| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00668/И |
| Дугаар | 748 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 748
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА66011301, Боржгин овогт Саньтхүүгийн Сайнжаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяртай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 16 настайгаасаа буюу 1982 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 он хүртэл мал маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учир Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Т.Цэрэндондов, Д.Цэрэндолгор нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Сайнжаргал нь 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Саньтхүүгийн Сайнжаргалын 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Цэрэндондов, Д.Цэрэндолгор нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Цэрэндондовын “Миний бие нь 1982 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчин, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан. С.Сайнжаргал бид хоёр нэг ангид сурдаг байсан бөгөөд бид хоёр 8 дугаар ангиа төгсөөд буюу 1982 оноос эхлэн илгээлтээр Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие 1988 оноос тус нэгдлийн жолоочоор ажиллах болсон ба С.Сайнжаргал нь үргэлжлүүлэн малчнаар ажилласан бөгөөд 1989 оныг дуустал тус нэгдэлд ажиллаж байгаад Зүүнхангай сумын хүнтэй гэрлээд Зүүнхангай сум руу явсан. Тухайн үед тус нэгдлийн даргаар Памаж, Цэрэннадмид, Баянбилэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Цэрэндолгор “Миний бие нь 1985 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн гуанзанд тогоочоор ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд тогоочоор ажиллаж эхлэхэд С.Сайнжаргал нь нэгдлийн мал малладаг байсан. С.Сайнжаргал нь Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажилласан. Тухайн үед тус нэгдлийн даргаар Цэрэннадмид, Сүхбаатар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Сайнжаргал нь 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Цэрэндондов, Д.Цэрэндолгор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Сайнжаргалын хүсэлтийг хангаж, түүний 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 8 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Боржгин овогт Саньтхүүгийн Сайнжаргалын 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар 8 /найм/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Сайнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ