 дүгээр шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

1 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  ХХХХХ

Хариуцагч:                                                          ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:       Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХХХХ нь тус компанийн оруулан ирж борлуулдаг Е Vapor 3000i төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 5 500 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 1 000 000 төгрөг төлж үүнээс хойш cap бүр 300 000 төгрөгөөр тооцоо хийж 15 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг cap бүр 300 000 төгрөгөөр тооцоо хийж бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа 1 000 000 болон cap тутмын төлөлтөөр 900 000 төгрөг, нийт 1 900 000 төгрөг төлсөн. 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд худалдан авсан бүтээгдэхүүнээ буцаах хүсэлтэй гэдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үлдсэн төлбөр болох 3 600 000 төгрөг гаргуулан авахыг шаардаж байна. Иймээс гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үүргийг биелүүлж үндсэн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХХХХ миний бие 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр "ХХХХ" ХХК-ийн ажилтан санал тавьсны дагуу Е Vapor 3000i төхөөрөмжийг худалдан авахаар гэрээ хийсэн болно. Урьдчилгаа 1 000 000 төгрөг төлж, сард 300 000 төгрөгөөр төлж нийт 1 900 000 төгрөгийг төлсөн байна. Удалгүй бараагаа буцааж ав гэж удаа дараа утсаар хэлсэн боловч хариу өгөлгүй таг чиг болсон. Энэ бараатай адил төстэй барааны үнэ зах зээлд буурч 700 000 төгрөгөөр зарах реклам явж байна. Энэ төхөөрөмжийг яаж хэрэглэх талаар 2 удаа зааварчилгаа өгсөн. Тэр хэвээрээ хайрцагтайгаа шинээр байгаа болно. Одоо барааг нь буцааж өгч төлсөн 1 900 000 төгрөгөө буцааж авмаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

"Нэхэмжлэгч ХХХХ "ХХХХ" ХХК-аас Е Vapor 3000i уураар цэвэрлэх төхөөрөмжийг 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр худалдан худалдан авах гэрээ байгуулан авсан боловч харамсалтай нь уг нь төхөөрөмж нь 2 удаагийн хэрэглээгээр худалдагч талын хэлсэн шиг үр өгөөж, бүтээмж өндөртэй биш байв. Худалдан авагч би уг төхөөрөмжийн худалдан худалдан авах гэрээний 7.5 дахь заалтыг сайтар ойлгосон ба худалдагч тал мөн сэтгэл ханамжийн баталгаа болгож 3 хоногийн дотор буцаах эрхтэй болохыг дурьдаж тайлбарласан болно. Ингээд төхөөрөмжөө дээр дурдсан 3 хоногийн хугацаанд буцааж өгөхөөр олон удаа хэлсэн боловч хариуд нь уг төхөөрөмжийн үнэ хямдруулан өгөх санал надад тавьсан. "ХХХХ" ХХК нь намайг ноцтой төөрөгдүүлж зүгээр нэг уураар үлээгч аппаратыг ингэж өндөр үнэ бүхий гэрээ байгуулан надад өгчихөөд гэрээнд заасны дагуу буцааж өгөх гэтэл өөрснөө аваагүй байж одоо их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байх тул дурьдсан гэрээний 7.5-д заасны дагуу өөрийн төлсөн 1 900 000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна." гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 "ХХХХ" ХХК нь ХХХХ-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХХХ нь анх төхөөрөмж худалдан аваад 3 хоногийн дотор буцаах хүсэлт гаргаагүй. 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж бүтээгдэхүүн худалдан авснаасаа хойш 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төлөлт хийхдээ буцаах талаар огт яриагүй. 2014 оны 11 дүгээр сараас огт төлөлт хийхээ больсон тул компанийн зүгээс төлбөрөө төлөхийг шаардахад санхүүгийн боломжгүй байгаа тул дараа бөөнд нь төлнө гэсэн тайлбар хэлж байсан. Гэтэл сүүлдээ шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, худал тайлбар хэлж байгааг "ХХХХ" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХХХХаас 3 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож, "ХХХХ" ХХК-аас 1 900 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 46 000 төгрөгийн 45 350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-аас 72 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 650 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчийн төлөөлөгч ХХХХд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч ХХХХ би 2016-07-08 өдрийн № 00334 тоот Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. ХХХХ би 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Е Vapor 3000i уураар цэвэрлэх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талын танилцуулсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан төхөөрөмжийг хүлээн авсан болно. Нэхэмжлэгч талаас бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш сэтгэл ханамжийн баталгаа болгож 3-хоногийн дотор буцааж болно гэж надад сайтар ойлгуулсан ба миний бие тухайн үед үнэхээр таалагдахгүй, санаанд хүрэхгүй бол дурдсан төхөөрөмжийг буцааж урьдчилгаа өгсөн нэг сая төгрөгөө буцаан авна гэж бодоод уг гэрээнд гарын үсэг зуран төхөөрөмжийг хүлээн авсан болно. Харамсалтай нь уг төхөөрөмж нь хэрэглэхэд болхи, хүнд жинтэй, нэхэмжлэгч талын хэлсэн шиг үр дүн хүчин чадалтай биш байсан төдийгүй энэ төрлийн хөнгөн авсаархан чадал өндөр бүтээгдэхүүн зах зээл дээр 10-12 дахин хямд болохыг би болон манай гэр бүлийн хүн мэдээд нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний 7.5-д заасан хугацаа буюу 1 /нэг/ хоногийн дотор удаа дараа мэдэгдсэн боловч гүйцэтгэгч талаас үнээ бууруулж 3 сарын хугацаанд нэг сарын 300 000 төгрөг буюу нийт 900 000 төгрөгийн төлөлт хийгээд уг гэрээний тооцоог нэг мөр дуусгах буюу төхөөрөмжийг нийт 1 900 000 төгрөг болтол нь буулгах санал тавьсан. Гүйцэтгэгч талын энэ саналыг би гэр бүлийн гишүүний хамт бодож үзээд нөгөө талаар гүйцэтгэгч талыг харж үзээд зөвшөөрөн нийт 1 900 000 төгрөгийн төлөлтийг бүрэн хийсэн болно. Гэвч гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал тохирсноо зөрчиж нэмж 3 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Нэхэмжлэгч тал 2014 оны 8 дугаар сарын 4 ний өдрөөс хойш ямар нэгэн шаардлага тавиагүй байж байгаад 2016 онд гэнэт шүүхэд хандсан байдаг. Хэрвээ хариуцагч тал үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй түүний улмаас эрх ашиг нь зөрчигдөж байна гэж нэхэмжлэгч тал үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба хэрвээ үнэхээр эрх ашиг нь зөрчигдөж байгаа бол гэрээнд заасны дагуу анз яагаад шаардаагүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Анхан шатны шүүх хуралдаан эхэлхээс өмнө хариуцагч талаас нэхэмжлэгч байгууллага болох "ХХХХ" ХХК нь Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, татан буугдсан эсэх, хууль тогтоомжийн дагуу албан татвараа төлж байгаа эсэх, нэхэмжлэгчийн тогтоосон үнэ зах зээлийн ханшаас яагаад ийнхүү хэт өндөр байгааг тогтоох зорилгоор нэхэмжлэгч байгууллага бүтээгдэхүүнээ гадаадаас оруулж ирэхдээ бүрдүүлсэн гаалийн мэдүүлгийн лавлагаа, улсын бүртгэлийн лавлагаа, татварын албаны лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч харамсалтай нь шүүх уг хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөл бүрдсэн болно. Дээрх лавлагаа нь нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа эсэхийг тогтоох ач холбогдолтой байв. Хэрэв "ХХХХ" ХХК нь татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага эрх залгамжлагчид шилжсэн эсэх асуудал мөн л эргэлзээтэй. Шүүхийн шийдвэр үндэслэл бодит амьдралд нийцэхгүй үндэслэл муутай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5-т анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсхүл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж иргэний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдсэн төлбөр болох 3 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж, хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж төхөөрөмжийг буцаан өгч 1 900 000 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь хариуцагч ХХХХ-тай 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээгээр төхөөрөмжийн үнэ болох 5 500 000 төгрөгөөс урьдчилгаанд 1 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 4 500 000 төгрөгийг 15 сарын хугацаанд сард 300 000 төгрөг төлөхөөр тохиролцож талууд гарын үсэг зурсан байна. /хх 4-7 дугаар тал/

 

            Хариуцагч ХХХХ нь 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн урьдчилгаанд 1 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 300 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 300 000 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй байна. /хх 7/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээний зүйл үнийг харилцан тохиролцсон, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч “ХХХХ" ХХК нь хариуцагч ХХХХаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох худалдаж авсан эд зүйлийн үнийг төлөхийг шаардах эрхтэй.

Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эсзөвшөөрсөн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “төхөөрөмжийг худалдан аваад 2 удаагийн хэрэглээ хийхэд чанарын шаардлага хангаагүй, барааг худалдан авснаас хойш 3 хоногийн дотор буцаах хүсэлт гаргасан” гэж тайлбарласан байна.

 

Гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нөгөө  тал уг гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч ХХХХ нь доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан, уг доголдлын талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байсан гэх тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

 “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХХХ-т холбогдох иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                                                             Ц.ИЧИНХОРЛОО