Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 749

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 хэсэг гудамжны 18-975 тоотод оршин суух, 1955 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ55082117, Зурхайч овогт Гүнсэнжавын Батаагийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Г.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1955 онд төрсөн, 61 настай. Би 1966 оноос 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаангом сумын Хөгжимт драмын театрт ажилтнаар 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1974 оны 6 дугаар сараас 1977 оны хооронд цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс Хөгжимт драмын театрт тайзны машинистаар ажиллаж байгаад 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу жолооны курст явах болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Жолооны курсээ төгсөөд 1979 оноос 1985 оны хооронд Тээврийн удирдах газарт жолоочоор, 1986 оноос 1987 оныг дуустал Зам барилга ашиглалтын трестэд мужаанаар ажиллаж байгаад 1987 оноос жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт орох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дутуу бичилттэй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхэд хандаж тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний 1966 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Улаангом сумын Хөгжимт драмын театрт ажилтнаар, 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хөгжимт драмын театрт тайзны машинистаар, 1979 оноос 1985 оны хооронд Тээврийн удирдах газарт жолоочоор, 1986 оноос 1994 оны 12 дугаар сарыг дуустал Зам барилга ашиглалтын трестэд мужаан, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Батаа нь 1966 оны 9 дүгээр сарын 01-нээс 1994 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд барилгачин, Хөгжимт драмын театрт ажилтан, тайзны машинист, Тээврийг удирдах газар болон Зам барилга ашиглалтын трестэд мужаан, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Гүнсэнжавын Батаагийн 1967 оноос 1974 оны 6 дугаар сарыг дуустал, 1977 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэл, Хөгжимт драмын театр, Тээврийн удирдах газар, Зам барилга ашиглалтын трестэд тус тус ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаанаас Г.Батаад 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1966 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар авч ажиллуулав, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр барилгын ажлаас чөлөөлж, Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллуулав, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөгжимт драмын театрт ажилтнаар авч ажиллуулав, 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанд явах болсон учир ажлаас чөлөөлөв, 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Хөгжимт драмын театрт тайзны машинистаар авч ажиллуулав, 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод автын курст явах болсон тул ажлаас чөлөөлөв” гэжээ.

            Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1967 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар “Барилгын ажилд томилох тухай” тушаалд: “Гүнсэнжав овогтой Батааг 1967 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн туслах үйлдвэрт мужаанаар авч ажиллуулсугай” гэжээ.

          Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар “Ажилчин шилжүүлэх тухай” тушаалд: “Гүнсэнжав овогтой Батааг 1972 оны 8 дугаар сарын 01-нээр тасалбар болгож, аймгийн төвд шилжүүлсүгэй” гэжээ.

          Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаар “Ажилчин шилжүүлэх тухай” тушаалд: “Тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд мужаанаар ажиллаж байсан Гүнсэнжав овогтой Батааг Улаангомд түр хугацаагаар шилжиж ажиллахыг зөвшөөрөв” гэжээ.

          Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цэргийн алба хаахаар явж байгаа тайзны ажилчин Г.Батааг 6 дугаар сарын 01-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

           Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр “Тайзны машинист ажиллуулах тухай” тушаалд: “Хөгжимт драмын тайзны машинистаар ардын цэргийн албанд явж ирсэн Гүнсэнжав овогтой Батааг 1977 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн ажиллуулсугай” гэжээ.

            Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар “Машин эзэмшүүлэх тухай” тушаалд: “Жолоочийн курс төгсөж ирсэн Батаад 6461 номерийн ГАЗ-69-ийг 1979 оны 4 дүгээр сарын 12-ноос эхлэн эзэмшүүлсүгэй” гэжээ.

            Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 199 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Жолооч Г.Батааг 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж ХНХ-ийн мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.

            Авто замын ерөнхий газрын харьяа Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дүгээр “Ажилд авах тухай” тушаалд: “Гүнсэнжав овогтой Батааг мужаанаар 1985 оны 11 дүгээр сарын 11-нээс авч ажиллуулсугай” гэжээ.

            Нэхэмжлэгч нь 1966 оноос 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл  Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар тасралтгүй ажиллаж байсан хэмээн тайлбарлаж байгаа боловч Г.Батаа нь тус нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад 1967 оны 1 дүгээр сарын 01-нээс тус нэгдэлд мужаанаар ажиллаж байсан болох нь Сүхбаатарын зам нэгдлийн даргын 68 дугаар тушаалаар нотлогдож байна.

           Мөн Г.Батаа нь 1991 оноос 1994 онуудад Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд жолоочоор ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь дээрх онуудад ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

         Харин нэхэмжлэгч Г.Батаа нь 1966 оны 9 дүгээр сарын 01-нээс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 5 дугаар сарын 20-ноос 1990 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд барилгачин, мужаан, Хөгжимт драмын театрт ажилтан, тайзны машинист, Тээврийг удирдах газар болон Зам барилга ашиглалтын трестэд мужаан, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн захиргаанаас түүнд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1967 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 68 дугаар “Барилгын ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар “Ажилчин шилжүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 172 дугаар “Ажилчин шилжүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хөгжимт драмын театрын даргын 1977 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр “Тайзны машинист ажиллуулах тухай” тушаал, Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1979 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар “Машин эзэмшүүлэх тухай” тушаал, Тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 199 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Авто замын ерөнхий газрын харьяа Увс аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дүгээр “Ажилд авах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Г.Батаагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1966 оны 9 дүгээр сарын 01-нээс 1967 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар 4 сар, 1967 оны 1 дүгээр сарын 01-нээс 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл мужаанаар 5 жил 10 сар 19 хоног, Хөгжимт драмын театрт 1972 оны 11 дүгээр сарын 01-нээс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилтнаар 1 жил 7 сар, 1977 оны 5 дугаар сарын 20-ноос 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тайзны машинистаар 1 жил 3 сар 25 хоног, 1979 оны 4 дүгээр сарын 12-ноос 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Тээврийг удирдах газарт жолоочоор 6 жил 6 сар 29 хоног, Зам барилга ашиглалтын трестэд 1985 оны 11 дүгээр сарын 11-нээс 1986 оныг дуустал мужаанаар 1 жил 1 сар 19 хоног, 1987 оноос 1990 оныг дуустал жолоочоор 4 жил, нийт 20 жил 10 сар 2 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зурхайч овогт Гүнсэнжавын Батаагийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1966 оны 9 дүгээр сарын 01-нээс 1967 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар 4 /дөрөв/ сар, 1967 оны 1 дүгээр сарын 01-нээс 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл мужаанаар 5 /тав/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоног, Хөгжимт драмын театрт 1972 оны 11 дүгээр сарын 01-нээс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилтнаар 1 /нэг/ жил 7 /долоо/ сар, 1977 оны 5 дугаар сарын 20-ноос 1978 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тайзны машинистаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 25 /хорин тав/ хоног, 1979 оны 4 дүгээр сарын 12-ноос 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Тээврийг удирдах газарт жолоочоор 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 29 /хорин ес/ хоног, Зам барилга ашиглалтын трестэд 1985 оны 11 дүгээр сарын 11-нээс 1986 оныг дуустал мужаанаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоног, 1987 оноос 1990 оныг дуустал жолоочоор 4 /дөрөв/ жил, нийт 20 /хорь/ жил 10 /арав/ сар 2 /хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Г.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ