| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0124/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: А.Зоригт /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамц овогт Александрын Зоригтод холбогдох эрүүгийн 1929000000140 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Зоригт нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Ганчулууныг бусадтай хардаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Зоригт хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Ганчулууны мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч Ц.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,
Яллагдагч А.Зоригтын өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүгдэгч А.Зоригтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 42-45-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А.Зоригтод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч А.Зоригт нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Ганчулууныг бусадтай хардаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Ганчулууны өгсөн: ”...Зоригт миний гарлуу гараа зангидаж байгаад цохиод автал манай гэрт унтаж байсан Даваадорж гэдэг ах гэрэл асаагаад босож ирээд А.Зоригтыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
- Гэрч Ц.Даваадоржийн өгсөн: “...орон дотроо А.Зоригт, Б.Ганчулуун хоёр хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаад зодолдоод байх шиг байхаар нь би босож ирээд гэрэл асаагаад А.Зоригтыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 620 дугаартай: “...Б.Ганчулууны биед тархины доргилт, баруун хацрын язарсан шарх, доод уруулын салстын язрал, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, баруун шуу, гуя, зүүн мөр, бугалга, шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”...гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,
- Яллагдагч А.Зоригтын өгсөн: “...эхнэр Ганчулууны гар утсыг аваад шидсэн чинь нүүр хэсэгт нь оноод хацарнаас нь цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Б.Ганчулууны өгсөн: “...Нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй...” гэх хүсэлт /хх-ийн 9-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч А.Зоригт нь хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч А.Зоригтын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Зоригт нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жамц овогт Александрийн Зоригтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зоригтыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Зоригт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Зоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА