| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00687/И |
| Дугаар | 750 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 750
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын байрны 38-1 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ61100413, Чүүгээн овогт Чантуугийн Эрхэмбаярын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Миний бие 1982 онд холбооны техникум төгсөж ирээд Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 65 тоот тушаалаар Увс аймгийн Холбооны газарт АТС-ийн техникчээр ажилд орсон. Тус газраа ажиллаж байгаад 1989 оноос 1993 оны хооронд тус газрын өндөр үелзлийн холбооны текникчээр ажиллаж байгаад эргээд 1994 оноос АТС-ийн техникчээр ажиллаж байгаад 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус газрын даргын 103 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1989 оноос 1993 оны хооронд өндөр үелзлийн холбооны текникчээр шилжин ажилласан бичилт нь хийгдээгүй байна. Түүнчлэн тухайн үед гаргаж байсан Холбооны газрын даргын тушаалууд архиваас олдохгүй байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийхдээ 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд АТС-ийн техникчээр ажиллаж байсан гэсэн бичилт нь хийгдсэн байна. Өндөр үелзлийн холбооны текникчээр ажиллаж байсан нь бичигдээгүй байх тул ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандаж байна. Иймд миний 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оныг хүртэл Увс аймгийн Холбооны газрын АТС-ийн техникчээр, 1989 оноос 1993 оны хооронд өндөр үелзлийн холбооны техникчээр, 1994 оноос 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл АТС-ийн техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Т.Дүгэрсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эрхэмбаяр нь 1988 оны 8 дугаар сарын 01-нээс 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Холбооны газарт АТС-ийн болон өндөр үелзлийн холбооны техникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Чантуугийн Эрхэмбаярын 1988 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал Холбооны газарт өндөр үелзлийн холбооны техникчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Ч.Эрхэмбаярын 296842 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс холбооны газрын АТС-ийн техникчээр авч ажиллуулав, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс холбооны газрын АТС-ийн техникчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Дүгэрсүрэн, Б.Эрдэнэбилэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Дүгэрсүрэнгийн “Миний бие нь 1977 оноос 2007 он хүртэл Увс аймгийн Холбооны газарт аваарын монтёр, радиогийн засварчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ч.Эрхэмбаяр нь 1988 онд Увс аймгийн Холбооны газарт АТС-ийн техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос 1993 оны хооронд тус газарт өндөр үелзлийн техникчээр ажиллах болсон. Ч.Эрхэмбаяр нь 1994 оноос дахин АТС-ийн техникчээр ажилласан бөгөөд 1995 оныг дуустал ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Увс аймгийн Холбооны газар нь дотроо 4 тасагтай байсан бөгөөд Ч.Эрхэмбаяр бид хоёр нэг тасагт хамт ажиллаж байсан учраас би түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тухайн үед Увс аймгийн Холбооны газрын даргаар Лхагвасүрэн, Шаарав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Эрдэнэбилэгийн “Миний бие нь 1989 оноос 2007 он хүртэл Увс аймгийн Холбооны газарт монтёр, АТС-ийн техникч, радио телевиз богино холбооны болон зай тэжээл багийн холбооны техникч зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг тус газарт анх ажилд ороход Ч.Эрхэмбаяр нь АТС-ийн техникчээр ажиллаж байсан бөгөөд 1989 оноос 1993 оны хооронд тус газарт өндөр үелзлийн техникчээр ажиллах болсон. Ч.Эрхэмбаяр нь 1994 оноос дахин АТС-ийн техникчээр ажилласан бөгөөд 1995 оныг дуустал ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Ч.Эрхэмбаярын хөдөлмөрийн дэвтэрт өндөр үелзлийн техникчээр ажиллаж байсан талаарх бичилт хийгдээгүй боловч нэхэмжлэгч нь 1988 оны 8 дугаар сарын 01-нээс 1989 оныг дуустал Увс аймгийн Холбооны газарт АТС-ийн болон өндөр үелзлийн холбооны техникчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт, түүний 296842 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.Дүгэрсүрэн, Б.Эрдэнэбилэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Эрхэмбаярын хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Холбооны газарт 1988 оны 8 дугаар сарын 01-нээс 1989 оныг хүртэл АТС-ийн техникчээр 5 сар, 1989 оноос 1993 оныг дуустал өндөр үелзлийн холбооны техникчээр 5 жил, 1994 оноос 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл АТС-ийн техникчээр 1 жил 11 сар 25 хоног, нийт 7 жил 4 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Чүүгээн овогт Чантуугийн Эрхэмбаярын Увс аймгийн Холбооны газарт 1988 оны 8 дугаар сарын 01-нээс 1989 оныг хүртэл АТС-ийн техникчээр 5 /тав/ сар, 1989 оноос 1993 оныг дуустал өндөр үелзлийн холбооны техникчээр 5 /тав/ жил, 1994 оноос 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл АТС-ийн техникчээр 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 25 /хорин тав/ хоног, нийт 7 /долоо/ жил 4 /дөрөв/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Эрхэмбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ