Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Б.Энхмэнд,

Шүүгдэгч Д.Ж /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрах овогт Даваасүрэнгийн Жад холбогдох 1929001010108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг нүүрс тээврийн авто замын 27 дахь километрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын урд талын гэрт эхнэр Д.Наранцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Насанд хүрээгүй гэрч Н.Баярбилэгийн: “...Тэгсэн ээжийг Жавхаа барьж аваад үснээс нь зулгааж толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь би хөлнөөс нь зуураад авсан чинь Жавхаа ах “яах гээд байгаан пизда минь” гээд миний толгойруу цохиж аваад эргэж хараад манай эгчийг цааш нь түлхэж унагасан. Тэгээд манай эгч эмнэлэг, цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч Н.Атарцэцэгийн: “...Ээжийг газар унагааж байгаад үснээс нь татаж байгад толгой хэсэгт нь цохиж зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуудаст/,

Д.Жын гэрчээр өгсөн: “...Баруун гараараа толгой нүүр хэсэгт, зүүн гараараа бас нүүр хэсэгт нь цохисон, дахиад баруун гараараа нүүр хэсэгт нь цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №221 дугаартай “Д.Наранцэцэгийн биед тархины доргилт, хүзүү, цээжинд зулгаралт, толгой хуйх, хоёр нүдний дээд зовхи, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 37-р хуудаст/,

Д.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 64-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 65-68-р хуудаст/,

Д.Жын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 70-73-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Жын 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг нүүрс тээврийн авто замын 27 дахь километрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын урд талын гэрт эхнэр Д.Наранцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Наранцэцэгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Жын хохирогчийн толгой, нүүр хэсэгт баруун гараараа  4-5 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.

Иймд шүүгдэгч Д.Жыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

2.Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Наранцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №221 дугаартай “Д.Наранцэцэгийн биед тархины доргилт, хүзүү, цээжинд зулгаралт, толгой хуйх, хоёр нүдний дээд зовхи, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 37-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн  хохирогч Д.Наранцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бадрах овогт Даваасүрэнгийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жад 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ж нь  шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Жын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Наранцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Жад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН