| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0117/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч Б.Энхмэнд,
Шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэг овогт Долгорын Дт холбогдох 1929000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р баг, Шардовын 9-926 тоотод оршин суух Г.Буянтогтохын гэрт хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 20.00 цагийн үед Оюун-Эрдэнэ, Сүхээ гэх хоёр залуутай чатаар уулзахаар болж тэр 2 манай гэрийн гадаа ирсэн. Бид гурав Ханбогд дэлгүүрээс ганц хоёр пиво аваад Ханбогд дэлгүүрийн баруун талд далан дээр очиж уусан. Нэг ширхэг 2 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан. Архи уусан учир яаваа гэртэй аваачиж тавиад алхаад явсан. Талбайн зүүн хойно шинээр нээгдсэн дэлгүүрээс нэг том Ерөөл нэртэй архи, 2 литрийн колатай аваад Ахмадын өргөөний зүүн талд уусан. Тэр архийг уугаад согтсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Би архи ууж чаддаггүй учир тэр архийг хэдий хэмжээтэй уусан болон талбайгаас хаашаа явснаа санахгүй байна. Тэр айлд орсноо санахгүй байсан. Айлд ороод унтсан байсан. Цагдаа дээр ирээд архи гараад юу хийсэн талаараа мэдсэн.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11-р хуудаст/,
Хохирогч Г.Буянтогтохын мэдүүлэг /хх-н 16-р хуудаст/,
Гэрч Б.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /хх-н 21-р хуудаст/,
Д.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 37-р хуудаст/,
Д.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44-р хуудаст/
Шүүгдэгч Д.Дын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 45-47-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р баг, Шардовын 9-926 тоотод оршин суух Г.Буянтогтохын гэрт бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор хууль бусаар нэвтэрсэн болох нь
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11-р хуудаст/,
- Хохирогч Г.Буянтогтохын: “...2019 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн үед Ханбогд сумын 1 дүгээр баг, Шар довын 9-926 тоотод байдаг гэртээ нөхөр 3 хүүхдийн хамт амарч байх үед манай гэрт нэг хүн явах чимээ гарсан. Тэгээд би юмыг яаж мэдэх вэ гээд хөөш гэсэн чинь чимээгүй болсон. Тэгээд би хэсэг чимээ чагнаж байгаад унтсан. Манай нөхөр өглөө эрт “Оюу толгой” ХХК-д ажилтай болохоор 03 цаг 30 минут гээд сэрүүлгээр сэрээд гэрлээ асаасан чинь манай хөргөгч гал тогооны тавилгын засварт нэг танихгүй хүн унтаж байсан. Тэгэхээр нь сэрээгээд “чи энд юу хийж байгаа юм, ямар зорилгоор орж ирсэн юм” гэж асуухад тэр хүн “би мөнгө хайж орж ирсэн юм” гээд өөр юм хэлэхгүй байсан. Тэгээд манай нөхөр цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 16-р хуудаст/,
- Гэрч Б.Мөнхдэлгэрийн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө би эхнэр 3 хүүхдийн хамт Ханбогд сумын 1 дүгээр баг, Шар довын 9-926 тоотод байдаг гэртээ амарч байсан. Манай эхнэр гэнэт “хөөш” гэхээр нь би сэрээд эхнэрээсээ яасан талаар асуутал гэрт хүний хөлийн чимээ сонсогдлоо гэхээр нь хэсэг чимээ чагнасан чинь юм сонсогдохгүй болохоор нь би тэгсгээд унтсан. Би өглөө эрт ажилтай болохоор 03 цаг 30 минутад сэрүүлгэндээ сэрээд гэлээ асаатал манай гал тогооны өрөөнд хөргөгчний хажууд нэг залуу унтаж байсан. Тэгэхээр нь би тэр залууг сэрээгээд “яах гэж манай гэрт орж ирсэн юм чи” гэсэн чинь тэр залуу “би мөнгө хайж орж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хүүхдээ айлгахгүй гээд тэр залууг авч гараад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-н 21-р хуудаст/ зэрэг баримт болон шүүхийн хжлжлцүүлэгт шүүгдэгчийн өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн боловч түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас /согтуурлын зэрэг өндөр/ гэмт хэргийг төгсгөж чадаагүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд шүүгдэгч Д.Дыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан бөгөөд Д.Дт холбогдох эрүүгийн хэрэгт хохирол, хор уршиг тогтоогдоогүй, хохирогч нь нэхэмжлэл гаргаагүй болно.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Д.Д нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 19 нас 9 сартай байсан болох нь түүний хувийн байдлыг тогтоосон баримтаар /хх-н 45-47-р хуудаст/ нотлогдож байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Дт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хянаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Д.Дт тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэлэг овогт Долгорын Дыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 /хоёр/ жилийн хугацаанд Д.Дт тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 4, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлөх хуулийн заалттай болохыг тайлбарласугай.
7. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Дын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Буянтогтох нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Дт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН