Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 746

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамжны 75б тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар УУ65032809, Гэлэн овогт Бямбажавын Цэрмаагийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэндэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Б.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэндэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд аав ээжийн хамтаар бог мал маллаж байсан. Тухайн үеийн баримт болох хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Иймд архивын баримтыг үндэслэн тэр үед Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байсан 6 жил 9 сарыг сэргээн тогтоож өгнө үү. Тэр үед надтай хамт ажиллаж байсан Ш.Орлом, Т.Буянтогтох нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Цэрмаа нь 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бямбажавын Цэрмаагийн 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Түүнчлэн нэхэмжлэгч нь бог малын дэргэд гэр бүлийнхээ хамт авахуулсан гэрэл зургийг нотлох баримтаар ирүүлжээ.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Буянтогтох, Ш.Орлом нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Буянтогтохын “Миний бие нь 1981 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Цэрмаа бид хоёр нэг нутаг усанд айл саахалт амьдарч байсан бөгөөд бид хоёр 1981 оноос эхлэн Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Б.Цэрмаа нь бага наснаасаа эхлэн нэгдэлд аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн даргаар Самдан, Норов, Шархүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ш.Орломын “Миний бие нь 1975 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Б.Цэрмаа нь 1981 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1987 оныг дуустал ажилласан. Б.Цэрмаа нь голдуу бог мал малладаг байсан. Бид нар айл хошой байж нэгдэлд хамт мал маллаж байсан учраас Б.Цэрмаагийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 137 дугаар шийдвэр,  Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

            Нэхэмжлэгч нь бог малын дэргэд гэр бүлийнхээ хамт авахуулсан гэрэл зургийг хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус, Завхан сумын Сандалай нэгдэлд ажиллаж байхдаа авахуулсан болох нь тогтоогдохгүй байх тул уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

              Харин нэхэмжлэгч Б.Цэрмаа нь 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Буянтогтох, Ш.Орлом нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Б.Цэрмаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар 6 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Гэлэн овогт Бямбажавын Цэрмаагийн 1981 оны 4 дүгээр сараас 1987 оныг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил 9 /ес/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Цэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ