Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 747

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг, 10-21 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА66082300, Шарилж овогт Божоогийн Гэрэлцэцэгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1983 оны 6 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуулийг төгсөөд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Улмаар нөхөр Б.Энхтүвшинтэй гэр бүл болж сумын төвд орж ирэн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажилласан. Дараа нь Баруунтуруун сум руу шилжиж Баруунтурууны Сангийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар буцаад Өндөрхангай сумандаа ирж Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт болон ажилд орсон, гарсан тушаалууд нь дутуу тул шүүхэд хандаж байна. Мөн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байхад хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй ба нэгдэлд ажиллаж байсныг нотлох дурсгалын гэрчилгээ байгаа. Иймд миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үйлчлэгчээр,  Баруунтурууны Сангийн аж ахуйд 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид 1989 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл анги болон Баруунтурууны Сангийн аж ахуйд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

             Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Божоогийн Гэрэлцэцэгийн 1985 оноос 1986 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

             Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангийн захиргаанаас Б.Гэрэлцэцэгт 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон 107122 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид цэвэрлэгчээр авч ажиллуулав, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангийн цэвэрлэгчийн ажлаас чөлөөлөв, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжин ирсэн тул Цагаан уул бригадад үйлчлэгчээр авч ажиллуулав, 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гачигдлаар Өндөрхангай суманд шилжих болсон тул үйлчлэгчээс чөлөөлөв, 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгчээр түр ажиллуулав” гэжээ.

              Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 159 дүгээр “Ажилд авах ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цагаан уул бригадад үйлчлэгчээр Гэрэлцэцэгийг 4 дүгээр сарын 25-наас эхлэн ажиллуулсугай...” гэжээ.

              Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 112 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цагаан уул бригадын үйлчлэгч Гэрэлцэцэг ар гэрийн гачигдлын учир шилжих болсон тул 4 дүгээр сарын 25-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлж Өндөрхангай суманд шилжүүлсүгэй” гэжээ.

              Түүнчлэн Б.Гэрэлцэцэгийн мэргэшлийн зэргийн 215 дугаартай үнэмлэхийн хуулбар, дурсгалын гэрчилгээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл анги болон Баруунтурууны Сангийн аж ахуйд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангийн захиргаанаас түүнд 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон 107122 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 159 дүгээр “Ажилд авах ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 112 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мэргэшлийн зэргийн 215 дугаартай үнэмлэхийн хуулбар, дурсгалын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 7 дугаар сараас 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1 жил 2 сар 14 хоног, 1984 оны 9 дүгээр сарын 14-нөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгчээр 3 жил 7 сар 1 хоног, 1988 оны 4 дүгээр сарын 25-наас 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баруунтурууны Сангийн аж ахуйд үйлчлэгчээр 11 сар 29 хоног, 1989 оны 5 дугаар сарын 05-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгчээр 7 сар 25 хоног, нийт 6 жил 5 сар 9 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь тус шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2288 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шарилж овогт Божоогийн Гэрэлцэцэгийн 1983 оны 7 дугаар сараас 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 14 /арван дөрөв/ хоног, 1984 оны 9 дүгээр сарын 14-нөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгчээр 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 1 /нэг/ хоног, 1988 оны 4 дүгээр сарын 25-наас 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Баруунтурууны Сангийн аж ахуйд үйлчлэгчээр 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоног, 1989 оны 5 дугаар сарын 05-наас 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Худалдаа бэлтгэл ангид үйлчлэгчээр 7 /долоо/ сар 25 /хорин тав/ хоног, нийт 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 9 /ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ