Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 744

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20-01 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ85040515, Шангас овогт Чулуудайн Содномын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох,

           Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Содном, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал Д.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Ч.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь анх Ахлах 3 дугаар сургуулийн захирлын тушаалаар тус сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн биелүүлж ирсэн бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, шийтгүүлж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал Д.Батбилэг нь Б/21 тоот тушаал гарган намайг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ингэж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэсэн байна. Миний бие уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн шүүхэд хандаж байна. Иймд ахлах сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох тус сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.

         Хариуцагч Д.Батбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Содномыг сонгон шалгаруулалтаар монгол хэл, уран зохиолын багшийн ажилд шалгаруулж авсан. Ч.Содномыг Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд авахдаа талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн энэ хичээлийн жилд ажиллах хугацаатайгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн авсан болно. Хөдөлмөрийн гэрээг мэргэжлийн багш нарын олимпиадад эхний 15-д орохгүй бол цуцлахаар амлалт авч тохиролцож байгуулсан. Ч.Содном нь Монгол бичгийн олимпиадад 86 багш оролцсоноос 1.9 оноо авч 70 дугаар байр, Монгол хэлний олимпиадад 92 багш оролцсоноос 14.2 оноо авч 77 дугаар байр тус тус эзэлж амлалтаа биелүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах боломжгүй болж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон. Бага дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 9 дүгээр сарын 01-ний өдөр эхэлнэ” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Содном нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, шийтгүүлж байгаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй“ гэж тодорхойлжээ.

          Хариуцагч “Ч.Содном нь мэргэжлийн багш нарын олимпиадад эхний 15-д орохгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар амлалт өгсөн. Нэхэмжлэгч нь амлалтаа биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

              Нэхэмжлэгч Ч.Содномыг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай“ тушаалаар монгол хэл, уран зохиолын багшийн ажлаас чөлөөлжээ.

             Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасныг үндэслэн гаргажээ.

                 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” , мөн зүйлийн 23.2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор зохицуулсан байна.

              Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд тодорхой үндэслэл, шалтгаан, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байх ёстой атал талууд энэ талаар гэрээндээ тусгаагүй бөгөөд амлалт өгсөн гэх талаархи баримт хэрэгт авагдаж, тогтоогдоогүй байна.

                  Иймд хариуцагчийн “Ч.Содном нь мэргэжлийн багш нарын олимпиадад эхний 15-д орохгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар амлалт өгсөн боловч амлалтаа биелүүлээгүй тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

           Түүнчлэн  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэдийд байгуулсан нь тодорхой бус хөдөлмөрийн гэрээнд гэрээний эхлэх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, тодорхой хугацаагаар гэсэн боловч яг ямар хугацаагаар байгуулсан нь тодорхой биш байхад гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Ч.Содномыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

             Иймд Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай“ тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Содномыг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод орууллах нь зүйтэй байна.     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Содномыг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.            

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ